Дархан-Уул аймгийн баялаг бүтээгч иргэдийг сурвалжлах ажил маань "Алтан хүнс групп" ХХК-иас үргэлжилсэн юм. Тус компанийн үүсгэн байгуулагч нь Монгол Улсын Дархан аварга А.Сүхбат аж. Олон салбарт стандартад нийцсэн үйлчилгээ үзүүлж буй хамт олныг одоо удирдаж буй хүн нь аваргын төрсөн дүү А.Баттөгс, түүний гэргий Г.Буяндэлгэр нар юм.
Дархан-Уул аймгийн баялаг бүтээгч иргэдтэй уулзахдаа нэг зүйл анхаарал татсан. Юу гэвэл бизнесийнхээ салбар, мөчир бүрт хэрэгтэй бүхнийг өөрсдөө хийж, органик, эко бүтээгдэхүнийг түлхүү ашиглахыг хичээдэг юм билээ. Тэдний нэг нь "Алтан хүнс групп" ХХК-ийнхан юм. Тус хамт олон газар тариалан, фермер, хүлэмжийн аж ахуй, архи, ундааны үйлдвэр гэх мэт олон салбарт үйл ажиллагаа явуулдаг. Тухайлбал тус компанийн хамт олон ресторандаа хийдэг 60 гаруй нэр төрлийн хоолондоо ашиглах ногоогоо өөрсдөө тарьчихна. Өвөлдөө хэрэглэх махаа Булган аймгийн Дашинчилэн суманд байх фермерийн аж ахуйгаасаа бэлтгэнэ. Монголчуудын өргөн хэрэглэж, ялангуяа хавар цагт ядаргаа тайлах эм болдог борцыг алжаал тайлах цайндаа ашигладаг гээд давуу тал дэндүү ихтэй хамт олон аж.
"Алтан хүнс групп" ХХК-ийн нэг салбар болох "Комфорт" зочид буудлыг дарханчууд төдийгүй нийслэл, орон нутгаас яваа хүмүүс, жуулчид андахгүй мэддэг аж.
Тус зочид буудал ресторан, снукер биллиард, караоке, алжаал тайлах саун гээд цогц үйлчилгээг нэг дор төвлөрүүлж чадсан байх юм.
"Зочид буудал гэхээр хүмүүс өөр утгаар ойлгох нь бий. Зүй нь зочид буудал гэдэг ажлаар болон амралтын яваа замын хүнд хамгийн чухал газар нь юм шүү дээ. Бид зарим хүмүүсийн дунд байдаг ташаа ойлголтыг засахын төлөө хичээн ажилладаг" хэмээн буудлын ажилтнууд нь ярьсан юм.
“Алтан хүнс групп” ХХК-ийн захирал А.Баттөгстэй уулзаж үйл ажиллагааных нь талаар ярилцлаа.
-Нэг зүйлийг зориуд асуумаар байна. Танайх тохижилт үйлчилгээндээ маш их анхаарч ажилладаг нь илт мэдрэгдэж байна. Энэ хэний санаа юм бэ?
-Баярлалаа. Бидний зорилго хүнд хүрсэн, сэтгэл ханамж өгсөн үйлчилгээг үзүүлэхийг илүүд үздэг. Тэр зорилго үйлчлүүлсэн хүнд мэдрэгдэж буй нь сайшаалтай. Манай хамт олон нэг зорилгын төлөө нэгдэн ажилладаг, чадварлаг баг бүрдүүлж чадсан учир ажил урагштай байдаг юм.
-Танайх ресторандаа хэрэглэх бүх зүйлээ өөрсдөө бэлтгэдэг гэсэн. Хүн хүч их шаардагдах байх?
-Монгол орны газар шороо гэдэг алт л гэсэн үг шүү дээ. Монголд олон жил амьдарсан хятад хүн "Энд мод зоогоод орхиноо, дараа жил нь жимс ургасан байна" хэмээн хэлсэн гэдэг. Энэ нь ямар үр шимтэй сайхан болохыг хэлж буй хэрэг. Манай аймагт хүнсний ногоо ургац таатай нөхцөлтэй. Тиймээс бид боломжоо ашиган бүх зүйлээ тарьж, ургуулж органик бүтээгдэхүүнээр үйлчлүүлэгчиддээ хоол хийж өгдөг. Мах, сүү, цагаан идээгээ өөрийн аж ахуйгаасаа татчихна. Манайхыг зорин ирсэн хүмүүст эрүүл, зөв хоолоор үйлчилж, төгс үйлчилгээ үзүүлж байгаагаараа бахархдаг юм.
