
Хөрөнгийн зах зээлийг бух ба байвгайгаар дүрсэлж илэрхийлэх нь олонтой. Дэлхийн хамгийн том гэгддэг Нью-Йоркийн Хөрөнгийн биржийн гадна талд хүрлээр хийсэн маш том бухын хөшөө байх бөгөөд энэ нь жуулчдын сонирхлыг ихээр татна. Зургаа авахуулах гэж ирсэн жуулчдын тоогоор Нью-Йоркийн Эрх чөлөөний чөшөөний дараа ордог гэлцэнэ.

Хөрөнгийн зах зээлийн төлөв байдал нь тухайн зах зээлд арилжигдаж буй хувьцаа болон үнэт цаасны үнэ ханшийн өөрчлөлт хөдөлгөөнөөр илэрхийлэгддэг. Хувьцааны үнэ өсөхийн хирээр зах зээлийн үнэлгээ нь нэмэгддэг. Энэ тохиолдолд зах зээлээс хувьцаа болон бусад үнэт цаасыг худалдан авах хөрөнгө оруулагчдын эрэлт их байна гэж ойлгож болно. Харин эсрэгээрээ хувьцааны үнэ буурахын хирээр зах зээлийн үнэлгээ буурдаг. Энэ тохиолдолд хөрөнгө оруулагч нар өөрт байсан хувьцаагаа зарах сонирхол нь давамгайлсан байдаг. Хөрөнгийн зах зээлд ч мөн ялгаагүй бүтээгдэхүүн буюу хувьцаа, үнэт цаасны үнэ ханш нь эдийн засгийн суурь онол буюу “эрэлт, нийлүүлэлтийн хууль”-ийн зарчмаар тогтдог.
Өрсөлдөгчөө савраараа доош дарахтай нь адилтгаж хувьцааны үнийн бууралтыг байвгайгаар дүрсэлдэг.

Ерөнхийдөө хувьцааны үнэ ирээдүйд өснө гэсэн хүлээлттэй хөрөнгө оруулагч нар хувьцаа нэмж авдаг бол хувьцааны үнэ цаашдаа буурна гэж үзвэл хөрөнгө оруулагч нар өөрт байсан хувьцаагаа зардаг. Хөрөнгийн зах зээлийн дэх өөрчлөлт хөдөлгөөн нь хөрөнгө оруулагч нарын дээрх хүлээлтээс шалтгаалдаг бөгөөд үүнийг бух ба байвгайн ерөнхий шинж чанартай нь адилтгадаг. Хөрөнгийн зах зээл дээр хувьцаа худалдан авах эрэлт нэмэгдэж ингэснээр хувьцааны үнэ өсөхийг “bull market” буюу бух зах зээл гэдэг. Энэ нь бух өрсөлдөгчөө эврээрээ сэжиж дээш нь шиддэгтэй холбоотой. Тиймээс ерөнхийдөө хувьцааны үнийн өсөлт ажиглагдаж буй үед “bullish” буюу бух давамгайлж байна гэдэг. Дүрслэлээрээ хувьцааны үнэ дээш шидэгдэж байна гэсэн үг. Харин эсрэгээрээ зах зээл дэх хөрөнгө оруулагч нар хувьцаагаа зарах нь ихсэж нийлүүлэлтийг нэмэгдүүлснээр хувьцааны үнэ буурах бөгөөд үүнийг “bear market” буюу байвгай зах зээл гэдэг. Өрсөлдөгчөө савраараа доош дарахтай нь адилтгаж хувьцааны үнийн бууралтыг байвгайгаар дүрсэлдэг. Зах зээл ерөнхийдөө хувьцааны ханшийн бууралттай байвал “bearish” буюу байвгай давамгайлсан гэж үздэг. Энэ нь байвгай хувьцааны үнийг доош дарж байна гэсэн дүрслэлтэй холбоотой.

Хэдийгээр бух нь хувьцааны үнийн өсөлтийг, байвгай нь уналтыг илэрхийлж байгаа боловч хөрөнгө оруулагч нарын арилжааны стратегиэс шалтгаалж аль зах зээл дээр ашиг орлого олохоо тодорхойлдог. Энэ нь байвгай буюу хувьцааны ханш унаж буй үед хөрөнгө оруулагч бүр мөнгө алддаггүй гэсэн үг.
Өнгөрсөн сарын хувьд авч үзвэл дотоодын хувьцааны зах зээлд идэвхтэй оролцогчдын тоо дөнгөж 100-200 хүнээр тоологдож байна.
Тухайлбал, хувьцааны үнийн уналтаас орлого олдог хөрөнгө оруулалтын стратеги байдаг бөгөөд үүнийг богино арилжаа буюу short selling гэдэг. Хувьцааны үнэ ойрын ирээдүйд унана гэж үзвэл богино арилжаалагч нар өөр хүнээс хувьцаа түр зээлж түүнийгээ тэр даруйд нь зарна. Харин үнэ буурсан үед нь буцаан худалдан авч хувьцааны зээлээ эргүүлж хаадаг. Ингэснээр хувьцааны үнийн уналтаас ашиг орлого олох боломжтой болдог.

Монголд бух ба байвгай зах зээл байна уу? Хариулахад маш хүндрэлтэй. Учир нь өнөөдрийг хүртэл дотоодын хөрөнгийн зах зээлд хувьцааны ханш зах зээлийн бодит эрэлт нийлүүлэлтэд суурилах ямар ч боломжгүй хэвээр байна. Учир нь нийлүүлэлт тал нь хязгаарлагдмал. Ихэнх томоохон хувьцаат компанийн 90-с дээш хувийн хувьцаа нь цөөхөн хүний гарт төвлөрсөн байдаг. Нөгөө талаар зах зээлийн нэр хүнд муу, оролцогчдын тоо хязгаарлагдмал байдаг тул эрэлт тал нь ч зах зээлийн зарчмаар тогтдоггүй. Тиймээс дотоодын зах зээл дээр хувьцааны ханш үндэслэлгүйгээр хэт өсөх, эсвэл хэт буурах эрсдэл ихтэй байдаг. Үүнийг засах гол шийдэл нь дотоодын хөрөнгийн зах зээлд оролцогчдын тоог нэмэгдүүлэх явдал юм. Өнгөрсөн сарын хувьд авч үзвэл дотоодын хувьцааны зах зээлд идэвхтэй оролцогчдын тоо дөнгөж 100-200 хүнээр тоологдож байна.
