m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.12.09 10:16
600
“1000 номын аян” төслийн хүрээнд 300 гаруй ном цугларчээ

Залуус нийлж нэгдэж чадвал улс орондоо хэрэгтэй, нийгэмд эерэг, зөв үлгэр дуурайлал үзүүлж чаддагийг харуулж яваа хэсэг найзуудыг энэ удаагийн зочны ярилцлагын буландаа урьсан юм. Эдгээр найзууд Баянгол дүүрэгт байрлах ЭХЭМҮТ-ийн Чих хамар хоолойн тасгийн нэгж хэсгийг иж бүрэн тохижуулж номын сан болгож өгөхөөр өнгөрсөн 11-р сард “1000 номын аян” төслөө эхлүүлсэн юм.  

Д.Түвшинтулга: Сайн үйлсийн төлөө зорьсон хүмүүсийн ажил бүтдэг гэдгийг бидэнд мэдрүүлсэнд үнэхээр урамшиж байна

 

Сайн байна уу? Юуны өмнө залууст үлгэр дуурайлал болохуйц сайхан ажлыг эхлүүлсэнд чинь талархаж байна.

-Баярлалаа. Та бүхэнд биднийг урьж ярилцаж байгаад баярлалаа.

Өнгөрсөн сар “1000 номын аян” төслөө эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар аян маань хэр амжилттай үргэлжилж байна вэ?

-“1000 номын аян” маань одоо 1 сар үргэлжилж байна. Энэ хугацаанд бид 300 гаруй номыг цуглуулсан байна. Энэхүү аяныг маань маш олон хүмүүс дэмжиж байгаа. Албан байгууллагын хамт олон, их дээд сургууль, 10 жилийн хүүхдүүд, олны танил эрхмүүд гээд маш олон хүмүүс нэгдээд байна. Өчигдөр л гэхэд “Сэтгэмж” цогцолборын 3-р ангийн хүүхдүүд ангиараа нэгдэж бидэнд ном хандивлахаа мэдэгдсэн. Энэ мэтчилэн бидний хэрэгжүүлж байгаа анхны аян гэхэд маш амжилттай үргэлжилж байна гэж дүгнэхээр байна. Бид ном цуглуулахаас гадна ЭХЭМҮТ-ийн чих хамар хоолойн тасагт номын сан байгуулах засварын ажлыг хийж байгаа. Одоо засварын ажил маань ерөнхийдөө дуусах шатандаа явж байна.

Та нар яг ямар найзууд вэ? насны хувьд их өөр өөр байна л даа.

Бид бол найзууд, ах дүүс гэж хэлж болно. Залуусын хандлагыг өөрчилж, нийгэмд эерэг нөлөөлөл үзүүлж, хүүхэд багачууд маань чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжийг бий болгохын төлөө л энэ аянг эхлүүлсэн. Тэрнээс биш бид ямар нэгэн байгуулага бол биш.

 

Д.Дөлгөөн “Америк сургууль”-ийн сурагч

ЭХЭМҮТ-д маш олон хүүхдүүд хэвтэн эмчлүүлдэг. Тэр дундаа чих хамар хоолойн тасаг хамгийн боломжтой нь байсан. Яагаад гэхээр энэ тасагт ихэвчлэн насны хувьд уншиж бичиж сурсан хүүхдүүд хэвтдэг юм билээ. Бусад тасгуудын хувьд бага насны хүүхдүүд хэвтдэг учир чих хамар хоолойн тасгийг бид сонгосон байгаа.

Д.Саруул МУИС-ийн оюутан:

Ер нь яагаад “1000 номын аян” эхлүүлэхээр болов? Тэр дундаа ЭХЭМҮТ-ийг яагаад сонгосон бэ?

Аян эхлүүлье гэхээсээ илүү бид нэгдэж нийгэмд эерэг нөлөө үзүүлэхүйц зүйл хийе гэж бодсон юм. Тэгээд яг юу хийх вэ гэдэг дээр нилээд ярилцаж байлаа. Хэсэг хугацаанд ярилцсаны үндсэн дээр бид ном цуглуулах аянг эхлүүлье гэдэг дээр санал нэгдсэн юм. Харин дараа нь цуглуулсан номоо бид хаана хэрэгтэй байгаа тэр газарт нь өгье гэж шийдэж байлаа. Ингээд судалгаа хийгээд үзэхэд бидний энэ аян эмнэлэгт хэвтэж байгаа хүүхдүүдэд хэрэгтэй санагдсан. Сурагчид эмнэлэгт хэвтэх хугацаандаа хичээлийн хоцрогдолд ордог нь харагдсан. Тиймээс л анх эмнэлэгт номын сан байгуулах нь зөв гэж үзээд “1000 номын аян”-ыг эхлүүлж байлаа.

 

Б.Түвшинтулга МУИС-ийн оюунтан:

Бид энэ аяныг эхлүүлэхдээ маш олон эмнэлгүүдээр судалгаа хийж явсан. Нилээн хэдтэй нь ч очиж уулзаж байлаа. Харин ЭХЭМҮТ дээр ирээд аяныхаа талаар танилцуулахад биднийг маш сайхнаар хүлээж авсан. ЭХЭМҮТ-ийн чих хамар хоолойн тасаг нь 32 ортой. Жилд дунджаар 13 мянган хүүхэд хэвтэн эмчлүүлдэг. Яг л бидний аянд тохирсон тасаг гэж үзсэн учраас бид ЭХЭМҮТ-ийг сонгосон.