-Таны нэг том зорилгын талаар бид хальт яриад өнгөрлөө. Та амралт чөлөөт цагийн цогцолбор барих төлөвлөгөөтэй байгаа гэсэн үү. Энэ талаараа товч танилцуулахгүй юу?
-Том бүтээн байгуулалтын ажил хийх төлөвлөгөө гарган, зургаа баталчихаад эхлэх гэж байгаа. Төвөөс 20 орчим км-ийн цаана газраа авсан. Энд чухам юу байгуулах гэж байгааг хүмүүс асуудаг. Цогцоороо бол амралт чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх цогцолбор юм. Дисней лайндын жижигрүүлсэн парк, усан парк, зочид буудал, бассейн, ресторан, бие бялдраа хөгжүүлэх төв гээд олон зүйл байх юм. Хийж дуусгаад нээлтэн дээрээ уулзахын ерөөл дэвшүүлье.
-Баярлалаа. Та бүхний хийж бүтээх чин хүсэл монголчуудад үлгэр дууриалал болно гэдэгт итгэлтэй байна.
“Алтан хүнс групп” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Буяндэлгэртэй цөөн хохом ярилцлаа.
-Танай цогцолбор өмнө нь "Өртөөчин" буудал байсан байх. Хэзээнээс танай мэдэлд ирсэн юм бэ?
-Тиймээ, тухайн буудал Дарханд үйл ажиллагаа явуулдаг, мэргэшсэн багтай чадварлаг хүмүүстэй байсан. 2010 оноос манай компанийн мэдэлд ирж, бид үйл ажиллагааг нь үргэлжлүүлэн авч яваа. Чадварлаг хамт олныг цаашид дордуулахгүй байхыг бид эрхэм зорилгоо болгон ажилласнаар цогцолбор болгож чадсан.
-Хөдөө орон нутагт стандартаа мөрдөн, цогц үйлчилгээ үзүүлдэг тохилог газар байгаа нь сайшаалтай байна. Танайх нэг дор хэдэн хүн хүлээн авах хүчин чадалтай вэ?
-Манай цогцолбор нийт 5 зэрэглэл бүхий 60 өрөөтэй. нэг дор 150 хүн хүлээн авах хүчин чадалтай реторан, хурлын өрөө бий. Мөн жилийн дөрвөн улиралд жуулчин болон аялалаар яваа хүмүүсийг хүлээн авах боломж бүхий 15 ханатай сийлбэртэй гэр бий.
-Үйлчилгээний салбар удирдана гэдэг амаргүй байдаг. Та ямар зарчмыг баримтлан ажилладаг вэ?
-Хамт олон удирдаж байгаа хүн ажилтныхаа алдаа, амжилтыг нь зэрэг харж, зөв үнэлж чаддаг байх учиртай. Ажлаа хийж чадаж байгаа хүн амжилт дагуулдаг. Бид ажилтныхаа нийгмийн асуудлыг орхигдуулахгүй байхыг хичээн шагнал урамшууллыг харамгүй зориулдаг.
Бид ийн ярилаад дарханчуудын нүүр царай болсон зочид буудалтай танилцлаа. Өрөө бүр нь өөр өөр тохижилттой, чамин тансаг орчин бүрдүүлж чадсан байх юм.
"Алтан хүнс групп" ХХК-ийн менежер Г. Анхцэцэг бидэнд ажлаа танилцуулсан юм.
"Манайхыг зорин ирсэн хүн бүхэнд бид чанартай үйлчилгээг хүргэхийг илүүд үздэг. Дархан-Уул аймгийн төвд байх “Комфорт” зочид буудалдаа бид олон шинэлэг зүйлсийг нэвтрүүлсэн. Манайхаар үйлчлүүлсэн хүн саунд сууж, тав тухтай орчинд биллиард тоглон, найзуудтайгаа дуулж, амттай чанартай хоолоор үйлчлүүлэх боломжтой. Өрөө бүр өөрийн гэсэн онцлогтой. Жирийн, хагас люкс, люкс зэрэглэлтэй. Бидний байгаа өрөө хосуудын өрөө. Бид залуу гэр бүл, хосуудад зориулж энэ өрөөгөө тохижуулсан.
