m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.05.26 02:52
294
Машин ачдаг халаасны бодлого утгаа алджээ

Сүхбаатар дүүргийн эргэн тойронд амьдрал буцална. Өдрийн 13 цагийн алдад очиход том жижиг ямар ч албан тушаалтны урд “хүн бөглөрөл” үүсчихжээ. Бүгд л өөр өөрийн асуудалтай явна. Дүүргийнхээ байранд татвар, нэг цонхны үйлчилгээ явагдахын зэрэгцээ шинэ иргэнээ ч бүртгэж авна. Хажууханд нь дүүргийн цагдаагийн газар, шүүхийн байр байрладаг. Замынх нь эсрэг талд Чингэлтэй  нэгдсэн  эмнэлэг байрладаг. Тэр эмнэлэгтэй залгаа шахуу Сангийн яам байрлана. Түүнээс гадна хоёр ч улсын элчин сайдын яам гээд олон цуглах шалтгаан болсон газар их. Хотыг мэдэхгүй хүнд тайлбарлаж байгаа юм шиг ийнхүү нуршсаны учир тодорхой. Энэ мэтийн төрийн үйлчилгээний байгууллагууд энэ хавьд их байдаг боловч  машины зогсоол гээд нэрлэчих зүйл маруухан. Дүүргийн нэгдсэн эмнэлгийн зогсоол байнгын “хахаастай” байдаг. Шүүхийн урд талын байрны үүдээр аз таарвал машинаа орхих алга дарам зай олдвол аз шовойлоо л гэсэн үг. Өөр зогсоол үзээд өгье гэсэн ч байхгүй. Ийм л дүр зураг тэрхэн хавьд угтсан юм. Гэтэл бусад газар үүнээс нэг их дээрдээд байх юмгүй болсон. Чингэлтэй дүүрэг урдаа машины зогсоолтой боловч түүнийхээ орох гарах гарцан дээр нэг нэг манааны шовгор босгоод хүн суулгачихсан. Төлбөр авч байгаа нь энэ гэнэ. 01-30 минут бол 500 төгрөг, 31-60 минут бол 1000, 61-91 минутын тариф нь 1500 гээд үргэлжилнэ. Товчхондоо Чингэлтэй дүүрэг рүү орох гэсэн унаатай хүн нэлээд хэдэн төгрөгөөр торгуулаад гарах юм билээ. Тэр их очер явсаар байтал хэдэн ч цаг болж мэднэ.

Буцаад Сүхбаатар дүүргийн өмнөх зам дээр очицгооё. Ямар ч машины зогсоолгүй юм чинь арга ч үгүй, энэ хавийн замын нэгдүгээр эгнээ дүүрэн машин тавиастай харагдав. Би ч тэдний дунд орж зогсоод хүлээлээ. Удсан ч үгүй хүлээсэн зүйл эхлэв. Өнөөх шар маяактай машин дохиогоо хангинуулсаар “морилон айсуй”. Цагаан хоолойгоор машинуудын дугаарыг түрэмгийгээр “уншиж”, “холдоорой, замаа чөлөөлөөрэй” хэмээн тэр хавьдаа хоёр ч тойрчихлоо. Гурав дахиа хагас тойроод урдаа зайтай байсан приус маркийн машины өмнө ирж зогсов. Шалмагхан бууж ирээд кузовон дээрээсээ  өнөөх айхтар тоноглолуудаа буулгаж эхлэв. Гэвч энэ удаа тэдэнд аз таарсангүй. Дүүргийн байшингаас гартаа баахан хавтастай материал барьсан хүн гүйж гарч ирээд машинаа авчихлаа. Маяактай машин дахин зарлаж цаг алдахыг ч хүссэнгүй бололтой яваад өгсөн приусийн ард байсан соната маркийн машиныг ачиж эхэллээ. Тэд ажлаа шалмаг амжуулдаг юм билээ. Цаг харахад найман минутын дотор хөдлөөд явчихлаа.

Хорин минутын дараа дараагийн ачилт явагдаж, энэ удаад азгүй экстрэйл өртөв. Ажиглаж суусан надад бол их л хугацаа өнгөрөх шиг санагдсан боловч дөнгөж цаг гучин минут өнгөрчээ. Энэхүү 90 минутын дотор түрүүчийн приус, экстрэйл дээр нэмэгдэж эксел, тиана явлаа. 90 минутанд дөрвөн машин гэхээр ажлын найман цагийн дотор энэ хавиас дунджаар 20 машин ачигддаг гэж тооцож болох нь ээ. Гэтэл энэ чинь их хотын өчүүхэн хэсэг, гурван зуун метр урт газар шүү дээ.

