m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.03.31 02:48
300
"Хүүхдийн ертөнц" уралдаан зарлалаа

“ХҮҮХДИЙН ЕРТӨНЦ-2016” 
ХҮҮХДИЙН УРАН ЗУРГИЙН УЛСЫН
УРАЛДААНЫ УДИРДАМЖ

1. Уралдааны үндэслэл:
Монголын хүүхэд багачуудын ертөнцийг үзэх үзэл, байгаль дэлхийгээ хайрлах, эх орон, ээж аав, ахан дүүсээ хайрлах, түүгээрээ бахархах, хүүхэд багачуудын дүрслэн зурах идэвхийг өрнүүлэх, зурах авъяастай, бүтээлч сэтгэлгээтэй хүүхдүүдийг нээн илрүүлэх, мэргэжлийн чиг баримжаа олгох зорилгоор Монгол эх орон, хүн ардын амьдрал ахуйг хүүхдийн нүдээр тольдон харуулсан “Хүүхдийн ертөнц” уралдааныг сэргээн зохион байгуулсан юм. Хоёр жилд нэг удаа зохион байгуулхаар шийдвэрлэсэн тус уралдааны 2016 оны шалгаруулалт нь зарлагдаж байна.
2. Хамрагдах хүрээ:
Уралдаанд 21 аймаг, 9 дүүргийн ЕБС-ийн 6-18 насны сурагчид хамрагдах боломжтой бөгөөд шалгаруулалтыг 6-9, 10-14, 15-18 гэсэн гурван насны ангилалаар зохион явуулна.

3. Уралдааны шалгаруулалт.
Бүтээлүүдийг 2016 оны IV/15-V/01 өдрүүдэд зохион байгуулагч МЗЭ-ийн хаягаар хүлээн авч шалгаруулалтыг 2016 оны V/02- ны өдөр мэргэжлийн багш, зураач, урлаг судлаачдаас бүрдсэн 9 хүний бүрэлдхүүнтэй баг шалгаруулж ангилал бүрт гранпри нэгдүгээр байрт 1, хоёрдугаар байрт 2, гуравдугаар байрт 3, тусгай байрт 20 бүтээл буюу нийт шилдэг 80 бүтээлийг шалгаруулна.
Шилдэг 80 бүтээлийг жаазлан бэлтгэж 2016 оны VI/01 өдөр Монголын Уран зургийн Галерейд Хүүхдийн уран зургийн нэгдсэн үзэсгэлэнд оролцуулах ба тэдгээр бүтээлүүдээр цомог хийж гаргана.

 

4. Бүтээлд тавигдах шаардлага.
Бүтээлийн хэмжээ:
Бүтээлүүдийг А2/42см*60см/ хэмжээтэй ватман цаас болон зургийн зориулалтын цаасан дээр усан будаг, тосон харандаа /пастель/, өнгийн харандаа, гуашь /шороон будаг/ гэсэн зориулалтын материалаар зурна.

Бүтээлийн сэдэв:
Уралдаанд ирэх бүтээлүүдэд сэдэв заахгүй бөгөөд монгол орны дахин давтагдашгүй онцлог бүхий байгаль орчин, цаг уур, монгол үндэсний уламжилалт хэв шинж, ахуй амьдралыг илүү тусгасан, Монгол бахархалыг төрүүлэхүйц, хүүхдийн задгай сэтгэлгээ, чөлөөт арга ажиллагааг эрхэмлэн дотоод ертөнцийг нь нээж хүсэл мөрөөдөл, бодол санааг нь илүү гаргасан байвал зохино.

Анхаарах зүйлс:
- Уралдаанд нэг хүүхэд нэг бүтээлээр оролцоно.
- Уралдаанд оролцох бүтээл нь хүүхдийн уран сэтгэмжээр нягт нямбай өнгө дүрсийн нарийн хослолоор зохион зурагдсан байх бөгөөд ном сэтгүүл, сурах бичиг, зургийн цомгоос хуулбарласан буюу бусдын тусламжтайгаар зурсан зургийг уралдаанд оролцуулахгүй. 
- Уралдаанд оролцож байгаа сурагчид нь овог нэр, нас, хүйс, регистрийн дугаар, аймаг /хот/, сум /дүүрэг/, сургууль, анги, бүлэг, зургийн нэр, удирдсан багшийн овог нэр, багштай холбогдох утасны дугаар, буцах хаягаа компьютераар зөв бичиж 6х9 хэмжээтэй өнгөт цээж зургийн хамт бүтээлийн ар талын баруун дээд буланд нааж зарласан хугацааны дотор ирүүлнэ. 
- Уралдаанд ирсэн бүтээлүүдийг буцааж олгохгүй бөгөөд шагналт байранд шалгарсан бүтээлүүдийг олон улсын хүүхдийн зургийн уралдаан, олон улсын нэгдсэн үзэсгэлэнгүүдэд оролцуулна.

5. Уралдааны байр, шагнал урамшил:
Хүүхдийн зургийн уралдаанд ЕБС-ийн 6-18 насны сурагчид хамрагдах бөгөөд уралдааны шалгаруулалтыг 6-9, 10-14, 15-18 гэсэн гурван насны ангилал тус бүрт:
- Гранпри 1-р байр 1 сурагч /300.000 төгрөг/.
- 2-р байр 2 сурагч /200.000 төгрөг/.
- 3-р байр 3 сурагч /100.000 төгрөг/.
- Тусгай байр 20 сурагч өргөмжлөл олгоно.
• Эхний 3 байруудад шалгарсан 18 сурагчдад Өргөмжлөл, Мөнгөн шагнал, Авьяас алтан медаль, Оюун ухааны тоглоом, Төрийн ордонтой танилцах, Чингис хааны талбай дээр зураг зурах эрхүүд дагалдана. 
• Төгсөх ангийн сурагч эхний 3 байранд шалгарсан тохиолдолд МУБИС-ийн Дүрслэх урлагийн ангид элсэн суралцах эрхийн бичиг олгоно.
• Сурагчдаа амжилттай удирдаж Улсын уралдааны шагналт байруудад оруулсан шилдэг оролцоотой 3 багшид өргөмжлөл, мөнгөн шагнал гардуулж сурагчдын хамт Төрийн ордонтой танилцах эрх олгоно.
• Улсын уралдааны шагналт байрт шалгарсан 62 сурагчдад өргөмжлөл, каталогийг сургуулийн хаягаар нь хүргүүлэн олгоно.
• Шагналт байрт шалгарсан шилдэг 80 бүтээлүүдийг ОУ-ын хүүхдийн гар зургийн үзэсгэлэнд оролцуулна.

6. Уралдааныг хамтран зохион байгуулагч байгууллагууд: 
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яам
Хүүхдийн Төлөө Үндэсний Төв 
Монголын Зураачдын Эвлэл
“Болор” сан-Халамжит гэр бүл төв (ТББ)
“Болд” ХХК
ТВ-1 телевиз
“Мөнгөн бороо” тоглоомын дэлгүүр
Монголын уран зургийн галерей
Дүрслэх Урлагийн Бүтээл Цуглуулагчдын Үндэсний Нийгэмлэг (ТББ)

7. Бүтээлийг хүлээж авах хаяг: 
Монголын Зураачдын Эвлэл. /МЗЭ/
Улаанбаатар хот, СБД, Их тойруу, 8-р хороо, 11-р хороолол, 43-р байр /хуучнаар“Ардын эрхийн байр”/-ны 313 тоот.