Хөнгөн үйлдвэрийн салбараас дэлхийн брэнд “төрүүлэх” боломжит бүтээгдэхүүн бол ноос ноолуур, арьс шир. Одоогоор дэлхийд танигдаж байгаа брэндийг “Говь” компанийн ноос ноолууран бүтээгдэхүүнээр төсөөлж болно. Тиймдээ ч монгол гэх брэндийг дэлхийд тамгалах онцгой бүтээгдэхүүн нь ноолууран пальто байх боломжтой гэдгийг баталж тус компаниас таван жилийн бизнес төлөвлөгөөгөө танилцууллаа.
Монгол гэх брэндийг дэлхийд тамгалах онцгой бүтээгдэхүүн нь ноолууран пальто байх боломжтой
Тодруулбал Итали улсыг хувцас загвараар, Францыг сүрчигээр, Швейцарыг цагны үйлдвэрлэлээр нь дэлхий мэддэг бол 2021 он гэхэд Монголыг ноолууран пальтогоор нь таньдаг болох нь. Монгол Улс дэлхийн ноолуурын 40 хувийг дангаараа хангадаг бөгөөд өөр хаана ч байхгүй дөрвөн өнгийн ноолуур гаргадаг тэр дундаа хамгийн ховорт тооцогддог хөх саарал өнгийн ноолууртай учраас загвар өнгөний өргөн сонголттой бүтээгдэхүүн үйлдвэрлэх нэгэн том боломж, гарцыг бий болгож байгаа юм.
2021 он гэхэд Монголыг ноолууран пальтогоор нь таньдаг болохнээ
Түүнчлэн 2007 онд 30 ширхэг ноолууран пальто үйлдвэрлэгдэн борлуулагдаж байсан бол 2015 онд энэ тоо 10.000 болж 330 дахин нэмэгджээ. Тэгвэл түүхий эдийн нөөц, үйлдвэрлэлийн хүчин чадал, борлуулалтын боломжуудыг ашиглан энэ тоог 2021 он гэхэд 10 дахин өсгөж 100.000 болгох боломжтой гэж үзэж байгаагаа онцоллоо.
Аливаа бүтээгдэхүүний хамгийн чухал үзүүлэлт бол загвар, чанар, үнэд тус компанийн зүгээс онцгой анхаарч ажилладаг бөгөөд 2009 оноос хойш Италийн шилдэг дизайнеруудтай хамтран ажиллаж, Итали, Японы тоног төхөөрөмжөөр үйлдвэрээ бүрэн шинэчилсээр байгаа юм байна.
“Говь” ХК-ийн Тэргүүн дэд захирал Д.Наранбаатараас тодрууллаа.
-Яагаад ноолууран пальто үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлнэ гэх зорилгыг тавих болсон бэ?
-Ноолуур бол тансаг ширхэгт бараа. Маш хязгаарлагдмал нөөцтэй. Дэлхий нийтээр хэрэглэж буй хувцасны 75 хувь нь оёмол бүтээгдэхүүн байдаг. Манай Улсын хувьд энэ салбар хангалттай хэмжээнд хүртлээ хөгжөөгүй байна. Тиймээс бид хэрэглэгчдийнхээ хэрэгцээг судлаад гадуур хувцас тэр дундаа ноолууран пальтог таван жилийн дотор 100,000-аас дээш үйлдвэрлэдэг болох тооцоо судалгааг хийгээд байна. Ингэснээр Монгол Улсаас экспортод гарч байгаа бэлэн бүтээгдэхүүний хэмжээ таван жилийн дараа гэхэд илүү өснө.
Ноолууран пальтог таван жилийн дотор 100,000-аас дээш үйлдвэрлэдэг болно
-Одоогоор "Говь" компани жилд хичнээн тонн ноолуурыг ямар, ямар бүтээгдэхүүн болгон гаргаж байна. Мөн хэдэн улсад борлуулж байна вэ?
