Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газраас энэ 100 хоногт хийсэн ажлынхаа талаар мэдээлэл хийлээ. Гадаад паспортын захиалгыг дүүргүүд дээр авдаг болж байгаа аж. Тодруулбал, "Мишээл" экспо төв, "Драгон" үйлчилгэний төв болон "Дүнжингарав" худалдааны төв дэх "Нэг цэгийн үйлчилгээний төв"-үүдэд гадаад паспортын захиалга авдаг болох юм байна. Энэхүү үйлчилгээ нь ирэх арваннэгдүгээр сарын 2-ны өдрөөс хэрэгжиж эхэлнэ. Ингэснээр иргэдийн цаг завыг хэмнэх, төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх олон давуу талтай болох аж.
Тодруулбал, гадаад паспорт шинээр захиалах иргэдээс цээж зураг зайлшгүй шаарддаг байсан бол Дүнжингарав, Драгон, Мишээлд төвөөр үйлчлүүлэх иргэдээс гадаад паспортын зураг шаардахгүй. Харин бүртгэлийн ажилтан тухайн иргэний зургийг бүртгэл хийх үедээ авах юм. Бэлэн болсон гадаад паспортын буцаан олголтыг иргэн өөрийн хүсэлтээр Монгол шуудан компаниар дамжуулан гэрийн болон ажлын хаягаараа авах боломжтойгоос гадна захиалсан газраасаа заасан хугацаанд авч болно. Харин гадаад паспортын хугацааны сунгалтыг хийхгүй бөгөөд тус газрын Зуун айлд байрлах Гадаад паспортын хэлтэст хандаж сунгуулах юм байна.
Гадаад паспортыг шинээр захиалахад 7-14 хоног хүлээдэг байсан. Гэсэн ч иргэдийн дунд эрэлт үүссэн учраас долоо хоногийн хугацаанд олгож байгаа аж. Өнөөдрийн байдлаар захиалсан эзэн нь ирж аваагүй таван мянга гаруй гадаад паспорт ОӨУБЕГ-ын үйлчилгээний гуравдугаар хэлтэст байгаа юм байна.
Өнгөрсөн саруудад гадаад паспортын бэлдэц хомсдсоны улмаас хэвлэлт доголдоод байсан. Харин наймдугаар сараас төсөв санхүүг шийдэж, бэлдэцийг ХБНГУ-д үргэлжлүүлэн захиалснаар ажил хэвийн явагдаж эхэлжээ.
Түүнчлэн Засгийн газрын 100 хоногийн хугацаанд улсын бүртгэлд 23548 хүн шинээр бүртгэгдэж Монгол улсын хүн ам өнөөдрийн байдлаар гурван сая 104 мянгад хүрчээ. Мөн 28938 хүүхэд мэндэлж, 5304 өрх айл шинээр гэрлэлтээ батлуулсан байна.