Сонгинохайрхан дүүрэгт нэг цэцэрлэг, нэг сургууль баригдаж дуусан, ашиглалтад орлоо. Тус дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэр буюу Баянхошуунд таван бүлгийн 120 хүүхдийн хүчин чадалтай 117-р цэцэрлэг улсын төсвийн 1,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдсан бөгөөд 24-р хорооны нутаг дэвсгэр буюу Толгойтын Баруунсалаанд 640 хүүхэд суралцах боломжтой 124-р сургууль баригдаж нээлтээ хийсэн юм.
Баянхошуу, Баруунсалаа орчмын айл өрхүүдийн сургуулийн өмнөх болон сургуулийн насны хүүхдүүд тохилог, цэвэр орчинд сурч, хөгжих боломжтой боллоо
Сонгинохайрхан дүүрэг нь хүн амын нягтаршил ихтэй, орон нутгаас шилжин ирэгсэд тасардаггүй учир сургууль цэцэрлэгийн асуудал хүндрэлтэй байдаг. Ялангуяа сүүлийн жилүүдэд хотын хүн ам өсөж, хаяа тэлснээс тус дүүргийн захын хороодын иргэдэд сургууль цэцэрлэгийн хэрэгцээ шаардлага эрс ихсээд байсан юм. Тэгвэл эдгээр сургууль цэцэрлэг ашиглалтад орсноор Баянхошуу, Баруунсалаа орчмын айл өрхүүдийн сургуулийн өмнөх болон сургуулийн насны хүүхдүүд тохилог, цэвэр орчинд сурч, хөгжих боломжтой болж байна. Тус дүүргээс дүүргийн хэмжээнд сургууль цэцэрлэгийн тоог цаашид нэмэгдүүлэхээр зорин ажиллаж байна.