Жимс ногоог угаах талаар хангалттай мэдэгдэхүүнтэй байх ёстой. Гялалзсан хальстай улаан лооль, өтөнд баригдаагүй алим, жилийн туршид шинэхэн хэвээр байдаг гүзээлзгэнэ зэрэг нь муудаж ялдарахаас хамгаалсан дифенил, хортон шавьжнаас сэргийлсэн бромын метил, өнгөлөг хэвээр байлгахын тулд бага зэргийн хүхрийн диоксид, элдэв хөгц, мөөгөнцөрөөс хамгаалсан инсектицид ба фунгицид, мөн удаан хадгалах зорилгоор лааны тос зэргээр бүрхэгдсэн байдаг юм. Эдгээрийн тусламжтайгаар жимс сайхан өнгөтэй, муудахгүй удаан хадгалагддаг ч бидний эрүүл мэндэд сөрөг үр дагавар авчирдаг билээ.
Хальстай нь иддэг жимс, ногоо
Алим, тоор, улаан лооль, чинжүү зэргийг угаахдаа урсгал усанд 30-60 секундын турш бариад поролон эсвэл сойзоор сайтар үрээрэй. Дараа нь буцламтгай халуун усаар зайлах хэрэгтэй. Доторхи амин дэм, тэжээлийн бодисууд нь хэвээр хадгалагдах бөгөөд гадна талын микробууд нь үхнэ.
Зузаан хальстай жимс, ногоо
Хулуу, жүрж, гадил зэрэг зузаан хальстай жимс ногоог савандаж болно. Хальсыг нь идэхгүй юм чинь угаахын хэрэг юу байна гэж бодож байна уу? Хальсан дээрх микробууд нь гарын хуруу, эсвэл хутган дээр наалдаад биед нэвтрэх аюултай. Хэдийгээр таны гар цэвэрхэн байж болох ч өмнө нь уг жимсийг барьсан 20 хүн гараа угаагаагүй байж болно шүү дээ. Тиймээс сойз аваад жимсээ урсгал усанд 30-60 секундын турш сайтар үрээрэй.
Жижиг жимсгэнэ,хонгорцог жимс
Жимсгэнэ болон усан үзмийг угаахдаа тэвчээр гаргаарай. Бүх мөчир навчнуудыг нь түүж аваад шүүрэн саванд хийн 60 секундын турш урсгал усанд барь. Жимс тус бүрийг гэмтээлгүй угаахаас бүү залхуураарай. Дараа нь усыг нь цаасан алчуурт шингээж авах хэрэгтэй. Учир нь нойтон жимс нь хуурай жимсээс илүү микробыг өөртөө татдаг. Мөн ус нь дотогш шингээд жимс хэтэрхий усархаг болдог.
Навчит нарийн ногоо
Бууцай, салат, юуцай, байцаа зэргийн гадна талын навчийг нь аваад 30-60 секунд урсгал усанд угааж илүүдэл усыг нь цаасан алчуурт шингээ. Мөн хөрсний бордоонд ордог нитратууд нь ихэвчлэн байцааны гол руу шингэж, хуримтлагддаг тул авч хаяж бай.
Хатаасан жимс
Гадуур зарагддаг ихэнх бүтээгдэхүүнийг химийн бодисын нөлөөнд оруулчихсан байдаг. Удаан хадгалах зорилгоор ихэвчлэн хүхэр ашигладаг. Хатаасан жимсийг хүхрийн угаарын утлаганд оруулж, гялалзуулдаг байна. Тиймээс хатаасан жимсийг хэрэглэхээс өмнө хүйтэн усанд дэвтээж байгаад буцламгай халуун усаар зайл.
“Гялгар” жимсний аюул
Жимсийг хатах, хагарах, муудахаас хамгаалах зорилгоор зориулалтын лааны тос буюу парафинаар бүрдэг. Үүний үр дүнд жимсүүд маш “ганган” болдог. Лааны тос нь нефтийн бүтээгдэхүүн бөгөөд биед орсон үед боловсорч, шингэдэггүй онцлогтой. Тэр ч байтугай бидний элэг хүртэл үүнийг цэвэрлэж дийлдэггүй гэнэ. Иймд та гадна тал нь гялгар жимс, ногооны хальсыг хутгаар арилгаж аваарай.