m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.05.20 06:40
1151
З.Оюунцэцэг: Даавууны бэлдэц оёдлын хамгийн чухал дамжлага

Баялаг бүтээгч булангийн энэ удаагийн дугаарыг Төв аймгийн Зуунмод хотод нээгдсэн “БОНН” нэртэй даавууны бэлдэцийн үйлдвэрээс хүргэж байна. Даавууны бэлдэцийн үйлдвэр Монголд өмнө нь байгаагүй учраас тус үйлдвэр энэ салбарын анхдагч гэдгээрээ онцлогтой. Түүгээр ч барахгүй  даавууны бэлдэц гэж чухамдаа юу байдгийг ч мэддэггүй хүн олон бий. Тиймээс энэ удаагийн баялаг бүтээгч булангийн зочинтой өрнүүлсэн сонирхолтой ярилцлага уншигч таныг уйдаахгүй гэдэгт итгэлтэй байна.

-Сайн байна уу. Юуны түрүүнд хоёулаа яриагаа даавууны бэлдэц гэж яг юуг хэлдэг тухай яриагаа эхлэх үү?

-Даавууны бэлдэцийн үйлдвэр гэдэг нь оёдлын үйлдвэрийн өмнөх дамжлага гэсэн үг л дээ. Жишээлбэл энэ метрийн даавуу харагдаж байгаа биз. Энэ даавуун дээр бид хээ, хуар тавиад оёдлын үйлдвэрт очиход бэлэн болгож байгаа юм. Монголчуудын хийсэн куртик, хувцас яагаад зарагддаггүй вэ гэхээр Монголд даавууны бэлдэцийн үйлдвэр байхгүй учраас шууд байгаа даавуугаа эсгээд, тэр чигээр нь хувцас хийж байгаатай холбоотой.

Монголчуудын хийсэн куртик, хувцас яагаад зарагддаггүй вэ гэхээр Монголд даавууны бэлдэцийн үйлдвэр байхгүй учраас шууд байгаа даавуугаа эсгээд, тэр чигээр нь хувцас хийж байгаатай холбоотой.

Өөрөөр хэлбэл оёдлын салбарт нэг дамжлага дутуу яваад байна гэсэн үг. Тэгэхээр бэлдэцийн үйлдвэр бол оёдлын үйлдвэрийн өмнөх маш чухал шат юм.

-Тэгэхээр даавууг нэг ёсондоо бүтээгдэхүүн болгоход бэлтгэнэ гэсэн үг үү?

-Тийм ээ. Одоо та нарын үеийнхэн хамгийн их өмсдөг дөрвөлжин хэрээстэй куртикнууд байдаг шүү дээ. Үүнийг бэлдэхийн тулд бид хонины ноосон даавууг зүгээр даавуутай нийлүүлээд куртик хийхэд бэлтгэж байх жишээтэй. Бас энэ тэмээний ноосон даавуу байна. Үүгээр бид өмнө нь майк л хийж өмсдөг байсан. Тэгвэл одоо өөр даавуутай нийлүүлээд хээ тавиад куртикны материал болгож байна. Энэ энгийн цагаан даавуу байна. Дээр нь хээ тавиад хуримын хувцасны бэлдэц болгож  байгаа юм.

-Ийм үйлдвэр Монголд ерөөсөө байдаггүй. Сонин бас их хэрэгтэй ажил юм байна?

-Тийм ээ. Бэлдэцийн хувьд бол манай үйлдвэр анхных нь. Гэхдээ ийм үйлдвэрүүдэд зөвхөн оёх биш хээ тавих, өнгө тодруулах гээд олон дамжлага байх ёстой ч эдийн засгийн хувьд бага зэргийн хүндрэлүүд байна. Гэхдээ бид нар янз бүрийн төслүүдэд материалаа өгчихсөн байгаа ч яг бидэнд хэрэгтэй тоног төхөөрөмжүүдийг оруулж ирэх мөнгө олдохгүй л байна.

-Үйлдвэрээ хотод нээсэн бол үйлчлүүлэгч ихтэй, тэгээд ч зардал арай бага гарах байсан юм биш үү?

-Хамгийн их зардал гардаг зүйл бол түрээс байдаг. Түрээсийн төлбөр төлсөн үед зардал их гардаг. Харин одоо бол бид нар өөрсдийн байранд байдаг. Тэгээд ч энэ машин угсраатай орж ирдэг болохоор хотын байшин дотор ороод дээшээ, доошоо гарах ямар ч боломж байхгүй.

