m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.14 08:32
118
Өнөөдрийн онцлох үйл явдал

Ерөнхийлөгч Мьянмар Улсад ажлын айлчлал хийхээр мордлоо

Монгол Улс, Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2016 оны зургаадугаар сарын 14-16-ны өдрүүдэд Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсад ажлын айлчлал хийхээр өнөөдөр мордлоо.Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Мьянмар Улсын Ерөнхийлөгч Тин Чяу-тай албан ёсны хэлэлцээ хийж, Төрийн зөвлөх бөгөөд Гадаад хэргийн сайд Аунг Сан Сү Чий, Сангийн сайд Kяу Вин, Эрдэс баялаг, байгаль орчин хамгаалах сайд Он Вин, Төв банкны захирагч У Кяв Кяв Маунг нарыг тус тус хүлээн авч уулзана.

АН зургаан гишүүнээ хаслаа

Ардчилсан намын дарга З.Энхболд намын зургаан гишүүнээ хасах тушаалыг өчигдөр гаргажээ. Тодруулбал, Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн Л.Цандэлэг, Б.Мөнхболор, Баян-Өлгий аймгийн Ардчилсан намын гишүүн Н.Самат, Орхон аймгийн Ардчилсан намын гишүүн Ч.Бямбаа, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Ардчилсан намын гишүүн Т.Хасбаатар, Х.Золжаргал нарыг намаасаа хассан байна.

Тэднийг намын үзэл баримтлал, мөрийн хөтөлбөр,бодлогыг хэрэгжүүлэх, үндсэн дүрэм болон түүнд нийцүүлэн гаргасан бусад журам, шийдвэрийг дагаж мөрдөх үүргийг биелүүлээгүй тул ийн тушаал  гаргасан аж. 

Нэг өдрийн дотор 185 мянган иргэн хувьцаагаа зарах хүсэлт гаргажээ

Монгол Улсын иргэн бүрт эзэмшүүлсэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааны 30 хувийг Засгийн газраас худалдаж авах шийдвэрийг өнгөрсөн долоо хоногт гаргасантай холбогдуулан өчигдрөөс эхлэн арилжааны банкуудад ачаалал үүсч, иргэд бичиг баримтаа бүртгүүлж, дансаа нээлгэж эхэлсэн юм.Өчигдрийн байдлаар хувьцаагаа худалдах хүсэлтээ 185 мянган иргэн арилжааны банкуудад гаргасан байна. Монгол улсын 1,6 сая иргэн “Эрдэнэс таван толгой”-н хувьцаа эзэмшиж байгаа ба тэднээс 10,2 хувь хувьцаагаа зарах хүсэлтээ өгсөн аж.

Усанд осолдсон иргэнийг эрэн хайх ажиллагааг түр зогсоов

Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Дэлгэрмөрөн голын усанд иргэн Б осолдсон тухай дуудлагын дагуу энэ сарын 6-нд аймгийн Онцгой байдлын албанд ирсэн. Эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан ч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж түр зогсоосон.  Ар гэрийнх нь зүгээс дахин эрэн хайх хүсэлтийг гаргасны дагуу энэ сарын 10-ны өдөр эхлүүлжээ. Аймгийн Онцгой байдлын газрын таван эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан ч усны түвшин их, булингартай байсны улмаас эрэн хайх ажиллагаа үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж эрлийн ажиллагааг түр зогсоожээ.