Хайрын баярын өдрөөр энэ өрөөнийхөө зургийг фэйсбүүк хуудсанд байршуулсан юм. Гэтэл Улаанбаатар хотоос захиалга их ирж, олон хос манай өрөөнд баярт өдрөө үдсэн.
Гэр бүлийн люкс зэрэглэлийн өрөө гэхэд дотроо гал тогоотой. Тухайн хүмүүс ресторанаар үйлчлүүлээд зогсохгүй хүссэн хоолоо өрөөндөө хийх боломжтой. Үнийн хувьд ч боломжийн байдаг учир манайхаар хүмүүс үйлчлүүлэх дуртай байдаг" гэв.
Тус буудлын караоке их онцлог. Спортын, хөгжмийн, хайрын, байгалийн, эртний Монгол орон, тамирчдын гэх мэт өрөөтэй. Өрөө бүрээ онцлогт нь тохируулж тохижуулсан байх юм билээ.
Зочид буудлыг зорих үйлчлүүлэгчид хэр байх нь рестораны үйлчилгээ хоолтой салшгүй холбоотой. “Комфорт” зочид буудлын гал тогоог Монгол Улсын мастер тогооч С.Цэрэнчимэг хариуцан ажилладаг. Гар хурдтай түүний гараас амттан, хүний эрүүл мэндэд тустай хоол хэдхэн хормын төдий л бэлэн болно.
"Нийт 60 гаруй төрлийн хоол хийж үйлчилдэг. Хоол гэдэг хүний эрүүл мэндэд шууд нөлөөлдөг учир стандартаа мөрдөн, эрүүл ахуйг дээд зэргээр хангах учиртай. Аварга маань хаяа ирэхдээ "За цаана чинь Цээгийгийн цай янзтай байна шүү гэж байна" гэж хэлэхэд их сайхан байдаг. Аварга олон зүйл ярьдаггүй, хүнийг магтаад байдаггүй хүн л дээ. Манайхаар үйлчлүүлсэн таньдаг хүмүүс нь очоод хэлдэг бололтой юм билээ" гэв. Тус хамт олон халуун тогооны хоол хийж, буудлаар үйлчлүүлсэн хүмүүст өглөөний цайгаар үйлчилдэг болсон нь олны талархал хүлээжээ. Сэтгүүлч бид олон газраар орж, ажил байдалтай нь танилцдаг. Шилдгүүдийн тоонд Мастер тогооч С.Цэрэнчимэгийн гал тогоо зүй ёсоор орох болов уу. Хаана юу байгаа нь хаяг шошгын хамт бэлэн байх аж. Хагас боловсруулсан, түүхий бүтээгдэхүүн бүгд тус тусын хөргөгчинд жирийтэл өрөөстэй харагдсан. Гал тогооны хэрэглэл, аяга таваг, хутга, заазуур бүгд стандартын дагуу байх юм билээ.
“Алтан хүнс групп” ХХК-д 14 жил ажилласан Х.Хүрэлбаатар өнгөрсөн жил хоёр өрөө байраар шагнуулсан бөгөөд бидэнтэй сэтгэгдлээ хуваалцсан юм.
"Би 2002 оноос эхлэн компанидаа ажиллаж эхэлсэн. 2015 онд Хөдөлмөрийн аварга болж, хоёр өрөө байраар шагнуулсандаа баяртай байдаг. Хамт олон миний хоёр дахь гэр маань болсон. Ийм сэтгэл зүйтэй болж ажиллахад удирдлагуудын баримтлаж буй зарчим, шударга байдал нь нөлөөлдөг" гэв.
Хийж бүтээхийн төлөө гар нийлэн ажиллаж буй хамт олон эдийн засгийн хүндрэлийн үед нэг ч ажилтнаа халалгүй даван туулна хэмээн ярьж байв. Бүтээн байгуулалтын ажилд сэтгэл шулуудан зүтгэж буй хамт олонд улам их амжилт хүсье.