m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.03.25 00:14
535
Б.Гэрэлмаа: Дарханд амьдарч, "Дархан нэхий" компанид ажиллаж байгаагаараа бахархдаг

"Масс зочин" буландаа Дархан-Уул аймгийн "Дархан нэхий" компанийн арын албыг хариуцдаг нэгэн хатагтайг урилаа.  Зочин маань "Дархан нэхий", "Нэхий-Як" компанийн үйлдвэрлэж буй нэхий болон савхин хувцас, цүнх, арьс, "Як" брэндийн гутал гээд бүх зүйлийн борлуулалтыг хариуцан ажилладаг "Як трейд" компанийн захирал юм уг нь. Энэ хатагтай тус үйлдвэрийн нярваас нь авахуулаад бүх шатанд ажилласан, бүх салбарт нь удирдах ажил хийсэн нэгэн учир арын албаа дэндүү сайн мэднэ, хаана ямар асуудал үүссэнийг "чагнаад" л оношийг нь тогтоох учир ийнхүү нэрийдсэн юм. Хурдан хурдан алхах Б.Гэрэлмаа захирал таван давхар үйлдвэрийнхээ хэрэгцээтэй газар бүрт хүрч, хүн төвтэй зарчмаар ажлаа амжуулах аж.

Үйлдвэр том болохоор нааш цаашаа явсаар бүр сурчихаж. Миний алхаанаас ямар шинж илэрч байна даа тэгээд?

-Сайн байна уу. Сайхан хаваржиж байна уу. Бидний урилгыг хүлээн авсан таньд талархал илэрхийлье?

-Баярлалаа. Та бүхэнд ч бас талархал илэрхийлье.

-Та их хурдан алхах юм. Анзаараад байхад ажил ихтэй байдаг бололтой юм. Хүний алхаа дотоод мөн чанараа илэрхийлдэг гэдэг?

-Ажлаа амжуулах гэж л тэгж явдаг байхдаа. Үйлдвэр том болохоор нааш цаашаа явсаар бүр сурчихаж. Миний алхаанаас ямар шинж илэрч байна даа тэгээд?

-Дайчин, ажилдаа сэтгэлээ зориулсан, ачаалал даах чадвартай байж магадгүй гэж би бодлоо?

-Өөрийгөө  дүгнэх нь зүйд нийцэхгүй байх. Сэтгэлээ зориулсан ажилдаа хүн ядрах, цааргалахаа мэдэхгүй ажилладаг шүү дээ.

-Ингэхэд та ямар мэргэжилтэй хүн бэ. Сонсоод байх нь ээ та Дарханы уугуул иргэн биш гэсэн?

-Би ХААИС-ийг эдийн засагч мэргэжлээр төгссөн хүн. Дарханы суугуул иргэн болоод 16 жил болж байна.

-Бидний үеийнхэн сургуулиа төгсөөд төрсөн нутагтаа томилогдох нь их байж. Та сургуулиа  төгсөөд хаанаас ажлынхаа гарааг эхэлж байв?

-Аав маань Завханы уугуул. Би өөрөө хотод төрж өссөн хүн. Ажлын гараа маань Дархан-Уул аймгийн Орхон сумаас эхэлсэн. 1997 онд ханьтайгаа Орхон сумын "Орхон туул" компанид хуваарилагдан ирээд хоёр жил ажилласан.

Очоод бүртгүүлээд л маргааш нь шууд ажилдаа орсон хүн дээ.

-Дархан-Уул аймагт суурьших болсон шалтгаан юу байв. Аливаа зүйл нэг учир шалтгаантай байдаг даа?

