
Цахим хуудсаар сүүлийн хоёр цаг хэрэглэгчдийн гомдол тасарсангүй. Учир нь "Юнител" группийн юнивишнийн хэрэглэгчид мэдээ, мэдээлэл авч чадахгүй болоод байгаа гэнэ. Юнивишн өнөөдрийн 17.20 цагаас хойш сүлжээ нь тасарсан бөгөөд одоо хэр нь хэрэглэгчдээсээ хүлцэл өчөөгүйн дээр ямар гэмтэл гарсан талаар мэдээлэл өгөөгүй гэнэ.
Тус сүлжээг хэрэглэгч Баянгол дүүргийн иргэн И.Мөнхбат "Манайх энэ сүлжээг ашиглаад жил гаруй болж байна. Хүссэн нэвтрүүлгээ ухрааж үзэх боломжтой давуу талтай ч байнга тасалдаж бухимдуулах болсон. Үнэхээр гомдолтой байна. 14-24, 77118811 утас руу нь залгахаар ерөөсөө утсаа авахгүй юм. Сая телевиз гарч эхэлсэн ч Үндэсний олон нийтийн телевиз, Монгол HD телевизээс өөр суваг гарахгүй байна" гэв.
Удаа дараа тасалдаж, хэрэглэгчдээ хохироож байгаа юнивишнийнхэн рүү утас цохисон боловч авсангүй. Ямар гэмтэл гарсан, хэзээ хэвийн үйл ажиллагаандаа орох нь тодорхойгүй байна.
