100 буудалт даамын насанд хүрэгчдийн УАШТ өндөрлөх дөхөж, өрсөлдөөн улам ширүүслээ. Эрэгтэйчүүд нийт 14 өрөг тоглох ёстойгоос 13-ыг нь ардаа хийгээд байна. Одоогоор их мастер Д.Эрдэнэбилэг, Г.Ганжаргал нар 7 хожил, 5 тэнцээ, нийт 19 оноотойгоор бусдыгаа хошуучилж яваа. Сонирхолтой нь тэд сүүлийн өрөгт хоорондоо учраа таарчээ. Тэдний хоорондын тоглолтод хожсон нь аваргалах бөгөөд тэнцвэл коэффициентийн илүүгээр гавьяат тамирчин Эрдэнэбилэг урд нь гишгэх болно. Эрдэнэбилэгийн хувьд улсын 10, Ази тивийн дөрвөн удаагийн аварга, манай улсын шилдэг даамчин билээ. Харин түүний өрсөлдөгч Ганжаргал улсын зургаан удаагийн аварга, мөн тивийн аваргын алтан медальтай юм.
Их мастер Г.Ганжаргал
Маргааш болох сүүлийн өрөгт хүрэл медалийн төлөөх өрсөлдөөн мөн өрнөх болно. Одоогоор ДДХМ, “Масс агентлаг”-ийн тамирчин Р.Манлай, спортын мастер Ц.Хашчулуун нар 17 оноо авсан амжилтаар 3-4-р байрт жагсаж байгаа. Сүүлийн тойрогт Манлай спортын мастер Б.Ганзоригтой, Хашчулуун спортын мастер М.Түвшинжаргалтай оноолт таарчээ. Хэрвээ хоёр даамчин оноо тэнцүү гарвал цэвэр хожлыг тоолох бөгөөд Хашчулуун энэ үзүүлэлтээр өрсөлдөгчөөсөө илүү байгаа юм. Манлай мастерын хувьд УАШТ-ий нэг алт, гурван мөнгө, нэг хүрэл, Азийн аваргын мөнгө, хүрэл медальтай шилдэг тамирчин. Залуу даамчин Хаш-Эрдэнийн хувьд өмнө нь УАШТ-ээс нэг хүрэл медаль хүртэж байлаа. Ямартай ч маргааш эрэгтэй даамчдын хувьд халуухан тэмцэл өрнөх нь.
Тэгвэл өнөөдөр эмэгтэй даамчдын аварга тодорлоо. Залуу тамирчин, дэд мастер М.Одгэрэл өнөөдөр араас нэхэж явсан гол өрсөлдөгч Б.Нандинцэцэгийг хожсоноор 17 оноотой болж, тэмцээн дуусахаас нэг өдрийн өмнө аваргалах болзлоо хангав. Тэргүүн байрын төлөө өрсөлдөж байсан Ц.Энхцэцэг, Г.Амгалан нар өнөөдөр хоорондоо тэнцсэнээр түүнийг гүйцэх найдвараа гээсэн юм. Одгэрэлийн хувьд өнгөрсөн жил манай эх оронд болсон эмэгтэйчүүдийн Азийн АШТ-д дэлхийн 13 удаагийн аварга, Латвийн домогт тамирчин Зоя Голубеваг хожиж, шуугиан дэгдээж байв. Тэгвэл насанд хүрэгчдийн УАШТ-д томчуудын толгой дээр цахиур хагалсаар анхны медаль, тэр тусмаа анхны алтаа авах болзлоо биелүүлжээ. Манай шилдэг даамчдын нэг М.Нандинцэцэг тэмцээн эхэлснээс хойш түүнтэй хамт зуузай холбон урагшилж байсан ч сүүлийн гурван өрөгт дараалан ялагдсанаар медальгүй хоцорч магадгүй болов.
Эцэст нь УАШТ-ий явц ямархуу байгааг сонирхуулья.
Эрэгтэй
эмэгтэй