m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.05.23 12:42
238
Л.Эрдэнэчимэг: Кофены аяганы цуглуулга маань гэр бүлийн хобби болсон

Манай сайтын "Хобби" буланд УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг саатлаа. "Монос"-ын гэх тодотголтой эрхэм гишүүн гэртээ бол  гурван хүүхдийн ээж, гэрийн сайн эзэгтэй.

СПОРТ бол миний олон хоббиний нэг. Хүүхэд байхаасаа спортын олон төрлөөр хичээллэж байсан. Одоо болтол тууштай явсан нь гэвэл цанын спорт юм. 20 гаруй жил гулгаж байна. Болгарт оюутан байхдаа анх гулгаж эхэлсэн. Уулархаг нутагтай, өвлийн спорт их хөгжсөн улс. Далайн төвшнөөс дээш 4500 метрийн өндөрт байдаг Болгарын уулнаас анх гулгаж сурч байлаа. Их сургуулиа төгсөж нутагтаа ирээд орхиогүй. "Sky resort" нээгдээгүй байхад гэр бүлээрээ Европ руу явж гулгадаг байлаа. Одоо Монголдоо цанын баазтай болсон болохоор өвлийн улиралд цаг завтай үедээ гэр бүлээрээ очоод гулгах боломжтой болчихоод их сэтгэл хангалуун байгаа.

Мөн усан спортоор хичээллээд 20 гаруй жил болж байна. Сүүлийн үед газрын теннис сонирхож, чөлөөт цагаараа МҮЭСТО-д байдаг секцэнд очиж хичээллээд жил гаруй болж байна. Өглөө 07 цагт очоод хичээллэчихдэг болохоор ажлаасаа өмнө "амжуулчихна".

КОФЕНЫ АЯГА цуглуулаад зургаан жил гаруй болчихож. "Starbucks coffee" компанийн аяганууд байгаа, хүмүүс их сонирхдог. Манай гэр бүлийн хобби гэж хэлэхэд болно. 20-иод жилийн өмнөөс бизнес аяллаар гадаад руу их явдаг болсон. Тэгээд л хонх, халбага гээд янз бүрийн бэлэг дурсгалын зүйлс цуглуулж байлаа. Аяганы тухайд бол би кофе уудаг. "Starbucks"-ийн сүлжээгээр үйлчлүүлж байхдаа л цуглуулгын зориулалттай аяга байдгийг анзаарсан. Тэгээд л нэг, хоёроор нь авсаар зуршил болж, цуглуулга болгочихсон байна. Яг 20 гаруй жил цуглуулж эхэлсэн бол өрөө дүүрэн аяга байх байлаа.

 

"Starbucks coffee" компани салбар бүртээ өөрийн гэсэн онцлогтой, цуглуулгын зориулалттай аяга худалдаалдаг. Аяганууд хэлбэр, хэмжээ нь адилхан хэрнээ яг тухайн улсын, тухайн хотын онцлогийг илтгэсэн зураг, логотойгоор тэр хотынхоо "Starbucks coffee" сүлжээнд л зарагддаг. Өөр газар байхгүй. Үүгээрээ цуглуулагчдын сонирхолыг татдаг юм. Жишээлбэл, "Парис" гэсэн бичигтэй аягыг зөвхөн Парисаас л авах боломжтой.

Тэгээд манай гэр бүлийнхэн саяхан цуглуулгаа тоолоход 60 гаруй болсон байна билээ. Нэг аяга дунджаар 15 ам.долларын өртөгтэй гээд бодоход нэг их үнэ цэнэтэй цуглуулга гэж харагдахгүй. Гэхдээ зургаан жилийн хугацаанд олон мянган км туулж, очсон хот бүрээсээ цуглуулсан учраас дурсамж гэдэг утгаараа миний хувьд юутай ч харьцуулшгүй үнэ цэнэтэй юм. Аяга бүрийг бариад түүх, тухайн хотын талаарх мэдээлэл, мөн өөрийн аяллын дурсамжаа ярьж болно.

Хүүхдүүд маань аяганы цуглуулгад их дуртай. Гадагшаа яваад ирэхэд "Аягаа авсан уу" гээд угтана. Хамт явж байхдаа "Аягаа авцгаая" гээд "Starbucks"-ийн сүлжээг зорьдог. Энэ утгаараа зөвхөн миний биш гэр бүлийн цуглуулга болчихоод байна.

Хүн чулууны гэрэл зураг авч, цуглуулж байгаа. Манай улсын нутаг дэвсгэр дээр байдаг хүн чулуу их хол, хол байрлалтай байдаг. Тэр болгон бүртгэж, харж, хамгаалаад байж чаддаггүй. Найман жилийн өмнө Сүхбаатар аймагт очоод тэнд 70 гаруй хүн чулуу байдаг гэдгийг сонирхоод зургийг нь авч, цуглуулж эхэлсэн. Тэр үед "Монголын радио"-гийн сэтгүүлч Түмэннаст эгчтэй хамт сар гаруй аялж, хүн чулууны талаар нэвтрүүлэг хийх үед нь цуг байсан юм.

Сүхбаатар аймгийн хувьд гэхэд л 10 гаруй хоногийн хугацаанд гурваас дөрвөн  мянган км зам туулж байсан. Зарим чулуу олдохгүй, баримжаагаар хайх тохиолдол байсан. Нутгийн иргэд, малчдаас бас их тусламж авч, гурав дөрвөн  чулуу олж байсан юм. Чулуу бүрийг GPS-ээр тэмдэглэж авсан. Хөвсгөл, Архангай аймгаар явсан. Энэ жил Баян-Өлгий аймаг руу явна.

Гэрэл зургийн цуглуулгаа харж байгаад зөвхөн хүн чулууны дурсгалын талаар танин мэдэхүйн ном гаргах санаа байгаа. Түүхэн дурсгал гэдэг талаасаа их сонирхолтой, ач холбогдолтой ажил болох болов уу.

Монгол хатадын уран зураг бол миний шинэ хобби. Уран зураг цуглуулна гэдэг аягыг бодвол өртөг өндөртэй  шүү (инээв). Жендерийн талаасаа ч гэх үү, монголын эмэгтэй зураачдын хатад, эмэгтэй хүнийг дүрсэлсэн бүтээлүүдийг дагнан цуглуулах бодолтой байгаа. Саяхнаас эхэлсэн болохоор одоо бол найман зураг байна даа.

Гэрэл зургийг Г.Энхтуяа