m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.12 01:03
366
Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн хоёр дахь салбар нээгдлээ

Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн хоёрдугаар салбарыг Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороо, Мишээл барилгын их дэлгүүрт байгууллаа.  Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбараар өдөрт 2400 гаруй иргэд үйлчлүүлж, төрийн 380 гаруй үйлчилгээг иргэдэд үзүүлж байгаа бөгөөд уг ачааллыг багасгаж, Хан-Уул дүүргийн иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулах зорилгоор Мишээл дэх салбарыг ашиглалтад оруулж, албан ёсоор нээлтээ хийлээ.

Хан-Уул дүүргийн иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулах зорилгоор Мишээл дэх салбарыг ашиглалтад орууллаа
 

Нээлтийн ажиллагаанд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, нийслэлийн Засаг даргын салбар хариуцсан орлогч нар, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун болон нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлага, албан хаагч, үйлчлүүлэгч иргэд оролцлоо.

Нийслэлийн Засаг дарга нээж хэлсэн үгэндээ “Бид сайн засаглалыг бий болгохын тулд өдөр хоногтой уралдан ажилласан. Яагаад ингэсэн бэ гэвэл муу засаглалтай байхад хөгжихгүй юм байна гэдгийг өнгөрсөн түүх харуулсан. Хамгийн сайн засаглал хаана байдаг вэ гэвэл иргэн хүссэн үйлчилгээгээ ямар ч хүнд сурталгүй супермаркетаар үйлчлүүлэхдээ өөрт хэрэгцээт бараагаа аваад гардагтай адилхан л авахыг хэлнэ. Бид бүх үйлчилгээгээ лангуун дээр тавина гэж зорьсон. Өнөөдөр биелэлээ олж хоёр дахь үйлчилгээний төв ашиглалтад орлоо. Нийт албан хаагчдад талархал илэрхийлье” хэмээн онцлон хэллээ.

800 үйлчлүүлэгч хүлээн авах хүчин чадалтай, 1336 м2 үйлчилгээний талбайтай


Энэ үеэр нийслэлийн нутгийн захиргааны байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдын орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөрт нийслэлээс дэмжлэг үзүүлж эрхийн бичиг гардуулсан юм. Мөн Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Банкны холбоо болон Хот дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчдийн холбоо нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

 “Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв”-ийн Мишээл дэх салбар нь өдөртөө 4800 үйлчлүүлэгч хүлээн авах хүчин чадалтай, 1336 м2 үйлчилгээний талбайтай, үйлчилгээний, өөртөө үйлчлэх танхим, хурлын өрөө, арилжааны банкуудын салбар, сервер, хяналтын камерын өрөө, нотариат, үйлчилгээний мэдээлэл, санал хүсэлт, хүлээлгийн хэсэг зэрэг танхимуудтай. Мөн кафе, Бэлэн мөнгөний машин, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн урласан гар урлалын бүтээгдэхүүн борлуулах цэгийг байршуулжээ. Тус төвд нийслэлийн нутгийн захиргааны 29 байгууллага төвлөрч, 287 төрлийн үйлчилгээг иргэдэд хугацаа алдалгүй ХУРДАН, ТЭГШ, НЭЭЛТТЭЙ үзүүлж байна. Уртасгасан цагаар буюу ажлын өдрүүдэд 08:00 – 20:00, бямба гарагт 10:00 – 16:00 цагуудад иргэдийг харъяалал харгалзахгүйгээр үйлчилж байна.