-15 улсад 51 дэлгүүрээр франчейсинг хэлбэрээр бүтээгдэхүүнээ борлуулж байна. Жилийн өмнө нийт борлуулалтын 80 орчим хувь нь экспортод гарсан гэсэн тооцоо байгаа. Цаашдаа аялал жуулчлалын салбартай уялдуулж борлуулалтаа хийх төлөвлөгөөтэй. 2021 он гэхэд нэг саяас дээш жуулчин Монголд аялана. Эдгээр жуулчдын ердөө 10 хувьд нь ноолууран пальтогоо борлуулах төлөвлөгөө гаргасан. Үүнээс гадна гадаад зах зээл рүү гарахын тулд интернэт худалдаа, хүргэлтийн үйлчилгээг нэвтрүүлж байгаа. Энэхүү үйлчилгээ эхэлснээр дэлхийн аль ч улс руу найман хоногт манай бүтээгдэхүүн хүрэх боломжтой болно.
Жилд малчдаас 20-25 тэрбум төгрөгийн худалдан авалт хийдэг
-2021 онд тавьсан зорилгодоо хүрэх үед ажлын байр тодорхой хэмжээгээр нэмэгдэнэ. Малчдад ч бас үр шимээ өгөх байх?
-Говь компани анх байгуулагдаж байхад улсын хэмжээнд 1000 тонн ноолуур гардаг, тэр үед авсан ноолуураа түүхий эд хэлбэрээр экспортолдог байсан. Өнөөдөр манай компанийн тавьсан зорилгын хүрээнд нэг бүтээгдэхүүн бэлэн болоход 16 шат дамжлага дамждаг. Эдгээр шат дамжлагуудад 1300 хүн ажилладаг. Тэгвэл 2021 он гэхэд энэ тоо 1800-д хүрч ажлын байраа 38 хувиар нэмэгдүүлнэ. Мэдээж малчдаасаа түүхий эдээ шууд татаж авдаг. Улсын хэмжээнд 8500 тонн ноолуур гарч байгаагийн таван хувийг манай компани авдаг бол 2021 онд 10 хувийг авч бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж нэмүү өртөг шингээн экспортолно. Жилд малчдаас 20-25 тэрбум төгрөгийн худалдан авалт хийдэг.
-“Говь” ХК-тай ижил төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг дэлхийн брэнд бий юу?
-Хамгийн алдартай нь 100 гаруй жилийн түүхтэй Италийн нэг брэнд бий.
Монгол ноолуур дэлхийн брэнд болох гурван шалтгааныг ингэж танилцуулж байна
Монгол ямааны тоо толгой 23 саяд хүрсэн нь дэлхийн ноолуурын 40 хувийг хангах хэмжээний түүхий эд Монголд бэлэн байна гэсэн үг. Ширхэгтийн хаан гэгддэг ноолуур дундаа нарийн микрон бүхий дээд зэрэглэлийн ноолуурыг монгол ямаанаас самнаж байна.
Говь ХХК-ийн үйлдвэрлэлийн хүчин чадал эрс нэмэгджээ. Хувьчлагдсанаасаа хойш 38 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, 1000 тн ноолуурыг бэлэн бүтээгдэхүүн болгох хүчин чадалтай болжээ. Тэр дундаа пальто үйлдвэрлэлийг таван жилийн дотор 10 дахин нэмэгдүүлэх боломж бүрдсэн байна.
Ноолууран пальто хийц загвар, өнгө, оёдлын хувьд дэлхийн баячуудын хэрэгцээ шаардлагыг ч хангах төвшинд хүрсэн гэнэ. Пальтоны оёдол, суулт, эсгүүрийн технологийн хувьд Японы Lapine, Aldex компанийн туршлагаар үйлдвэрлэл явуулж байгаа аж. Нөгөөтэйгүүр үнийн хувьд бусад улс орныхоос харьцангуй хямд. 100 хувь ноолууран пальтог 299 ам.долларын өртгөөр үйлдвэрлэж байгаа ажээ. Хэрвээ нэрийн барааны дэлгүүрүүдийг гадаадад нээх болон интернэт захиалгаар пальто авбал үйлдвэрлэлийн өртөг дээр 100 ам.долларын нэмэгдэлтэйгээр хэрэглэгчийн гарт хүргэж байгаа нь адил төстэй үйлдвэрлэл эрхлэгчдээс бараг 10 дахин хямд тусч байгаа ажээ. Бусад улсуудын хувьд 100 хувь ноолууран пальто 3000 ам.долларын үнэтэй байдгийг тус үйлдвэрийнхэн онцолж байсан юм.