Ипотекийн зээлд хамрагдах боломжгүй иргэдийг Түрээсийн орон сууцанд хамруулах шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Төрийн өмчийн түрээсийн орон сууцанд иргэдийг бүртгэх, сонгон шалгаруулах ажлыг Дархан-Уул аймгаас эхлэн хэрэгжүүлэх бөгөөд өнөөдрөөс буюу гуравдугаар сарын 14-18-ны өдрүүдэд Дархан-Уул аймгийн Дархан суманд баригдсан “Найрамдал хороолол”-оос төрийн өмчийн түрээсэнд шилжүүлсэн 83 байранд квотын дагуу иргэдийг бүртгэн сонгон шалгаруулалтыг явуулах юм.
“Найрамдал хороолол”-оос төрийн өмчийн түрээсэнд шилжүүлсэн 83 байранд сонгон шалгаруулалт явагдана
Харин Улаанбаатар хотод “Буянт-Ухаа II хороолол”-ын түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийн материалыг энэ сарын 21-нээс ирэх дөрөвдүгээр сарын 01-ний өдрийг дуустал ТОСК-дээр хүлээн авна. “Буянт-Ухаа II хороолол”-д түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийн эрэлт нь нийлүүлэлтээсээ давж байгаа тул журмын шаардлага хангасан иргэдийн дунд харъяалах ангиллалд дүйцүүлэн сугалаагаар шалгаруулах ажлыг зохион байгуулах аж. “Буянт-Ухаа II” орон сууцны хорооллын 350 байранд түрээсийн орон сууцны бүртгэл явагдана.