УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Дипломат албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдлээ. Дипломат албаны тухай хуульд дөрвөн зүйл бүхий нэмэлт, өөрчлөлтийг хийх санал оруулжээ. Үүнд, дипломат төлөөлөгчийн газарт томилогдох томилолтын хугацаа гурван жил байсныг дөрвөн жил болгон өөрчлөх юм. Хувийн хэвшилд ажиллагсдын цалин хангамжтай харьцуулахад төрийн албаных өрсөлдөхүйц хэмжээнд хүрэхгүй байгаа.
Үүний улмаас дипломат албанд ажиллах мэргэжлийн, ялангуяа хэлний өндөр мэдлэгтэй залуу ажилтнууд хувийн хэвшилд шилжин ажиллах нь ихэссэн байна. Үүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор дипломат албанд ажиллагсдын, ялангуяа Дипломат төлөөлөгчийн газарт ажиллагсдын нийгмийн баталгааг сайжруулах шаардлага гэж үзжээ. Энэ хүрээнд хилийн чанадад ажиллагсдын цалин хөлсийг 3 жил тутамд Засгийн газраас шинэчлэн тогтоож байх, хүүхдийн цэцэрлэгийн төлбөрийг төрөөс хариуцах, эхнэр буюу нөхөр нь төрийн албан хаагч бол ажлын байрыг нь хадгалах зэрэг нийгмийн баталгааны зохицуулалтыг нэмсэн байна.
Хуулийн төслийн талаар Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил “ Хуулийн төслийг боловсруулахдаа ХБНГУ, АНУ, БНХАУ, Болгар, Туркменистан зэрэг улсын дипломат албаны хуулиудыг харьцуулан судалсан. Хуулийн төсөл батлагдсанаар хүүхдийн цэцэрлэгийн төлбөрийн 300 орчим мянган ам.долларын зардал гарах боловч энэхүү зардлыг 2017 оны 6 дугаар сараас хаахаар төлөвлөж байгаа 4 дипломат төлөөлөгчийн газрын санхүүжилтийн зардлын хэмнэлт, мөн томилохгүй царцаах орон тооны санхүүжилтийн зардлын хэмнэлтээс шийдвэрлэх бүрэн боломжтой. Иймд улсын төсвөөс нэмэлт санхүүжилт шаардахгүй юм” гэсэн юм.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүдийн асуултад ГХ-ны сайд Ц.Мөнх-Оргил хариулав.
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: Дипломат албаны тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг дэмжиж байна. Энэ хуулийг өөрчилснөөр улсын төсвөөс нэмэлт хөрөнгө шаардагдахгүй гэж байгаа. Энэ боломжийг яаж үүсгэх вэ?
Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил: 2017 оны улсын төсөвт нэмэлт зардал гарахгүй. 2018 оноос нэмэлт зардал гарна. Улсын төсөвт 290 мянган ам.долларын зардал тусах юм. 80 диплоамт ажилтнуудын зардлыг царцааж 1.8-1.9 мянган ам.долларын зардал хэмнэгдэнэ гэж тооцож байгаа. Гадаад харилцааны дипломат ажилтнуудын дундаж нас 30. Женевт томилогдож байгаа хоёрдугаар нарийн бичгийн даргын цалин 2000 ам.доллар. Гэтэл хүүхдийнх нь цэцэрлэгийн зардал цалинтай нь тэнцүү. Тиймээс тухайн дипломат төлөөлөгчийн газрын онцлогоос шалтгаалж, төсвийг нь тусгах хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: Дипломат ажилтныг урамшуулал сууж өгсөн үү. Гадаад харилцааны ажилтнуудын судалгааны ажил нэн ховор байна. Үүнийг урамшуулдаг системд оруулж өгөх ёстой.
УИХ-ын гишүүн Л.Болд "35 хүүхдийн цэцэрлэгийн мөнгө олж өгөхийн тулд дөрвөн дипломат газрыг татан буулгаж, царцаах хэрэг байна уу. Монгол Улс энэ цаг үед гадаад бодлогоо дэмжих, санхүүг нь сайжруулах зүйл оруулж ир. Өнгөрсөн Их хурлын үед НҮБ-ын байнгын төлөөлөгчийг Элчин сайд болгосон. НҮБ-ын бүх бодлогыг буруутгаж, муутгаж, оролцоог нь бууруулж байна. НҮБ-ыг УИХ-аар хэлэлцдэг байсныг болиулах хууль оруулж ирж байна. Гадаад харилцааг ингэж хөгжүүлдэг цаг үе ирсэн юм уу. Та бүхэн гадаад харилцаандаа мөнгө нэм"гэсэн байр суурь илэрхийлсэн юм.
Гишүүд асуулт асааж, үг хэлсний дараа уг хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад 85.6 хувийн саналаар дэмжигдсэн юм.