m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.03 00:17
212
Замын-Үүд дэх Гаалийн газар авлигалд өртсөн байж болзошгүй

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Замын-Үүд дэх Гаалийн газарт шалгалтын ажиллагааг зохион байгуулсан. Уг шалгалтаар албан тушаалын гэмт хэрэг, авлига, ашиг сонирхлын зөрчил үүсэхэд нөлөөлж болохуйц асуудлууд цөөнгүй байна гэж үзсэн байна. Тухайлбал, гаалийн улсын байцаагчийг бэлтгэх, дадлагажуулах нь хангалтгүй, төрөл бүрийн мэргэжил эзэмшсэн хүмүүсийг зөвхөн 14 хоногийн дотор бэлтгэж байна. Түүнчлэн орон тооны хязгаарыг зөрчин цалин хөлсний асуудал нь төсөвт тусгагдаагүй байхад томилгоо хийж, цалин хөлс олгож байгаа ч үүнийгээ төсөвт тодотгол хийлгэх замаар залруулж байна. Тус газар одоо ч орон тооны илүүдэлтэй.

Замын-Үүд дэх Гаалийн газар одоо ч орон тооны илүүдэлтэй

Энэ нь төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэмт хэргийн шинжийг агуулсан байж болзошгүй хэмээн Авлигатай тэмцэх газраас үзэж байгаа гэнэ. Гаалийн улсын байцаагчийг томилох, сэлгэн ажиллуулах үйл явц шударга бус, хөндлөнгийн нөлөөлөл их байдаг. Өөрөөр хэлбэл, дарга солигдох бүрт томилгоо хийгддэг нь  хэвийн үзэгдэл болжээ. 

Гаалийн төв, орон нутгийн байгууллагаас иргэн, үйлчлүүлэгч нарт бусад импортын барааны гаалийн үнийг тодорхойлдог хэлцлийн үнийн арга болон ямар тохиолдолд үйлчлүүлэгч хураамж багаар төлөх боломжтой, ямар бичиг баримтыг бүрдүүлсэн байх ёстой зэрэг асуудлаар сурталчилгаа, мэдээлэл өгдөггүй, уялдуулсан системийн код, тодорхойлолт, тодотгол зэргийн ил тод, нээлттэй байдлыг хангахгүй байгаа нь үйлчлүүлэгч өөрийн төлж буй хураамжийг хянах, хяналт тавих боломжийг олгохгүй байгаа төдийгүй гаалийн улсын байцаагч, ачаа тээвэрлэгч нарын дунд “зуучлагч буюу “зууч” бий болгох боломжийг бүрдүүлж байна. Энэ нь нэг талаас үйлчлүүлэгчийн бага хураамж төлөх сонирхол, нөгөө талаас гаалийн улсын байцаагчийн авлига, шан харамж авах сонирхолтой давхцдаг байхыг үгүйсгэхгүй. 

Гаалийн улсын байцаагч, ачаа тээвэрлэгч нарын дунд “зуучлагч буюу “зууч” бий болгох боломжийг бүрдүүлж байна.