m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2017.01.23 09:47
2109
Бөртэ ТӨҮГ нь их хэмжээгээр үйлдвэрлэх хүчин чадалтай гэдгээрээ бусдаас давуу талтай юм

Аливаа улсын тусгаар тогтнолын бэлэг тэмдэг, төрийн сүр хүч, цэрэг дайчдын жавхаалаг байдлыг дүрэмт хувцас бүхий цэрэг эрс илтгэн харуулдаг. Энэ ч утгаараа монгол цэрэг дайчдынхаа сүр жавхааг тодорхойлж, улсын хэмжээнд бүх цэргийн алба хаагчдын дүрэмт хувцсыг БХЯ-ны харьяа Бөртэ ТӨҮГ өнөөдрийг хүртэл урлаж байна. Тэртээ 1921 онд Жанжин Д.Сүхбаатарын санаачлагаар журамт цэргийн хувцас хэрэглэлийг сэлбэн засах оёдлын бүлгэм байгуулан улмаар 1922 оны эхээр “Бэлтгэн үйлдэх тасаг” нэртэйгээр цэргийн гар үйлдвэрийг албан ёсоор байгуулсан нь одоогийн дүрэмт хувцасны Бөртэ ТӨҮГ-ын тулгын чулууг анх тавьж байжээ. Үйлдвэрийг байгуулах үед үйлийн хайч, зүү, тэвнээс өөр ямар нэгэн багаж хэрэгсэл байхгүй дан ганц гар оёдлоор хувцас хэрэглэл хийдэг байсан бол өнөөдөр тус үйлдвэр нь 20 нэр төрлийн 190 гаруй техник хэрэгсэл, 200 гаруй ажилчидтай болон өргөжин үйл ажиллагаагаа явуулж байна. 

Тус үйлдвэр Эсгүүр, Загвар, Китель, Өмд, Гүйцэтгэх тасаг гэсэн үндсэн 5 тасагтай. Өдөрт дунджаар 250-450 бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай. Үйлдвэрийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлж бүтээмжийг өндөрсгөх зорилгоор 2015 онд бөөнөөр үйлдвэрлэх 2 тасаг, захиалгын тасаг, эсгүүрийн тасаг, гүйцэтгэх тасгуудын технологи, дамжлагын хуваарийн шинэчлэлийн бүрэн хийж чадсанаар үйлдвэрлэлийн гарцыг 28 хувиар нэмэгдүүлжээ. 

Тус үйлдвэр нь 200 гаруй ажилтан албан хаагчидтай бөгөөд үүнээс 140 оёдолчин, эсгүүрчин, наалт, гар ажиллагаа, тусгай тоног төхөөрөмжийн ажилтнуудаас бүрдэнэ. Нийт оёдолчдын 70 гаруй хувь нь оёдлын 4,5 зэрэгтэй, мэргэжлийн өндөр ур чадвартай эсгүүрчидтэй. Үйлдвэрээсээ хөдөлмөрийн гараагаа эхлүүлж өдгөө 30, 40 жил ажилласан ахмад туршлагатай үйлчид олон.

Зэвсэгт хүчний нүүр царай хувцас хэрэглэлээрээ ялгардаг. Тэгвэл энэ хугацаанд монголын зэвсэгт хүчний сүр жавхааг Бөртэ ТӨҮГ-ын чадварлаг хамт олон тодорхойлж, учиг бүртээ ухаанаа шингээн урлаж байна. Одоо эднийд Монгол улсын оюуны өмчийн газраас баталгаажсан БХИСургуулийн-Сонсогчийн дүрэмт хувцасны 5 багц,  БХЯ, ЗХЖШ бие бүрэлдэхүүний дүрэмт хувцас 9 хувилбар,  Сурагчийн дүрэмт хувцасны 2 хувилбар,  Зэвсэгт хүчний байгууллагуудын 51 мөрдөсний патентыг тус тус авсан байдаг юм. Хамгийн сүүлд л гэхэд Ази европын дээд түвшний уулзалт Монгол улсад зохиогдохтой холбоотой Төрийн хүндэт харуулын хувцсыг шинэчилсэн байна. 

Бөртэ ТӨҮГ нь Монгол улсын хүчний байгууллагуудын дүрэмт хувцас хэрэглэлийг үйлдвэрлэхийн зэрэгцээ өвөл, зуны, ажлын болон хөдөлмөр хамгааллын хувцас, хэрэглэл оффисийн ажилчид, сурагчдийн дүрэмт хувцас зэрэг оёмол бүтээгдэхүүнүүдийг чанарын өндөр түвшинд бэлтгэн нийлүүлж байна. Манайд бөөнөөр захиалга авч олон тоогоор хурдан хугацаанд бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг оёдлын газрууд тун цөөхөн байдаг. Тэгвэл Бөртэ ТӨҮГ нь их хэмжээгээр үйлдвэрлэх хүчин чадалтай гэдгээрээ бусдаас давуу талтай юм. 

Харилцах утас:9903-0310, 11324168