Дархан-Уул аймгийн Засаг даргын захирамжийн дагуу бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгууллаа. Цэвэрлэгээнд төрийн болон төрийн бус байгууллага, их дээд сургууль, ЕБС-ийн 70 гаруй байгууллага оролцжээ.
НААҮГ-аас хог тээвэрлэх 20 автомашин, Эрчим хүчний таван байгууллага, “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ХК зэрэг байгууллагуудаас 10 орчим автомашин гаргаснаар их цэвэрлэгээнд 30 гаруй автомашин, техник хэрэгслийг ашигласан байна. Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг эрчим хүчний байгууллагууд хорооллын доторх бетонон хог хаягдал, үерийн далан цэвэрлэсэн бол их дээд сургууль, ЕБС-ийн оюутан, сурагчид Морин хуур цогцолбор, Бурхант уул, Билүүтийн толгой, Давхар толгой, Дархан 50 цогцолбор зэрэг нийтийн эзэмшлийн талбайг хуваарийн дагуу цэвэрлэжээ.