m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.10.25 03:32
230
Арьс гоо заслын эмнэлэг, гоо сайхны салонуудад хяналт шалгалт хийлээ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан удирдамжийн дагуу Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй арьс, гоо заслын эмнэлэг, салонуудад төлөвлөгөөт бус, хамтарсан хяналт шалгалтыг 2016 оны 09 дүгээр сарын 05-наас 10 дугаар сарын 20-ны хооронд хийж гүйцэтгэлээ.

Шалгалтаар эмчилгээний гоо заслын газрууд нь мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй, эмнэлгийн мэргэжилтнүүдийн лицензний хугацаа дууссан, эрүүл мэндийн байгууллагын анхан шатны бүртгэлийн маягтаар хангагдаагүй, эмчилгээний хяналтын карт хөтөлдөггүй, эмчилгээний гоо заслын ажилбар хийх өрөө халдвар хамгааллын дэглэмийн дагуу засаж тохижуулаагүй, гар угаах нөхцөл бүрдээгүй, үйл ажиллагаандаа эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлыг ангилах, цуглуулах, хадгалах, устгах зааврыг баримталдаггүй, нэг удаагийн зориулалттай ариун чанар алдагдсан, хэрэглэсэн байж болзошгүй зүү тариурыг дахин ашиглах зорилгоор их хэмжээгээр нөөцөлсөн зэрэг эрүүл ахуй халдвар хамгааллын дэглэм зөрчигдсөн зөрчил нийтлэг илэрч байна.

Мөн Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй чанарын баталгаажилтгүй, хэрэглэх хүчинтэй хугацаа дууссан эм бэлдмэлээр үйлчилсэн, яаралтай тусламж үзүүлэхэд шаардагдах эм, багаж хэрэгслийн жагсаалтгүй, бэлэн байдлыг хангаагүй, дуслын шингэн, эм бэлдмэлийг үйлдвэрлэгчийн заасан горимд хадгалаагүй зэрэг зөрчил дутагдал тус тус илэрч байна.

Цаашид гоёлын гоо заслын газруудад Эрүүл ахуйн тухай хуулиар хориглосон үйл ажиллагаа болох чих цоолох, шивээс хийх, лазер, батганы эмчилгээ, арьс салстын бүрэн бүтэн байдал алдагдуулах ямар нэгэн ажилбар хийхгүй байхыг анхааруулж байна.

PRP, MTS каллогентэй утас арьсан дор суулгах, лазер, гиалурин, филлер, өөх хайлуулах, ботокс, эхэс тарилга зэрэг эмчилгээнүүдийг хийлгэхдээ мэргэжлийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл бүхий эмнэлгүүдээр, эрүүл ахуй халдвар хамгааллын дэглэмийн шаардлага хангасан нөхцөлд, чанарын баталгаажилттай эм, бэлдмэлээр үйлчлүүлэхийг  иргэдэд анхааруулж байна.

Шалгалтад хамрагдсан иргэн аж ахуйн нэгж байгууллагуудыг хууль тогтоомжийг мөрдөж ажиллах талаар сургалт зохион байгууллаа.