Залуус нийлж нэгдэж чадвал улс орондоо хэрэгтэй, нийгэмд эерэг, зөв үлгэр дуурайлал үзүүлж чаддагийг харуулж яваа хэсэг найзууд нэгдэн Баянгол дүүрэгт байрлах ЭХЭМҮТ-ийн Чих хамар хоолойн тасгийн нэгж хэсгийг иж бүрэн тохижуулж номын сан болгож өгөхөөр өнгөрсөн 11-р сард “1000 номын аян” төслөө эхлүүлсэн юм. Тэгвэл өнөөдөр \2016.12.23\ эдгээр залуус санасан үйлээ бүтээж номын сангаа бяцхан дүү нартаа хүлээлгэн өглөө.
МУИС-ийн оюутан Д.Түвшинтулга: "1000 ном" аяныг зохион байгуулагч залуусын төлөөлөл
Эх нялхасын хүүхдийн чих хамар, хоолойн тасагт "1000 ном" төслөөрөө дамжуулан номын сан байгуулж өгсөн та бүхэнд маш их баярлалаа. Энэхүү аяныг өрнүүлэх санаа хэрхэн төрсөн бэ?
Д.Түвшинтулга: Баярлалаа. Бид анх гадны эмнэлэгүүдийн номын санг хараад Монголд ч гэсэн эмнэлэгт номын сан байгуулах боломжтой юм байна гэж ярилцаад энэхүү аянаа эхлүүлсэн юм. ЭХЭМҮТ-д маш олон буюу жилд 13,000 хүүхдүүд хэвтэн эмчлүүлдэг чих хамар хоолойн тасгийг сонгон тохижуулахаар болсон. Манай баг 20 хүний бүрэлдэхүүнтэй ажилласан ба 21 м.кв бүхий хоосон коридорт дүү нартаа зориулж номын сан байгууллаа. "1000 ном" аян төсөлд 160 гаруй хувь хүн, албан байгууллагууд оролцон 700 гаруй ном хандивласан юм. Бидний аяныг дэмжиж ажилласан MASS TV, "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо" ETV телевиз, Мэдээллийн лавлах 19001950, "Залуучуудын тэмүүлэл" ТББ хамт олон болон Unitel группийн хамт олондоо талархал илэрхийлье.
Д.Саруул МУИС-ийн оюутан:"1000 ном" аяныг зохион байгуулагч залуусын төлөөлөл
Та бүхэн шинэ оны босгон дээр ЭХЭМҮТ-ийн хүүхдийн чих хамар хоолойн тасагт 700 гаруй ном хандивлаж бяцхан дүү нартаа бэлэг барилаа. Ямар төрлийн ном хандивласан бэ?
За бид эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй дүү нартаа зориулж хичээлийн хоцрогдолд бүү ороосой гэсний үүднээс сурах бичгүүд, цэцэрлэгийн насны хүүхдүүд зориулж зурагт буддаг ном, хүүхдээ сахиж буй эцэг эхчүүдэд зориулж уран зохиолын гэх мэт төрөл төрлийн ном цуглуулж номын сангаа байгууллаа. Бид ном цуглуулахаас гадна ЭХЭМҮТ-ийн чих хамар хоолойн тасагт номын сан байгуулах засварын ажлыг хийж дуусгасандаа маш их баяртай байна.
ЭХЭМҮТ-ийн хүүхдийн чих хамар хоолойн тасгийн эмч Үржинханд:
Өнөөдөр манай эмнэлэг дээр маш сайхан үйл явдал болж байна. Манай тасаг 3-16 насны хүүхдүүд хэвтэн эмчлүүлдэг. Олон сайхан залуучууд нэгдэн хүүхдүүдэд маань нэг ном биш мянган ном хандивлан номын сан байгуулж өгсөнд маш их баяртай байна. Бэлэг бэлгийн дээд ном гэж хэлдэг шүү дээ. Ингээд эдгээр залуусынхаа үйлсийг улам өргөжин тэлж байх болтугай гэж ерөөе.
ЭХЭМҮТ-д эмчлүүлж буй хүүхдээ асарч буй эцэг эхийн төлөөлөл Б.Мөнхзул
За юуны өмнө эдгээр залуусдаа маш их баярлалаа. Чих хамар хоолойн тасагт өвчтэй хүүхдүүд маш их байдаг бөгөөд олон хоногоор хэвтэж эмчлүүлдэг. Өмнө нь манай хүүхдүүд өвчиндөө шаналаад өрөөндөө цагийг уйдаж өнгөрүүлдэг байсан бол одоо ийм сайхан номын сантай болсноор чөлөөт цагаа маш үр дүнтэй өнгөрүүлэхийн зэрэгцээ хичээлийн хоцрогдлоо ч нөхөн бие даан сурах боломжтой болсонд хүүхдийнхээ өмнөөс талархаж байна.