
Улс төрийн хүчин засгаас сул чөлөөтэй, сөрөг хүчин байх үедээ л шинэчлэгддэг. Энэ боломжийг ашиглаж чадвал дараагийн сонгуульд арай өөр үр дүнд хүрэх боломжтой.
Улс төрийн хүчний хувьд шинэчлэл гэж юуг ойлгох вэ? Хамгийн түрүүнд үзлийн шинэчлэлээс л эхэлнэ. Өмнөх жилүүдэд намын гишүүдийн ааш аяг, гаргасан шийдвэрүүдэд нь сонгуулиар оноо өгч асуудал шийдэгдээд сөрөг хүчин болчихсон шүү дээ. Үзэл нь хүчтэй, нэгдмэл байсан бол арван толгойтой луу шиг тал тал тийш зүтгэж, олон янзын эмх замбараагүй ойлголт нийгэмд өгөхгүй байсан биз. Ардчилал гэдгээ бүлэг фракц бүр өөр өөрөөр ойлгож, өөр өөрөөр тайлбарлаж байгаа үед ийш тийш савлах нь ч аргагүй. 1990, 2010 оны нөхцөл байдал, өнөөгийнхөөс тэс өөр.
Үзэл баримтлалаа шинэчлэхийн хажууд дарга солих, дүрэм шинэчлэх бол жижиг асуудал. Үзлээ шинэчлээд дараа нь дарга сонгосон бол ядаж юуны төлөө зүтгэхээ нөгөө хэд нь ойлгож өрсөлдөх байлаа. Даргаа солиод үзлээ шинэчилнэ гэснээрээ намынхаа шинэчлэлийн амин сүнсийг шинээр ирэх хүнд даатгаж орхив оо хөөрхий. Эндээс харвал хэт либералист баримжаатай Батзандан, Гантөмөр, хуучны соцдекүүдээс бүрдсэн Алтангадасын Алтанхуяг нарын аль нэг гарвал Ардчилсан намын үзлийн баримжаа тэр зүг рүүгээ шуударна гэсэн үг. Аль фракц давамгайлахаас үзэл баримтлал шалтгаалах байдал нэгэнт үүсчээ.
Хоёр гол нам зонхилдог тогтолцоонд ихэвчлэн нэг нь баруун, нөгөө нь зүүн талаа бүхэлд нь эзлэхийг хичээдэг. 1990 оноос хойш хуучин коммунист үзлээсээ ухарч социаль демократ гэж зарласны хүчинд өнгө төрхөө өөрчилж, ардчиллыг дэмждэг маск зүүсэн МАН төрийн эрхийг олон жил барилаа. Алгуур, аажим өөрчлөлтөөр баруун тийш шилжих сонирхолтой нь амлалтуудаас нь харагддаг. Ингэвэл Ардчилсан нам баруун талаа бүхэлд нь эзэлж чадахгүйд хүрнэ. 1990 оныхоос үзэл баримтлалаа ахисан шатанд гаргаж, шинэчлээгүй нь ийм орон зайг гаргаж өгөөд байгаа хэрэг.
2016 оны 9 сард Ардчилсан намын үзэл баримтлалыг шинэчлэх ажлыг С.Эрдэнэ санаачилж, доктор, дэд профессор Б.Энхбайгаль ахлагчтай ажлын хэсэг боловсруулжээ. Улс төрийн хүчний үзэл баримтлал нийт гишүүд, иргэдийн санаа зориг, цаг үеийн захиалгатай нийцэж байж л хэрэгжинэ. Дээр өгүүлсэн утгаар нь авч үзвэл улс төрийн тогтолцооныхоо баруун талыг бүхэлд нь хамарч чадсан, системтэй, эмх цэгцтэй үзэл баримтлал болжээ. Улс орныг цаашид хэрхэн авч явах үзлийн хувьд баруун чигийг баримтлах улс төрийн хүчинд үүнээс илүү дээр гарц үнэндээ байхгүй.
2000 онд олон нам нэгдэж үүсгэсэн Ардчилсан нам МОАН, МҮДН, МСДН, МАСМН-ын янз бүрийн үзэл бодол, дээр нь МОАХ, АХХ, Алтангадас, МҮДНЯК, Нэг ардчилал, Кроун гээд олон ашиг сонирхлыг агуулдаг. Үүн дээр нэмээд гадаад өр ихсэж, иргэд ядуурч, эдийн засаг хүндэрсэн, авилгалтай өнөөгийн нөхцөлд арай эх оронч өнгө аяс илрэх нь ч зөв байх.
