m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.03.15 09:52
289
Голомт банк 5 хувийн зээлийн хүсэлтийг хүлээн авч эхэллээ

 

 Орон сууцтай болох хүсэлтэй иргэдэд зээлийн хүү дарамт болох нь бий. Тэгвэл зээлийн хүү болон өндөр хүүтэй зээл авсан иргэдэд таатай боломж олгох ажлыг Засгийн газраас, Монголбанктай хамтран хийж байгаа. Голомт банк  таван хувийн зээлд хамрагдах иргэдийг бүртгэж эхэлсэн бөгөөд ямар журам үйлчилж байгааг албаны эх сурвалжаас тодрууллаа. 

Засгийн газрын энэ сарын 4-ний өдрийн хуралдаанаар “Ипотекийн зээл, санхүүжилтийн ерөнхий журам”-ыг баталсантай холбогдуулан Голомт банк өчигдрөөс эхлэн орон сууцны 5  болон 8 хувийн зээлд шинээр хамрагдах харилцагчдын зээлийн хүсэлтийг хүлээн авч, судалгааг хийж эхэллээ.

Ипотекийн орон сууцны  зээлийг өмнө нь 20 жилээр олгодог байсан бол Засгийн газар болон Монголбанкнаас баталсан шинэ журмын дагуу 360 сар буюу 30 хүртэлх жилээр олгохоор болж хугацааг нь уртасгасан бол урьдчилгаа 30хувийн төлбөр, 80м.кв –ын хязгаарлалтын нөхцөлд өөрчлөлт ороогүй байна.

Таван хувийн зээлд хамрагдахыг хүсэгчдийн хувьд доорх дөрвөн байршил, бүсэд хамаарах орон сууцнуудаас сонголтоо хийхээр журамд заажээ. Үүнд:

a.       УБ хотын шинэ суурьшлын бүс

b.      Гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүс

c.       Нийслэлийн алслагдсан гурван дүүрэг (Багануур, Налайх, Багахангай)

d.    Хөдөө орон нутгийн 21 аймгийн нутаг дэвсгэрт баригдсан орон сууцнаас сонгож, 5 хувийн зээлд хамрагдах юм.

 

 Өмнө нь 8 хувийн нөхцөлөөр зээл нь батлагдсан иргэдийн зээлийг 5 хувь руу шилжүүлэх хүсэлтийг авч байна

 

Энэ нь Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, алслагдсан дүүрэг сумдыг хөгжүүлэх бодлогын хүрээнд хэрэгжиж байгаа бөгөөд Голомт банкны зүгээс дээрх бүсчлэлд хамрагдах боломжтой, өмнө нь 8 хувийн нөхцөлөөр зээл нь батлагдсан иргэдийн зээлийг 5 хувь руу шилжүүлэх хүсэлтийг авч байна. Харин тухайн бүсээс өөр байршилд баригдсан орон сууцнаас сонголтоо хийж буй иргэдийн хувьд 8 хувийн зээлд хамрагдах боломжтой юм.