m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.05.22 06:39
167
"Тусгал" өгүүллэг

Эрт цагт нэгэн хаан амьдардаг байжээ. Тэрээр өөрийн цорын ганц охиндоо хорвоогийн хамгийн хосгүйд тооцогдох алмазан хүзүүний зүүлт бэлэглэжээ. Охин ч зүүлтэндээ тун хайртай байв. Харамсалтай нь нэгэн өдөр түүний зүүлт алга болчихжээ. Хаан цэргүүдээ дуудан хотынхоо хаа сайгүй зүүлтийг хайлгасан боловч олж чадсангүй. Хүмүүс гүнжийн үнэтэй зүүлтийг лав хулгайлж чадахгүй. Гялтгар зүйлст дуртай шувууд үүрээ чимэх гээд аваад нисчихсэн байж болох юм гэсэн таамаглал дэвшүүлж байв. Хаан эцэст нь зүүлтийг олж өгсөн хүнийг насаар нь тансаг хангалуун амьдруулж чадах их хэмжээний мөнгийг амлажээ. Нэгэн өдөр хааны ажилтан голын хажуугаар явж байлаа.

Энэ гол үйлдвэрийн хажууд байдгаас болон ихэд бохирдож муухай үнэртэй болж, хогоор дүүрсан байв. Хааны ажилтан гэнэт гол дотор гүнжийн алмаз эрдэнийн зүүлт гялтганаж байгааг харжээ. Гол хэдийгээр бохир муухай боловч тэрээр нэг насаараа хангалуун амьдрахын тулд эргэлзэлгүйгээр голын усанд орж гүнжийн зүүлтийг авахаар шийджээ. Тэр голд ороод яг зүүлт байсан хэсгийг гараараа самардтал элдэв хог хаягдал л баригдав.  Хааны ажилтан хэчнээн олон удаа бохир голыг самарсан боловч зүүлт баригдсангүй. Голоос гараад харах үед алмазан зүүлт урьдынхаараа гялтганасаар байв. Залуу дахиад бохир голд орж зүүлтийг авах гэсэн боловч юу ч олдсонгүй.

Тэр энэ удаад бүхэл биеэрээ гол руу орж хамаг хувцсаа бохирдуулан байж алмазыг хайсан ч гарч ирэхгүй байгаад үнэхээр их бухимджээ. Залуу эрэг дээр гараад гялтганах зүүлтийг ширтэн санаашран суух үед нутгийн настай мэргэн явж байж гэнэ. Мэргэн хүн залуугаас юу хийгээд ийм бохир болчихоод голын эрэг дээр санаашран сууж байгааг асуусан боловч залуу өөрийнх нь олсон алмазыг авчих байх гэж бодоод юу ч хэлсэнгүй. Мэргэн хүн хүүд хандан “ Чамд юу ч тохиолдсон байсан хэн нэгэнд хэлэхгүй гэдгээ амлаж байна. Чамд тохиолдсон асуудлыг хуваалцаж туслах нь миний үүрэг шүү дээ” гэжээ. Залуу мэргэн хүнд зүүлтний тухай бүгдийг ярьж өгчээ. Тэгээд хажууханд нь урсаж байгаа бохир гол дотор нөгөө амьдралынх нь турш хангалуун амьдруулж чадах тийм үнэт зүүлт байсаар байхад авч чадахгүй байгаа тухайгаа ч ярив. Мэргэн хүн залууд хандан, чи яг тэр зүүлт байгаа газрынхаа дээшээ нь харсан нь дээр байхаа. Хүн болгон нэг зүйлийг хайхдаа зөвхөн доошоо л хараад байдаг. Магадгүй тэр зүйл чинь бохир гол дотор биш харин дээр чинь голын дэргэд ургадаг саглагар модон дээр ч байж болох шүү дээ гэжээ. Зүүлт үнэхээр бохир гол дотор биш саглагар модны мөчрөөс дүүжлээстэй байлаа. Та яг үүнтэй адилхан амьдралынхаа хамгийн үнэт эрдэнийг газар ширтэн бохир гол дотроос хайлгүйгээр арай өндөрлөг хэсгээс магадгүй модны мөчрөөс хайх хэрэгтэй ч юм билүү?