Дархан-Уул аймгийн төв Дархан хотын нэгэн өнгө төрх болсон “Миний Монгол цэцэрлэгт хүрээлэн” нь тус хотын иргэдийн амарч зугаалах гол газрын нэг. Тус хүрээлэнгийн бүх байгууламжийн засвар тохижилтын ажлыг аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрынхан өөрийн хүчээр гүйцэтгэж байгаа юм. НААҮГ-ын байцаагч Л.Алтантуяа “Манай байгууллагын нийт ажиллагсад тэр дундаа байцаагч нар маань жил бүр “Миний Монгол цэцэрлэгт хүрээлэн”-гийн тохижилтын ажилд гар бие оролцдог уламжлалтай. Бид эндэхийн засвар тохижилт болон мод, ургамал тарих ажилд тусалж энэ цэцэрлэгт хүрээлэнгээ улам бүр сайхан болгох сэтгэл зүтгэлээр ажиллаж байна. Уг нь энэ цэцэрлэгт хүрээлэнгийн 12 ордыг тус бүр нэг байгууллага өөрсдөө байгуулж бидэнд хүлээлгэж өгсөн. Гэхдээ тэд өөрсдөө байгуулсан ордуудаа хүн хүч гаргаад хийлгэж болдоггүй юм болов уу гэж боддог. Манай байгууллага хийж байгаа ч хүн хүч хүрэлцэхгүй байна, хүүхдийн баяр болох дөхөж байна. Бид зургаан сарын нэгэнд тэмдэглэдэг эх үрсийн баярын өмнө дуусгахаар өдөр бүрийн өглөөний долоон цагаас оройн есөн цаг хүртэл уртасгасан цагаар ажиллаж байна" гэжээ.