1990 онд анхны ардчилагчдын ойлгож байсан ардчилал, хүний эрх, хувийн өмч, хэвлэлийн эрх чөлөөний ойлголтыг Үндсэн хуулиар нэгэнт баталгаажуулсан. Өнөөгийн түвшинд бол арай гүнзгийгээр ухаж ойлгоод гүнзгийрүүлэн баталгаажуулах, бодит утгаар нь хэрэгжүүлэх, үүний тулд ажиллах арга замыг үзэл баримтлалын төсөлд хангалттай тусгажээ. Үзэл бодоо илэрхийлж, үг хэлэх хориотой нийгмийн байгууллаас ангижирч, хувийн өмчтэй болох, ардчилсан сонгуультай болох нь яах аргагүй 1990 оны зорилт байсан, хэдийнэ биелчихээд байна. Одоо бол хуучин носталжигаасаа жаахан холдоод цаашид яах вэ гэдэг арга замаа бодох нь тулгамдсан асуудал гэдэгтэй судлаачийн хувьд санал нийлэхээс өөр аргагүй. Нэгэнт арга замын тухай өгүүлж байгаа тул хоёр өгүүлбэрээр хязгаарлаж болохгүй нь ойлгомжтой. Харин ч ийм төрлийн баримт бичгүүдээс харьцангуй богино, тодорхой болжээ. Энэ үзэл баримтлал батлагдахад нэг л саад бий. Ардчиллыг туйлын либерализм гэж анархизм руу дөхсөн ойлголтоор эндүүрсэн либерал хэсэг нь үүнийг өөриймсөж авч чадах уу?
Хөрөнгө мөнгө, гадны хөрөнгө оруулалтад шүтэж, капитализм байгуулахыг зорьдог либерализм л бараг дангаараа ноёрхож, бусад чиглэлүүдээ бүрхэгдүүлсний уршгийг олигархиудын хэмжээ хязгааргүй ноёрхол, нийт иргэдийн амьжиргааны доройтлоос бид харж л байна. 1990 онд ардчиллыг эхлүүлсэн МОАХ-ын зорилго энэ байсан гэж үү?
Угтаа бол либерализм барууны биш, бүр зүүний үзэл баримтлал юм шүү дээ. Эд хашгичсаар байгаад өөрсдөө хүртэл либерализм бол ардчиллын цорын ганц тодорхойлолт гээд буруу андуурчихсан. Зөвхөн би болж байвал, хувь хүн болж байвал бусад нь хамаагүй гэж ойлгодог либерализм анархизмд хүрэхэд ердөө хоёрхон хуруу зай бий. Тэгтлээ даган дууриагаад байгаа АНУ-д ч хүртэл либерал үзэлтнүүд нь зүүнийх, харин консервативууд нь барууных гэж ойлгодог. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ч бас барууны консерватив намын төлөөлөгчийн хувьд неолиберализмаас татгалзаж эхэллээ. Либерализмын нөлөөгөөр үйлдвэрүүд нь гадагш шилжиж, ажилгүйдэл ихсэж, эдийн засаг сульдсан нөхцөлд арай баруун чигийн нам болох консерватив нам нь яллаа. Манайхаас ялгаатай нь тэнд коммунист нам байхгүй. Дэлхий нийтийн нийтлэг ойлголтоор бол улс төрийн үзлийн орон зай дотор либералистуудыг хэт зүүний талыг баримтлагч гэж нэрлэх нь ч бий. Америкийн улс төрийн баримжаагаар либерал нам нь зүүний тал.