Хоёрдугаарт  Төв аймагт “Могол ноос” гээд хонины ноосоор даавуу хийж байгаа үйлдвэр, 100 гаруй хүнтэй оёдлын үйлдвэр байдаг учраас эндээ байрлаж байгаа юм.  

-Цаашид үйлдвэрээ томруулах бодол мэдээж байгаа байх?

- Одоо бид нарын хэрэглэж байгаа энэ машин харахад том харагдаж байгаа ч яг даавууны бэлдэцийн машин дотроо хамгийн жижиг нь. Тийм учраас хамгийн сүүлийн үеийн, олон үйлдэлтэй машин оруулж ирж өргөжүүлэх бодол байгаа. Энэ зундаа багтаж өргөжүүлнэ.

-Таныг БНСУ-д энэ чиглэлээр ажиллаж байгаад эх орондоо энэ технологийг нутагшуулахаар ирсэн гэж сонссон?

-Энэ үйлдвэр, энэ багаараа бид Солонгосын том үйлдвэрийн туслан гүйцэтгэгч хийж байсан. Нэлээд удаан хугацаанд туслан гүйцэтгэгч хийсэн л дээ. Туслан гүйцэтгэгч хийнэ гэдэг нь тэр газрын даавууны бүх технологийг бид нарт зааж өгөөд, тэд нарын ажлыг гүйцэтгэж байна гэсэн.  Тэгээд тэр туршлагаараа л эх орондоо энэ үйлдвэрээ нээсэн. Ер нь бол гадаадад биш монголдоо ажиллах сонирхолтой. Зах зээлийн хуулиа дагавал тэнд байх нь илүү ашигтай ч өрсөлдөөн ихтэй.

Ер нь бол гадаадад биш монголдоо ажиллах сонирхолтой.

-Үйлдвэрийн үндэс сууриа яг хэзээ тавьсан бэ?

-Хаан банкны зээлээр 2009 онд анхныхаа машиныг авч байсан. Эндээс зээлээ авч Солонгост мөнгөө татаж машин аваад тэндээ ажиллаж байсан. 2009 оноос 2013 оны есөн сар хүртэл Хангил гээд том үйлдвэрийн туслан гүйцэтгэгч хийж байхад л үйлдвэрийн суурь тавигдсан гэж үзэж болно л доо. Энэ хугацаанд утасны нөөц, даавууны нөөц, хүмүүсээ ажиллаж сургах, машинаа засах гээд бүх зүйлдээ гаршицгаасан. Тэгээд л багаараа орж ирж ажиллах бүрэн бололцоотой болсон үедээ л эх орондоо эргэж ирсэн дээ.

-Тэгэхээр тэнд ажиллаж байсан бүх хүн, багаараа энд ирсэн гэсэн үг үү?

-Тийм ээ. Жишээлбэл энэ программ дээр ажиллаж байгаа эгч гэхэд тэнд олон жил ажилласан. Манай механик ах 14 жил, даавууны хээ тавьдаг салбарт долоо, найман жил ажилласан нэг хүн байна. Бүгд даавууны салбарт ажиллаж байсан туршлагатай хүмүүс.

-Одоо танай үйлдвэр хичнээн ажилтантай вэ?

-Зургаан ажилтан байна. Яагаад ийм бага хүнтэй байна гэхээр үйлдвэрийн онцлог байна л даа. Энэ машиныг оёдлын машинаар тооцвол 20 ширхэг байгаа. Гэтэл үүнийг нэг л хүн ажиллуулна. Дөчин ширхэг машин байсан ч нэг л хүн ажиллуулна. Тэгэхээр үр өгөөж нь бас ямар байх нь ойлгомжтой.

Монголд 100 хувийн даавуу хийдэггүй. Ноос ноолуур, хонины ноосон даавуу, ямааны ноолууран даавуу, сарлагийн хөөврөөр хийсэн даавуу гээд дандаа нэхмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг онцлогтой. Тэгэхээр эдгээрийг дэлхийн зах зээл дээр гаргахад өртөг шингээх ямар ч боломж байдаггүй. Даавууныхаа нүүр царайг нь өөрчлөхийг өртөг шингээнэ гээд байгаа юм.

-Нээгдээд удаагүй байгаа ч том үйлдвэрүүдээс захиалга аваад нэлээд ачаалалтай ажиллаж байгаа гэсэн?