-Тэгэлгүй яах вэ. Залуу хүмүүс болохоор Дарханд амьдрах бодол байсан л даа. Тэр үед манай ХААИС-ийн ангийн, гэр бүлийн  найз Чүлтэмбат, Бямбажаргал нар маань Дарханд суурьшсан байсан. Бидэнд тэр хоёроос өөр таних хүн байхгүй учир тэднийдээ ирсэн. Юм их сонин шүү. Ханьтайгаа ярилцаад Удирдлагын академид бүртгүүлээд Улаанбаатар явах замдаа тэднийд ирсэн хэрэг л дээ. Гэтэл найзууд болон хань маань "Чи "Дархан нэхий" компанид бүртгүүлчих" гэсэн. Очоод бүртгүүлээд л маргааш нь шууд ажилдаа орсон хүн дээ.

-Сонин тохиолдол байна. Яагаад тийм хурдан ажилд авсан юм бол?

-Надад аз тохиосон хэрэг л дээ. Тэрнээс манай компани  хүссэн хүн болгоныг ажилд аваад байдаггүй. Нярав тэр үед хот руу сургуульд явах гээд ажлаа хүлээлцсэн юм билээ. Тэр өдөр нь би ажлын анкет өгч таарсан. Хэлний, мэдлэгийн шалгалт өгөөд тэнцсэн учир тэр өдрөө ажилдаа орсон доо. 1999 он юм байна.

-Та тэгэхээр нярваас ажлын гараагаа эхэлж байжээ?

-Тийм ээ.  Нийт 16 жил ажиллахдаа нярав, тасгийн тооцоологч гээд л бүх шатанд нь ажиллаж байсан. 2008 оноос эхлэн салбарын дарга, захирал хийж одоо борлуулалтаа харицан ажиллаж байгаа.

-Нэг зүйлийг таны ярианаас би анзаарлаа. Аливаа зүйлд тууштай байх нь амжилт дагуулдаг гэдгийг таны ажил үйлс харуулж байна?

-Аливаа зүйлд сэтгэлээ зориулан ажиллах нь хамгийн чухал. Сэтгэл зүрхээ зориулахад бүх зүйл бүтэж, ажил ч өөдрөг байдаг юм.

-Танай үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнийг монголчууд андахгүй. Чанартай, дулаан, хөнгөн, хийц загвар сайтай гээд л магтах зүйл ихтэй. Харин шинээр үйлдвэрлэж байгаа "Як" брэндийн гутал компанийнхаа нэрийг гутаахгүй эд бололтой?

-Тийм шүү. Та бүхэн үйлдвэртэй танилцах зуураа яаж бүтэж, юугаар хийдгийг харсан байх. Цэвэр арьсан гутал гэдэг ямар чанартай, хүний эрүүл мэндэд тустай байдгийг монголчууд хэнээр ч хэлүүлэлтгүй сайн мэднэ. Манай компанийн залуу удирдагчид болон дизайнеруудын гаргасан санаагаар бид пүүзэн гутал үйлдвэрлэж эхэлсэн. Залуус маань биед эвтэйхэйхэн хөнгөн, арьсан, чөлөөт загварын гутал өмсөх хүсэл сонирхолтой болсон. Эрэлт байгаа учир бид өвөл, зун, хавар намрын пүүзэн гутал үйлдвэрлэж эхэлсэн. Ямар бүтээгдэхүүн болсныг хэрэглэгч тунгаана биз ээ.

-Хүний нутагт суурьшин ажиллаж амьдарна гэдэг бас амаргүй л байдаг байх. Дарханд суурьшин суугуул иргэн нь болоход юу таныг ингэтэл татсан юм бэ?

-Сайхан хамт олон мэдээж байлгүй яах вэ. Түүнээс гадна Дархан-Уул аймаг амар амгалан, ажиллаж амьдрахад их таатай газар шүү дээ. Би Дархан-Уул аймагт амьдарч, "Дархан нэхий" компанид ажиллаж байгаагаараа бахархдаг. Монгол малын буяныг монгол хүн таньд зориулъя гэсэн уриатай манай хамт олон ажилладаг.