Ардчилсан нам үзэл баримтлалаа яаж тодотгохоос, улс төрийн нам өөрийгөө аль талд нь байгаа гэж ойлгохоос их зүйл хамаарна. Хувь хүний эрх чөлөөг 1-р эрэмбэд тавьж, төрийг хязгаарлахаас өөрийг боддоггүй цэвэр либерал чиг баримжаагаар цааш явна гэвэл удалгүй бэлчээрийн газраа хувьчилж, банкны өрөнд өгөөд тэр нь наймаагаар дамжин гадныхны гарт ороод, “төр зохицуулах шаардлагагүй бүү оролц” гэсээр малчид нутгаасаа хөөгдөж, уул уурхайд эзлэгдээд дуусах биз. Капитализмыг зорилгоо болгодог либералистуудын хувьд бол баяжиж л байвал үндэсний соёл уламжлал, улс орны ирээдүй, тусгаар тогтнол бол хөлийн ул хавьцаа л байх ёстой асуудал. Дэлхийн аль ч улс оронд либералистууд ийм л байдаг.
Харин ч энэ үзэл баримтлалд “коммунизм, капитализм, анархизм фашизм, неолиберализмын алиныг нь ч дагахгүй” гэж тунхагласнаар их л зөв байр суурийг баримталжээ. Бүхэлд нь авч үзвэл гадны аль нэг изм-ыг шууд баримтална гэж туйлшраагүй, монголчуудын уламжлал, зан заншилд нийцэхүйц, “бараг л хөрсөн дээрээ буусан” үзэл баримтлал болжээ. “Бараг” гэдгийн учир нь нам доторхи ашиг сонирхлын бүлгүүдийн бялуу, Ардчилсан нам доторхи фракциудад гадны нөлөө хэр их байхаас хамаарна.
Хэт туйлшраагүй, хэт либералист биш, хэт консерватив биш, тэгэхдээ л харьцангуй дээрх үзэл, онолыг бүгдийг нь багтаасан, баруун төвийн баримжаатай ийм үзэл баримтлалыг баталж чадвал уг нь Ардчилсан намд баруун талын орон зайгаа бүрэн эзлэх боломж гарна.
Үзлийн ийм хандлагыг нам доторхи хэт либералууд (ялангуяа Нэг ардчилал) ойлгож чадах болов уу даа. МОАХ, Алтангадас, АХХ, МҮАН, МҮДН болон бусад фракцийн хажууд тэдний эзлэх хувь бага. Тэд ядаж л Хүний эрхийн түгээмэл тунхагийн 28.9-ийг олоод уншчихвал уг нь болохгүй гэх газаргүй. Нийт ард иргэдийн сайн сайхны төлөө төр зарим зүй зохистой зохицуулалт хийхийг зөвшөөрч, хэт туйлшрахаас татгалзах нь л хамгийн зөв шийдэл.
“Хүн бүр эрх чөлөөгөө эдлэхдээ бусдын эрх чөлөөг хууль зүйн дагуу зөвшөөрөн хүндлэх, ёс суртахууны шударга шаардлагыг биелүүлэх, ардчилсан нийгэмд байдаг хэв журам, бүх нийтийн сайн сайхан байдлыг хангах үүднээс хуульчлан тогтоосон зохих хязгаарлалтад захирагдана”
Хүний эрхийн түгээмэл тунхаг
Ардчиллын түүхэнд анхнаас нь МОАХ гол үүргийг гүйцэтгэсэн гэдэгтэй бүгд санал нийлнэ. Гоё сайхан үгээр хуурч, эрх мэдлээ хадгалж үлдэх, ард түмнийг нийтээр нь ядуу байлгаж, хэдхэн хөрөнгөлөг олигархийг шүтэх нь хэзээ ч МОАХ-ын зорилго байгаагүй. Хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгмийг байгуулах нь л МОАХ-ын зорилго байсаар ирсэн. Одоо бол урьд өмнөхөөс илүү хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгмийг цогцлоох зорилго хэзээ хэзээнийхээс илүү тулгамдаж байх шиг. Тэгэхдээ явж явж МОАХ л шийдэх биз.
Ардчилсан нам, хөрөнгөлөг олигархиудын нам уу, нийт монголчуудын нам уу гэдгээ одоо л шийдэх цаг. Урьд нь хийгээгүй байж, одоо нэг үзэл баримтлал гараад ирэхээр гэнэт нойрноос сэрсэн аятай аашилж, либералистууд нь дахин нэг хувилбар гаргаж ирээд давамгайлбал капитализм байгуулах, зөвхөн хөрөнгөтний эрх ашгийг хамгаалах нам болно. Энд өгүүлж буй үзэл баримтлалыг баталж чадвал энэ нам нийт монголчуудын нам болно. Харж л байя даа.
Судлаач Би.Монголхүн