-Тийм ээ. Ачаалалтай байна. Яагаад гэвэл даавууны бэлдэцийн үйлдвэр асар их хэрэгцээтэй байна өнөөгийн нөхцөлд. Манайд даавуу хийдэг газрууд бол цөөхөн, харин тэр даавуугаар хувцас сүлждэг газрууд бол байгаа. Тэгэхээр үйлдвэрүүд хувцсаа ч, бас даавуугаа ч авчирч өгч байгаа юм. Тэд нар борлуулалтаа нэмэгдүүүлэхийн тулд даавуугаа заавал янзлуулах шаардлагатай байгаа учраас ачаалал маш их байна. Энэ бол зайлшгүй шаардлага.

Миний бодлоор иймэрхүү ховор үйлдвэрүүдийг дэмжиж, хөл дээр нь босгох хэрэгтэй л юм болов уу гэж боддог шүү дээ.

-Саяхан Ерөнхий сайд Н.Алтанхуяг танай үйлдвэртэй танилцсан байсан. Тэгэхдээ цаашид дэмжинэ гэж хэлээгүй юм уу?

-Дэмжинэ гэсэн үг хэлсэн. Үйлдвэрийн хувьд өөрт нь нэлээд таалагдах шиг болсон. Яагаад гэхээр Монголд хийж байгаа ноос ноолууран даавуунуудад өртөг шингээж байгаа зүйл зөвхөн принтерээр хээ тавихаас өөр зүйл байхгүй байгаа юм. Энэ чинь өөрөө их өртөгтэй, үйлдвэрүүд тус тусдаа ийм машин аваад хийх боломж байхгүй болохоор мэргэжлийн түвшинд хийж өгдөг ийм үйлдвэр зайлшгүй шаардлагатай учир тусална аа л гэсэн.

-Ер нь манайд ийм үйлдвэр өмнө нь яагаад байгаагүй юм бол. Манайхан мэддэггүйдээ байхгүй байсан юм уу, эсвэл боломжгүй учраас нээдэггүй байсан юм уу?

-Миний хувьд бодлого тодорхойлдог газрууд жишээ нь яам ч юм уу, ноос ноолуурын холбооныхон энэ даавууг гоё болгохын тулд юу хийх ёстой вэ гэдэг эрэл хайгуулыг арай бага хийсэн юм болов уу гэж бодсон. Зурагтаар харахад л янз бүрийн гоё хувцаснууд гараад байдаг. Ноос ноолууран даавуу байгаад байдаг. Гэтэл Монгол сайн ноос ноолууртай мөртлөө яагаад ийм гоё хувцсыг хийж чадахгүй байна, хийж болохгүй байна. Үүнийг яаж хийх вэ, технологи нь хаана байна, хэн хийж байна, ямар тоног төхөөрөмж ашиглаж байна вэ гэх мэт асуудлуудыг судлах хэрэгтэй.  Бид нар Солонгост ажиллаж байхад ийм машинууд дээр Филиппин , Монгол хоёр орны хүн л ажилладаг. Тэгэхээр тоног төхөөрөмж нь үнэтэй ,нэг машин л гэхэд 200 сая байдаг учраас мэддэг хүмүүс нь оруулж ирэх боломжгүй байсан юм болов уу гэж боддог. Бас энэ чиглэлийн мэргэжилтнүүд мэдрэх хэрэгтэй байсан болов уу. Хэрвээ бид үйлдвэрээ нээгээгүй бол энэ чиглэлээр ямар ч ойлголтгүй хэвээр байх байсан.

Хэрвээ бид үйлдвэрээ нээгээгүй бол энэ чиглэлээр ямар ч ойлголтгүй хэвээр байх байсан.

-Зөвхөн Солонгост төдийгүй өөр олон оронд тань шиг ийм хүмүүс олон байгаа. Салбартаа сайн ажилладаг, шинийг санаачилдаг. Тэдгээр хүмүүсийг буцааж эх оронд нь татахын тулд юу хийх ёстой вэ?

