“Хүүхдийн ертөнц” уралдааныг улсын хэмжээнд 1962 оноос зохион байгуулж эхэлснээс хойш 1990 оныг хүртэл Ардын Боловсролын Яам, МХЗЭ-ийн Төв Хороо, Хүүхдийн төлөө фонд, МПБ-ын төв зөвлөл, МУЭ хороо жил бүр хамтран зохион байгуулдаг уламжлалтай байв. “Хүүхдийн ертөнц” уламжлалт уралдааныг 24 жилийн дараа буюу 2014 онд дахин сэргээж, хоёр жил тутамд зохион байгуулдаг болсон.
Монголын зураачдын эвлэл болон “Болор сан”санаачлан “Хүүхдийн ертөнц-2016” хүүхдийн уран зургийн улсын уралдааныг Монгол орон даяар зохион байгууллаа. Энэ уралдаанд 6-18 насны сурагчид оролцжээ. Хүүхэд багачуудын дүрслэн зурах идэвхийг өрнүүлэх, бүтээлч сэтгэлгээтэй хүүхдүүдийн авьяасыг нээн хөгжүүлэх, ирээдүйн авьяаслаг уран бүтээлчийг тодруулах зорилготой юм.
Уралдааны бүтээлийг энэ сарын 5-наас шалгаруулан, насны ангилал бүрт гран при, гурван байраар шалгаруулж нийт 81 хүүхдийн бүтээлийг тодруулаад байна. Шалгарсан бүтээлийг Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр Монголын Үндэсний уран зургийн галерейд “ХҮҮХДИЙН ЕРТӨНЦ-2016” үзэсгэлэнд дэлгэн нийтийн хүртээл болгон шагналыг гардуулах юм. Түүнчлэн үзэсгэлэнд оролцсон бүтээлийн шилдгийг олон улсын үзэсгэлэнд явуулах юм байна.