Баянгол дүүргийн 20 дугаар хорооны Хялгант модны захын ойролцоох өндөр хүчдэлийн шон дээрээс хүн унах гээд байна гэсэн дуудлага өчигдөр НОБГ-т 15.48 минутанд ирсэн байна. Дуудлагын дагуу ажилласан нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн аврах шуурхай салбарын аврагчид хоёр цаг гаруй хугацаанд шонд авирсан иргэнтэй ярилцаж тайвшруулан 18.30 минутын үед амжилттай буулгасан юм.
Өндөр хүчдэлийн шон дээр авирсан этгээд нь эрэгтэй 30 орчим настай иргэн байсан бөгөөд бэртэж гэмтээгүй аж. Тус хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна.
Баянгол дүүргийн нутаг дэвсгэр Гурвалжингийн гүүрний ойролцоо байрлах Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн харьяа 110 кВ-ын агаарын шугамын тулгуур № 24-т хүн авирсантай холбогдуулан Баруун, Умард, Сэлбэ 110 кВ-ын дэд станцуудын хүчдэлийг бүрэн салгасан байна. Эдгээр станцуудаас цахилгаан хангамжийн үүсвэртэй 1, 10, 3, 4-р хороолол, Хайлааст, Яргайт, Чингэлтэй, Долоон буудал, Дэнжийн мянга, Дамбадаржаа орчмын бүх хэрэглэгчид цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлагдсан юм.