Хэнтий аймгийн Хил хамгаалалтад туслах хүчний зөвлөл/ХХТХЗ/-ийн хуралдаан болж, зөвлөлийн орлогч дарга, Хилийн 0287 дугаар ангийн захирагч, хурандаа Ж.Жамсрандорж 2015 оны үйл ажиллагаагаа тайлагнаж, “Хил хамгаалалтад туслах хүчний зөвлөлийн 2016 оны үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөө”-г гишүүд хэлэлцэн баталлаа.
Хуралдааны үеэр аймгийн Хил хамгаалалтад туслах хүчний зөвлөлийн дарга, аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатарт Монгол Улсын дархан хилийн халдашгүй байдлыг ханган ажиллахад гаргасан хөдөлмөр зүтгэлийг үнэлж, Хил хамгаалах ерөнхий газрын дээд шагнал “Сүлдэт багана” дурсгалын цом, тэмдгийг гардуулан өглөө.
Мөн хурандаа Ж.Жамсрандоржийг “Хан Хэнтийн алдартан” тэмдгээр шагналаа.
Аймгийн Хил хамгаалалтад туслах хүчний зөвлөл нь 2016 онд удирдлага зохион байгуулалт, хил хамгаалалтад туслах, хилчдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх гэсэн гурван чиглэлээр 30 гаруй төрлийн үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.