m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.03 03:45
184
Т.Жамбаажамц: 1072 хувьцааг арилжаалах эрх зүйн орчин байхгүй

Тавантолгой ордын  1072 хувьцааг худалдан зарж борлуулж байгаа гэх мэдээлэл олон нийтийн дунд яригдсаар байгаа. Энэхүү асуудалтай холбогдуулан Цагдаагийн ерөнхий Газар, Санхүүгийн зохицуулах хороо, Үнэт цаасны хорооноос хамтран 1072 хувьцаатай холбоотойгоор худал мэдээлэл тарааж, иргэдийг төөрөгдүүлж буй асуудлаар сэтгүүлчдэд дахин мэдээлэл хийлээ.

Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалтын газрын орлогч дарга, Т.Жамбаажамц “Эрдэнэс Тавантолгой ХХК-ийн 1072 хувьцааг арилжиж байна, худалдан авч байна гэсэн мэдээлэл өнгөрсөн сарын 5, 6-наас эхлэн олон нийтийг хамарсан шинжтэй болоод, хүмүүс маш олноор цугларч эхэлсэн. Өнөөдрийн байдлаар энэхүү хувьцаа анх эзэмшүүлсэн хүнээс хүн рүү шилжихгүй байх нөхцөл нь хэвээр хадгалагдаж байгаа. Өнөөдрийн хууль эрх зүйн орчны хүрээнд 1072 хувьцааг арилжаалах боломжгүй.  Өөрөөр хэлбэл ямар нэг байдлаар худалдаж, шилжүүлж авсан ч өмчлөх эрх үүсэхгүй гэсэн үг. Яг хэдийнээс энэ хувьцаа арилжаалагдаж, эзэмшигч нь бусдад зарж, бэлэглэх, шилжүүлэх нь одоогоор тодорхойгүй байна. Энэхүү мэдээллийг олон нийтэд хүргэсэн байж болзошгүй брокерийн компаниудад Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс захиргааны арга хэмжээ аваад, үйл ажиллагаа явуулах эрхийг нь хязгаарласан” гэлээ.

Хувьцааг ямар нэг байдлаар худалдаж, шилжүүлж авсан ч өмчлөх эрх үүсэхгүй

Тавантолгойн ордын 1072 хувьцааг  зарсан болон худалдан авсан гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад ирээгүй байгаа гэнэ. "1072 хувьцааг худалдан авч байна" гэсэн худал мэдээллийг зохион байгуулалттайгаар тараасан эзэн холбогдогчийг олж илрүүлэх шалгалтын ажиллагаа явуулж байгаа аж. Одоогийн байдлаар дөрвөн газарт хувьцаа худалдах, худалдан авч байгаа гэх мэдээллийн ирээд байгаа юм. Энэ асуудалтай холбоотойгоор тухайн бүс нутагт оршин суудаг иргэдээс гомдол ирэх болсон байна. Хүмүүс ихээр бөөгнөрсөн тус газруудад явж байсан иргэд өмч, хөрөнгөө алдах тохиолдол хэд хэд гарсан гэнэ. Мөн хувьцаагаа зарах гэсэн иргэдийг барьж саатуулсан гэх мэдээллийг цагдаагийн байгууллагаас няцаасан юм.

Хувьцаагаа зарах гэсэн иргэдийг барьж саатуулсан гэх мэдээллийг цагдаагийн байгууллагаас няцаасан юм