-Танай захиралтай би ярилцаж үзлээ. Хувь хүн болон удирдагч талаасаа ч тэр хүнээс их зүйл сурах ёстой юм шиг санагдсан?

-Тийм шүү. Сургуулиа төгсөөд суманд ажиллаж байгаад ирсэн надад бүх зүйлийг л зааж сургасан. Компанийг хэрхэн удирдах, хамт олонг яаж авч явдгийг би энэ хүнээс суралцсан, суралцсаар  ч байна. Өөрөө аливаа  асуудалд маш зөв зарчмаар ханддаг, ажил хийж л чаддаг  хүн ямар  ч ажил болно гэсэн бодлоготой. Өөрөөр хэлбэл дипломыг илүүд үздэггүй гэсэн үг л дээ. Хүний чадварыг олж харж, үнэлж, түүнд нь тохирсон ажлыг олгож чаддаг чадвар нь компанийг өөдтэй явахад гол нөлөө үзүүлдэг.

-Боловсруулах үйлдвэрээр бид орлоо. Арьс боловсруулана гэдэг амаргүй ажил байна шүү?

-Тийм шүү. Арьсаа угааж цэвэрлэнэ, будна гээд олон шат дамжлагатай. Тэдний маань ажиллах орчин нь хүнд учир цалин  нь ч ахиу байдаг. Манай компанийнхан ажилдаа сэтгэл хангалуун байгааг харах сайхан байдаг. Хүний чадвар, хийсэн ажлыг үнэлж цалинг нь ямар ч асуудалгүй өгдөг шударга зарчим үйлчилдэг болохоор хүмүүс ч дуртай байдаг. Манай компани 50 айлын хоёр орон сууц барьж, ажилтнууддаа зах зээлийн үнээс  хямд өгсөн.

Хүний чадварыг олж харж, үнэлж, түүнд нь тохирсон ажлыг олгож чаддаг чадвар нь компанийг өөдтэй явахад гол нөлөө үзүүлдэг.

-Таны ажил хэдэн цагт дуусдаг вэ. Ар гэртээ цаг зав гаргаж амжиж байна уу?

-Өө янз бүрдээ. Оройтох нь их.  Гэхдээ гэр бүлдээ цаг зав гаргалгүй яахав.

-Хүний ажил, амьдрал амжилттай байх нь ханиас их шалтгаалдаг. Таны хань өөрийг чинь ойлгож, ажлыг тань дэмждэг үү?

-Тийм шүү. Хүнд тэр тусмаа эмэгтэй хүнд хань гэдэг маш чухал. Миний ханийг Аюушжав гэдэг. Ховд аймгийн Чандмань сумын уугуул. Их сургуулийн нэг ангийг  төгсөөд, хамт ажиллаж амьдарсаар өнөөдрийг хүрлээ. Манай нөхөр хувиараа бизнес эрхэлдэг. Бид гурван хүүтэй. 

Миний ханийг Аюушжав гэдэг. Ховд аймгийн Чандмань сумын уугуул. Их сургуулийн нэг ангийг  төгсөөд, хамт ажиллаж амьдарсаар өнөөдрийг хүрлээ.

-Таны ярианаас Дархандаа бараг хүн таньдаггүй гэсэн  үг хэдэнтээ уналаа?

-Харин тиймээ. Гэр, ажил, гэр гэсээр таних хүн цөөхөн. Харин сүүлийн үед борлуулалт хариуцдаг болоод хүмүүстэй танилцах нь их болсон.

-Таны ярианаас хийж бүтээх чин хүсэл, эрч хүч нэвт "үнэртэж" байна. Хийсэн зүйлтэй, хэлэх үгтэй хүмүүстэй танилцаж, уулзах сайхан байлаа. Таньд болон танай хамт олонд улам их амжилт хүсье?

-Баярлалаа. Танай агентлагийн хамт олон Монголын баялаг бүтээгчдийг дэмжиж, хүнд хүрсэн ажил хийж байгаад талархал илэрхийлье.