m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.03.07 01:46
227
Ээж ээ, охиныхоо хүслийг биелүүлээрэй

MASS.MN сайтын хамт олон Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан хайртай ээж нартаа захидал бичиж, цахим хуудсаараа хүргэж байна. MASS.MN сайтын Гүйцэтгэх захирал Х.Оюунсүрэнгийн ээждээ бичсэн захидал.

 

Хэдэн жилийн өмнө ээж таньдаа зориулж сэтгэлийн үгээ  бичиж байжээ. Өнөөдөр уншихад миний бодол, таныгаа хайрлах сэтгэлийн бодрол нэмэгдэж, ухаарсан мэт. Энэ  нь нас нэмсний бас өөрөө гурван хүүхэд төрүүлснийх болов уу.

Би таныгаа ер нь баярлуулсан болов уу, ээж ээ. Та мэдээж наснаас минь илүү их баярлуулсан гэж хэлнэ л дээ. Амьдралын нугачаанд түмэнтээ буруу хийсэн бидний үйлдлийг ээж минь та агуу их хайр, биднийгээ гэх тэнгэрлэг сэтгэлийн хүчээрээ сүлдэг биз.

Арван настайдаа би ээж таныгаа эмчилдэг мундаг хүн болно гэж мөрөөддөг байж билээ. Цаг хугацаа өнгөрч 20 насандаа арай өөрийг тунгааж, авсан цалингаараа ээждээ хүссэн болгоныг нь авч өгөх юм шүү хэмээн тэмүүлэв. Харин 30 насандаа яаж амьдарч буйгаа таньдаа харуулахыг их хичээж, ээж таныгаа баярлуулахсан хэмээх бодол надад төрж билээ. Арван жил ямар хурдан юм бэ ээж ээ. Одоо эргээд бодоход охин нь таныг эмчлэгч эмч болоогүй. Харин өөрийн хүсэж тэмүүлсэн сэтгүүлч хэмээх мэргэжлээ эзэмшсэн. Хорин насандаа бодсон бодлоо лав гүйцээж чадаагүй гэдгээ мэдэж байна. Эд зүйлийн оронд би эмээ гэж дуудах хоёр дахь зээг тань төрүүлсэн. Хөөрхий дээ ээж минь тэр жил 41-хэн настай байж. Эмээ болох нас нь арай л биш шүү дээ. Одоо би 40 настай. Нэг жилийн дараа эмээ болно гэдэг төсөөлөл, бодол надад огт байхгүй л явна. Гэтэл та хүүг минь энгэртээ тэвэрч, элгэндээ нааж, үрийн минь үр хэмээн өхөөрдөн өсгөсөн ачтан.

Үүр шөнийг үл ялган хэдэн ач, зээ нарыгаа гоёхын хүсэлд өөрийгөө умбуулан, үйл мэтгэн, тэнтэр тунтар алхах ач зээ нараа өмссөн байхыг нь нүдэндээ төсөөлөн суугаа ээж та минь ямар агуу сэтгэлтэн юм бэ. Ажил ихтэй үед ээжийгээ залгахад үгийг тань гүйцэт сонсдоггүй гэмийг ээж минь та уучлаарай. Та минь үр хүүхэд биднийхээ дуу хоолойг сонсож, хөөрөлдөн баяралдах ач, зээ нарынхаа инээдийг сонсох гэж л бидэн рүүгээ утас цохидог шүү дээ.

Үр хүүхэд нь сайн сайхан явж буйг харах эх хүний хамгийн дээд жаргал гэдэг юутай үнэн үг вэ. Ажил сайн, амьдрал сайн гэхээр л таны минь дуу хоолой тэс өөр болоод л ирдэг шүү дээ. Амьдралын уртад хүн элдвийг бодож тунгаах юм.

Хүн олон зүйл хүсэх ч ээж ээ охин нь нэг зүйлийг их бодож, бас хүсэх болсон. Би таньтайгаа урт удаан хугацаанд хамт байж, аз жаргалтай амьдралаа хамт өнгөрүүлмээр байна. Би ингэж л зальбирч, цайныхаа дээжийг өргөхдөө ээж, аавыг нь урт наслуулж хайрла хэмээн гуйдаг. Та хоёр минь эрүүл энх байх нь үр хүүхэд ач зээ нарынх нь аз жаргал юм шүү. Хүн хүнээрээ, хайр, халуун дулаан сэтгэлээр л дутдаг шүү дээ. Та хоёр минь урт насалж удаан жаргаарай. Та хоёртойгоо байх хамгийн жаргалтай байдаг шүү. Бурхан минь би  энэ насныхаа жаргалыг ээжтэйгээ  хамт өнгөрүүлэхийг хүснэм. Ээж ээ, би таньдаа ямар бүсгүй, ямар ээж болохоо харуулсан. Харин одоо ямар эмээ болохоо бас харуулмаар байна.

“...Зүүний сүвэгч шиг он жилүүдэд

Зүгээр л дэргэд минь байж хайрла

 Ижий минь та урт наслаарай”.

Таны хайртай охин Х.Оюунсүрэн чинь