Сэлэнгэ аймгийн Мандал суманд байрлах Гацууртын ордны алтны нөөцийг 75 тонн хэмээн тогтоож Монгол Улсын стратегийн 16 дахь ордоор бүртгэж авсан билээ.
УИХ-ын намрын ээлжит чуулганаар Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг 34 хувь байхаар тогтоосон. Тэгвэл “Ноён уулаа аваръя” хөдөлгөөн “Гал үндэстэн” холбоо болон өмгөөлөгч Г.Батбаяр нарын хүмүүс “Сентерра Гоулд” компанийн Гацууртын ордод эзэмшиж байгаа ашиглалтын хоёр лицензийг хууль бусаар олгогдсон, цуцлах үндэслэлтэй хэмээн Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд хэрэг үүсгээд байна. Ингэснээр “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай” хуулийн 45.1 д зааснаар хуралдаан болох аж. Энэ нь “Сентерра Гоулд” компанийн маргаан бүхий Ашиглалтын тусгай зөвшөөрөл болох А431, А372 тоот лицензийн хэргийг эцэслэн шийдэх хүртэл хугацаанд тус ордыг ашиглах боломжгүй гэсэн үг юм. Энэхүү маргаан шийдэгдтэл нэг жил орчмын хугацаа шаардагдана хэмээн хуульчид хэлж байгаа аж.
Энэ талаар “Ноён уулаа аваръя” хөдөлгөөний тэргүүн О.Цэрэннадмид болон өмгөөлөгч Г.Батбаяр нарын байр суурийг сонслоо.
Г.Батбаяр: “Сентерра Гоулд” компаниас өөр нөхөн сэргээлт хийж ашиглах чадвартай компани Монголд байхгүй хэмээн тайлбарлаж байгаа нь бодит үнэнтэй нийцэхгүй
- “Сентерра Гоулд” компани нь хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй дөрвөн лиценз эзэмшдэг. Одоогоор маргаан бүхий хоёр тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан. Мөн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гаргаж хоёр хайгуулын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулахаар шүүхэд өглөө. Ийн хоёрдугаар сарын сүүлийн өдрүүдэд юм уу гуравдугаар сарын эхээр Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1 –д заасны дагуу хэргийг эцэслэн шийдэгдэх хүртэл хугацаанд маргаан бүхий захиргааны актанд түтгэлзүүлэх тухай хүсэлтийг гаргалаа. Өнөөдрийн байдлаар “Сентерра Гоулд” компани гурав дахь ч этгээдээр татагдаж оролцож байгаа бол Ашигт малтмалын газар хариуцагчаар оролцож байна. Ашигт малтмалын газар нэхэмжлэгчийн шаардлагаа хүлээн авсан болов ч одоогоор хариу тайлбар өгөөгүй. Ингээд “Сентерра Гоулд” компани тайлбараа өгсний дараа хүсэлтийг хэлэлцэх тухай шүүх хурал болно. Үүнд талууд өөрсдийн шалтгаануудаа тайлбарлаж шүүх хуралд оролцоно. Мөн “Сентерра Гоулд” компани тухайн газрыг ашигласнаар Монгол Улсад ямар хэмжээний ашигтай вэ гэдгийг тайлбарлах байх. Дашрамад хэлэхэд энэхүү ордыг “Сентерра Гоулд” компани өөрсдийн хүчээр хайгуул хийж олоогүй. 1910 оноос хойш Монголын хамгийн их алттай газар энд байна гэдгийг судалж мэдсэн байсан. Харин алтыг тодруулах замаар бага хэмжээний зардал гаргаж ухчихаад үүнийг нь өсгөсөн байдлаар олон нийтэд мэдээлж байна. “Сентерра Гоулд” компаниас өөр нөхөн сэргээлт хийж, ашиглах чадвартай компани Монголд байхгүй хэмээн тайлбарлаж байгаа нь бодит үнэнтэй нийцэхгүй.
О.Цэрэннадмид: 36 мянган иргэний өргөдлийн хариуг нэхэж байна
- Ноён уулын тэмцэл дөнгөж эхэлж байна. “Ноён уулаа аваръя” хөдөлгөөнд Монгол Улсын 36 мянган иргэн нэгдэж гарын үсгээ зурсан. Үүнээс зөвхөн Мандал сумын 8700 иргэн өргөдөл болон гарын үсгээ зурсан байдаг. Өнөөдөр Монгол Улс тусгаар тогтносон улс бөгөөд Ази тивдээ ардчиллыг тэргүүлэгч орнуудын нэг юм бол ард түмэн ардчиллын үр шимийг хүртэх ёстой. Тиймээс “Ноён уулаа аваръя” хөдөлгөөнөөс “Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар”-т Канадын “Сентерра Гоулд” компанийг захиргааны хэргийн шүүхэд өгч 36 мянган иргэний өргөдлийн хариуг нэхэж байна. Мөн УИХ-ын дарга З.Энхболдыг шүүхэд өгнө. Учир нь 2015 оны нэгдүгээр сарын 30-ны өдрийн “DЕ FACTO” нэвтрүүлэгт оролцох үеэрээ эх орон газар шорооныхоо төлөө өлсөж байгаа биднийг “булш ухагч мафийн бүлэглэл” буюу нинжа нар болон асар өндөр ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн доромжилсон. Тиймээс албан тушаалдаа дулдуйдаж санаатайгар нэр хүндэд удаа дараа халдаж байгаа З.Энхболд биднээс албан ёсоор уучлал гуйх ёстой.