Би ч сүүлдээ уйдаж, залхаж, басхүү энэхүү шударга бус журамд дургүй хүрээд явах гэж байтал түрүүхэн тиана маркийн машинаа ачуулсан хүн бололтой утасаар ярьж байгаа харагдав. Яг машин байсан газраа зогсчихсон, сугандаа хавтастай бичиг цаас хавчуулсан харагдана. Би тэр хүн рүү дөхөж очив. Өөрөө ийм ийм байдалд орсон бол эхлээд гайхаж, удалгүй учрыг нь олоод бүхимдал төрөх байснаа бодлоо.

  • Байна байна. Тийм тийм. Энэ Сүхбаатар дүүргийн замын эсрэг талд зогсож байсан ниссан тийна маркийн машин. Дугаар нь ХХ4Х УБЧ гэж хэлээд дуугүй хүлээх нь утасны цаадах нөхөр компьютер дээрээ хайлт явуулж байгаа бололтой.

Бараг хоёр минут утасаа чихэндээ нааж хүлээв. Тэгснээ,

  • За. За за. Одоо шууд очоод авч болох уу хэмээгээд утасаа ууртайгаар тасаллаа.

Би нөгөө ах руу дөхөн очиж, сурвалжлагаар яваагаа хэлээд хамтдаа явахыг санал болгосон юм. Бид шууд л зааж өгсөн буюу ЗЦГ-ын хажууханд байрлах журмын хашааг зорилоо. Энэ ахыг Бат/нэрийг нь өөрчилсөн болно/ гэдэг. Сүхбаатар дүүргийн иргэн. Хувиараа бизнес эрхэлдэг. Компанийхаа татварыг төлөх гээд дугаарлаж зогсох хооронд машиныг нь ачаад явчихсан аж. Түрүү сард энд ирэх үеэрээ ачуулах шахсан гэнэ. Яг хөдлөх гэж байхад нь гарч ирснээр хэрүүл уруул болж байж  авч амжжээ. Нөгөө утас руу нь залгаж, Машиныг авахын тулд эхлээд журмын хашаанд нь очиж уулзлаа. Тэгтэл бас л дараалал угтав. Өмнөө байсан дөрвөн хүнийг ачуулсан машинаа аваад гарахыг хүлээж нэг цагийг алдав. Сурвалжлагын маань эзэн болсон ах “Өнөөдрийн ажлаа алдлаа” хэмээн байн байн давтах нь тун ч аргаа бараад байгаа бололтой. Товчхондоо уур уцаар, хэрүүл хэлцэл, харамсал бардамнал зэрэгцсэн энэ газраас машинаа авахын тулд яг гурван цаг алдлаа. Түүнээс гадна 75 мянган төгрөгөө “сэгсрүүлэв”.

Гомдол дугаар нэг

Ачуулсан автомашинаа авахаар хүлээгсдийг тийм ч сайхан ааштай гэж хэлэхээргүй. Мэдээж, зогсох зогсоолгүй төрийн үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлж яваад машинаа ачуулахад хэн л сэтгэл хангалуун байв гэж. Хижээл насны эгч шаралхаж байгаа гэж жигтэйхэн. “Миний урд хойно зөндөө олон машин зогсож байсан. Ард талд “Ланд крузер”, урд “Лексус” намайг ороход байсан. Гараад ирэхэд тэр хоёр байж байгаа хэрнээ миний муу жижиг тэргийг голоос нь сугалж ачсан байгаа юм даа” хэмээн бухимдана. Баян ядуугаар нь ялгаж бай гэж тушаагаагүй л байлтай. Эсвэл ачаад явахад амар болохоор жижиг тэргийг түрүүлж ачдаг болж таарлаа.

Гомдол дугаар хоёр

Ихэнх жолооч автомашиныхаа салхины шилний цаана утасны дугаараа бичсэн пайз, үгүй ядахдаа цаасны тасархай үлдээдэг шүү дээ. Харин төрийн нэрээр тээврийн хэрэгсэл ачдаг хүмүүсийн нүд нь түүнийг “хардаггүй”. Ийм шалтгаанаар бүхимдагсад журмын хашаанаас машинаа авахаар дугаарлагсдын дунд элбэг байсан юм. Тэд цагаан хоолойгоор ихдээ л хоёр удаа сануулдаг. Харин машины эзэн хаана ч байж болно. Сонсохооргүй газар, эсвэл чимээ шуугиан ихтэй орчинд гэхчлэн. Нэг бол цагаан хоолойны паржигнасан хоолойгоор хэлж буй дөрвөн тоог ялгаж сонсож чадаагүй байх ч магадлал бий.