- Солонгост хувийн үйлдвэртэй монгол хүмүүс маш их байдаг. Бүх салбарт үйлдвэр нээгээд, тэндээ ажилладаг. Тэр хүмүүс надтай л адил нутагтаа ажиллах сонирхолтой. Тэгэхээр тэр хүмүүсийг наашаа татахын тулд төсөл хөтөлбөрүүдээ тэндээс нь шууд оруулж ирдэг байх шаардлагатай байна. Миний нэг зорилго байдаг. Төрийн бус байгууллага байгуулаад   түүндээ солонгост ажиллаж байгаа хувийн үйлдвэртэй хүмүүсийг хамруулж энд ирэхээс нь өмнө орчныг нь бэлдэж өгдөг байх. Энд зарлагдсан төсөл хөтөлбөрүүдэд тэр хүмүүсийг хамруулах. Ингэж байж л тэр хүмүүсийг эх орон руугаа татна. Тэгэхгүй тэнд нь бүх юм нь бэлэн, хийх ажил хамтрах хүмүүс нь байхад тэр бүхнээ хаяад наашаа ирнэ гэж байхгүй шүү дээ. Жишээ нь бид нарыг ингээд наашаа ороод ирчихсэн болохоор яг юу болох нь вэ гээд харж байгаа хүн маш олон бий. Тэд нар байнга холбоотой байдаг. Тэгээд энэ бүхнээс юу ойлгосон бэ гэхээр энд ирээд бүгдийг эхнээс нь эхэлж байхаар эхлээд орчноо бэлдээд дараа нь хүмүүсээ татвал хавьгүй илүү юм байна  гэдгийг л ойлгосон.

-Хамгийн их тулгарсан асуудал юу вэ?

-Монголдоо орж ирээд үйлдвэрээ нээх гэж их цаг хугацаа зарцуулсан, бас танигдана гэдэг их хэцүү байсан. Асуудалтай юм бол зөндөө. Хүссэн ажлаа аваад хийнэ гэж байхгүй. Тэгэхээр цаашид орж ирэх хүмүүст мэдээлэл, судалгаа хамгийн их хэрэгтэй юм байна лээ.

-Бэлдэцийн үйлдвэр их байх ёстой юу?

-Тэгэлгүй яахав. Бэлдэцийн үйлдвэр их байх ёстой. Зөвхөн хувцсан дээр гэлтгүй гэр ахуйн бараа, гутал, цүнх гээд бэлдэцийн үйлдвэрээр дамжихгүй салбар гэж байхгүй. Модоор юм хийдэг байсан ч зөөлөн эдлэлийг нь бэлдэцийн үйлдвэр хийх ёстой. Тэгэхээр маш их байх шаардлагатай. Дотроо төрөлжих ёстой. Бид нарын хувьд даавуугаараа дагнаад явах зорилготой.

-Монголчууд сүүлийн үед үндэсний үйлдвэрлэл гэхээсээ илүү гадаадын брэнд их хөөдөг болсон. Энэ асуудал дээр таны байр суурь ямар байдаг вэ?

-Миний хувьд Монгол хүний сэтгэлгээ хурдан хугацаанд өөрчлөгдөөсэй гэж их хүсдэг. Яагаад гэвэл сайн оёдог монгол хүмүүсийн яриагаар бол өөрийнхөө юмыг хийчихээд гадаад шошго хадахгүй бол авдаггүй гэнэ ээ. Яг ижилхэн хоёр бараа нэг нь монгол нөгөөх нь гадаад шошготой байлаа гэхэд гадаад шошготойг нь авдаг. Тийм учраас хүмүүсийн сэтгэлгээнд их асуудал байна л даа.

-Мэдээж ямар нэг бизнес эрхлэхдээ ашиг олох гэж л хийдэг. Та төсөөлж байсан шигээ ашиг олж чадаж байна уу?

-Эхний ээлжинд бол бид нар ашиг олох гэж яваагүй. Өнгөрсөн оны аравдугаар сарын 1-ээс эхлээд дан сурталчилгаа хийсэн. Сайн юмаа үнэгүй их тараасан. Жишээлбэл цэцэрлэгийн нэг ангийн ор, хөнжлийн даавууг өөрсдийн хийсэн даавуугаараа хангасан.

Тэгэхээр одоохондоо ашиг олоогүй л байна. Гэхдээ бидний ажил одоо л эхэлж байна. Үйлдвэрээ сайн мэдүүлье ,юу хийж, юу чаддагаа харуулья гэж бодсон.  

-Тэгэхээр танай үйлдвэрээр дамжуулаад манай томоохон үйлдвэрүүд ч гэсэн дэлхийн зах зээл дээр сайн, загварлаг  хувцас хийж нэр хүндээ өсгөх боломжтой болж байна шүү дээ?

-Тэгэлгүй яахав. Одоохондоо нэг жижигхэн үйлдвэр л юм шиг боловч уг чанартаа хүний сэтгэлийг татах хамгийн гол зүйлүүдийг нь хийдэг. Энэ заавал том байх шаардлагагүй. Хүчин чадалдаа тохирсон, авч байгаа ажлынхаа шаарлдлагыг хангасан байх л ёстой.

Бидний урилгыг хүлээн авч, ярилцсанд баярлалаа. Та бүхний ажилд өндөр амжилт хүсье!