Эмнэлэг гэдэг бол маш их ачаалалтай, хариуцлагатай газар. Та нарыг ЭХЭМҮТ дээр ирж уулзахад хэр хүлээж авч байв?

Бид энэ аянаа эхлүүлэх гээд олон эмнэлэгээр явахад зарим нь бидэнд маш олон шаардлагуудыг тавьж байсан. Харин ЭХЭМҮТ-ийн хамт олон бидэнд  21 мКв талбайг гаргаж өгөөд та бүхэн энэ хэсгийг өөрсдийнхөө хүссэнээрээ тохижуулаарай гэж хэлсэн. Улсын эмнэлгүүдийн хувьд ийм ажил хийх төсөв батлагддагүй учраас биднийг маш их дэмжсэн. Ном цуглуулаад явж байхад ч урам өгч аянд маань нэгдсэн хүмүүс олон байгаа. Олны танил хүмүүс ч гэсэн маш идэвхтэй оролцсонд бидний хувьд маш сайхан санагдаж нэг талдаа урам авч байна.

Залуусын төлөөлөл ийм сайхан ажлыг эхлүүлж байхад дэмжих газар олон байсан байх. “1000 номын аян”-д нэгдсэн эрхмүүдийг харж байхад олны танил хүмүүс маш их нэгдсэн байсан.

Санасныг бодоход “1000 номын аян”-д маань олны танил хүмүүс ихээр нэгдсэн. Хамгийн анх бид УДЭТ-ын найруулагч Н.Наранбаатар ахтай уулзаж байлаа. Харин Н.Наранбаатар ахаас хойш өнөөдөр бидэнтэй 40 гаруй олны танил эрхмүүд нэгдчихээд байна. Энэ дашрамд хэлэхэд МУГТ О.Пүрэвбаатар ахыг энд онцолж дурьдах хэрэгтэй байх. Учир нь МУГТ О.Пүрэвбаатар ахын “Залуучуудын тэмүүлэл” ТББ бидний засварыг үнэ төлбөргүй хийж байна. Энэ мэтчилэн бидний ажлыг дэмжин тусалж байгаа бүх хүмүүстээ маш их баярлалаа. Мөн “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо” болон “Евровүүд” ХХК-ийн хамт олондоо аянд маань нэгдэн  номын иж бүрэн тавилгыг хийж өгсөнд талархсанаа илэрхийлье. Ер нь сайн үйлсийн төлөө зорьсон хүмүүсийн ажил бүтдэг гэдгийг бидэнд мэдрүүлсэнд үнэхээр урамшиж байгаа.

“1000 номын аян” хэзээ дуусах төлөвлөгөөтэй байгаа вэ?

ЭХЭМҮТ-ийн чих, хамар, хоолойн тасгийн нэгж хэсгийг номын сан болгох засварын ажил бүрэн дууссан гэж хэлэхэд болно. Одоо жижиг хэмжээний заслын ажил хийгдэх үлдсэн байна. Аяны маань хувьд 12 сарын 23-нд дуусна гэж бид төлөвлөсөн байгаа. 

Сүүлийн үед залуусыг ном бага уншлаа, залуучууд залхуу байна гэж шүүмжилдэг. Тэгвэл та бүхний ажил монголын ирээдүй болсон залуус залхуурч суудаггүй гэдгийг харуулж байна.

Тэгэлгүй яахав аяны маань нэгээхэн зорилго бол залууст зөв үлгэр дуурайлал үзүүлэх. Өнөөдөр бидний үеийн залуучууд юуг хийж бүтээх вэ гэсэн хүсэл, мөрөөдөлтэй байдаг ч эхлүүлж чаддаггүй. Тэгвэл хүн зориод хичээвэл юуг ч хийх боломжтой юм байна шүү гэдгийг энэ дашрамд хэлмээр байна. Тэрнээс гадна монголчуудын маань нэг нэгэндээ тусалж дэмжье гэсэн сайхан сэтгэл хэвээрээ байгааг аян үргэлжлэх хугацаанд дахин мэдэрсэн. Үүнд ч бид маш их баярлаж, урамшиж байгаа. Нэмээд хэлэхэд бидний энэ эхлүүлсэн аянд та бүхэн нэгдэхийг уриалж байна. Өөрсдийнхөө хийж чадах зүйлээрээ нийгэмд эерэг зүйл бүтээгээрэй гэж залуустаа хэлмээр байна

“1000 номын аян” төсөл амжилттай хэрэгжиж байна. Цаашид энэ төслөө үргэлжлүүлэх үү?

Бид ирэх хавар “1000 номын аян”-аа үргэлжлүүлнэ гэж төлөвлөсөн. Тэр үед бид асрамжийн газарт номын сан байгуулья гэж бодож байгаа. 2014 оны статистик мэдээллээр Монгол Улсад 1000 гаруй номын сан байдаг гэсэн судалгаа байдаг юм билээ. Гэтэл өнөөдөр ердөө 8 номын сан нь нийтэд ил байна. Бидний нэг  зорилго бол энэ 8 гэсэн тоог нэмэгдүүлэх. Энэ ч зорилгынхоо хүрээнд “1000 номын аян”-аа үргэлжлүүлсээр байх болно.

Бидэнтэй ярилцсанд баярлалаа.