“Чигийн заалт” бүхий тэмдгийг стандартын дагуу хийж байршуулах хөрөнгийг сум хөгжүүлэх сангаар шийдүүлснээр орон нутгийн шороон замын салдаг уулзваруудын олон салаа замуудыг тэмдэгжүүлээд байна. Энэ ажлын хүрээнд аймгийн хэмжээний 16-н сумын улсын болон орон нутгийн чанартай автозамын 119 уулзвар, салаа замыг тэмдэгжүүлжээ.
Булган аймгийн нутаг дэвсгэрээр нь улсын чанартай гурван хатуу хучилттай зам дамжин өнгөрч баруун болон хангайн бүсийн аймагууд руу зорчих иргэдийн урсгал нэмэгдэн, зуны улиралд л гэхэд өдөртөө 8.500-11.000 автомашин дамжин өнгөрдөг аж. Орон нутгийн шороон замыг тэмдэгжүүлсэнээр иргэд, жолооч нар төөрөх, үргүй зардал гаргах, хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журмын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, эрсдэлгүй зорчих нөхцлийг бүрдүүлэх чухал үр дүнтэй юм.