Гомдол дугаар гурав

Механик кроптой машиныг заавал кардан гол буюу гар тормозыг нь татаж орхидог. Тэгэхгүй бол өнхрөөд явчих аюултай. Харин гар тормоз татсан үед машины дөрвөн дугуй зуурч, хөдлөхөөргүй тогтдог. Энэ тохиолдолд ачиж буй хүмүүс гар тормозыг суллалгүй ачиж явснаар машинд муугаар нөлөөлөх, тэрнээс хойш гар тормоз барихгүй байх, эсвэл муу барих асуудалтай болно. Уг нь гаднаас нь суллаж болдог боловч тэгэхийг цаанаас нь үүрэгддэггүй бололтой юм билээ. Харин энэ тохиолдолд дөрвөн дугуйг дөрвүүлэнг нь хөндийрүүлж, ачдаг машинд тоноглогдсон жижиг дугуйгаар зөөвөрлөх ёстой. Гэвч залхуурдаг юм уу, эсвэл гар тормоз татаастай байгааг анзааралгүй урд хоёр дугуйг нь хөндийрүүлээд л чирдэг аж. Энэ тохиолдолд жолооч гар тормозоо эвдэрсэн байгааг батлах хэцүү л дээ.

Энэ ажлыг хийдэг газрыг "Замын хөдөлгөөний удирдлагын төвийн Ачиж, журамлах алба" гэдэг.Тээврийн хэрэгсэл ачих ажлыг ЗХУТ-өөс гадна зургаан компани хийдэг. Тэдний хамтын ажиллагаа дутмагаас уу, эсвэл мөнгө олох гэж яардагаас нь болдог уу тун богино хугацаанд машиныг ачаад явах нь олонтаа. ЗХУТ-ийн ачиж, журамлах албаныхан тогтоол журмын дагуу үйл ажиллагаа явуулдаг. Тус төвийн жолооч, техникийн ажилчид тусгай зориулалтаар тоноглогдсон машинаараа дүрэм зөрчсөн тээврийн хэрэгслийг зөөж, шилжүүлсэн даруйдаа операторын лавлах утас болох 7000 4455 руу мэдээлдэг байна. Жолооч тээврийн хэрэгслээ ачуулсан тохиолдолд энэ утас руу холбогдож, машин нь аль журмын хашаа руу очсон. Хэдэн төгрөгийн үйлчилгээний хураамжийг ямар дансанд хийх зэрэг мэдээллийг авах боломжтой ажээ. Харин ачилт гүйцэтгэдэг хувийн зургаан компани алдаа гаргадаг байх магадлалтай.  Дээрх 7000- 4455 утаснаас дансны мэдээлэл, машинаа аль журмын хашаанд байгаа талаар бүх мэдээллийг авч болно. Гэхдээ ЗЦГ-аас зөвшөөрөлтэй “ОЧУТ”, “Хас транс”, “Авто гранд мастер”, “Тэнүүн Огоо”, “ВММL-2”, “Ачит Сэлэнгэ” гэх компаниудын ачилт хийсэн мэдээлэл улсын мэдээллийн санд ордоггүйгээс бүр ч их хүндрэл үүсэх магадлалтай аж.

Э.Бат-Үүл баатар телевизээр энэ тухай яриа өгч байна. Сонирхоод чих тавин чагнав. Иргэдээс ирсэн нийтлэг гомдлыг уламжилсан сэтгүүлчийн асуултанд “Тийм зүйл болдоггүй. Бид тэгж зааварладаггүй” хэмээж, шууд үгүйсгэж байх юм. Заавар бүхэн сайн биелдэг байсан бол машин ачих “үйлчилгээ” ч гэж гарахгүй бус уу. Нэгдүгээр эгнээнд тавьж болохгүй зааврыг дагаад л явах биш үү. Хотын дарга цааш нь “Үнэхээр тийм зүйл болсон бол утасаараа, камераар бичлэг хийгээд аваад ир” хэмээв. Ердөө л хохирсон жолооч нарын гомдолд итгэхгүй байгаагаа, цааш нь ухаж бодвол “Чадал чинь хүрвэл хүрээд ир” гэх шиг ёжтой санагдсаныг нуух юун. Ямар ч гэсэн сэтгүүлчийн тавьсан асуултад хариулж байгаагаас нь энэ журам дээрээ хатуу байр суурьтай зогсохоо харуулна лээ. Ардчиллын алтан хараацай эргээд ард түмнээ хавчиж эхлэх нь энэ үү.

Машин дотроо орхисон хүүхдийг нь хамт ачаад явсан гэх мэдээлэл чих дэлссэнийг дурдах нь зүйтэй байх. Эсвэл интернет, фэйсбүүкээр шуугиан тарьсан журмын хашаанд хүний машиныг сэгсэрч унагаж буй бичлэгийг санах хэрэгтэй юу. Дээрх бичлэгт анх тайлбар зүүсэн хүн нь “Таны машиныг ингэж буулгадаг” гэсэн байсныг дурдъя.  Сүүлийн жилүүдэд гарч буй шийдвэр бүхэн ард түмэнд муугаар нөлөөлөөд байх шиг. Удахгүй гудамжинд шүлсээ хаячихаад журмын хашаанаас авах гээд арга ядаж олсон хэдэн бор төгрөгөө бариад гүйх цаг ч ирж мэдэх юм. Ардчилсан ч юм шиг, биш ч юм шиг. Эрх чөлөөтэй ч юм шиг, биш ч юм шиг. Ийм л нэгэн нийгэм.