m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2017.03.07 07:06
4519
Монгол бүсгүй

Зүтгэн зүтгэн тэмүүлж яваа
Зүг нийлсэн алаг морьд шиг
Гантай залуу насны минь 
Солонгын долоон өнгө чи хаана байна

Гантөмөр шиг сэтгэлийн минь
Соронзон гүүр чи хаана байна
Мөрөөдөх насны минь 
Мөнгөн сарнай чи хаана байна
Мөсөөр шаргих амьдралын 
Мөнхийн зул чи хаана байна

Гүнзгий мөрөн шиг амьдралийн гүүр болсон алдрай минь
Хүн хэмээх алдарын Нүүр болсон амраг минь ээ
Хүүхэн хэмээх нэрийн турихан бүхнийг агуулж
Түүхт монгол орны тулгыг түшсэн эхчүүд минь ээ

Мойл жимсний ширхэг шиг тормолзонхон нүдтэй
Морин цэргийн сэлэм шиг туялзанхан нуруутай
Монгол бүсгүй таныхаа гэрэл сүүдрийг тодорууласхийж
Монгол яруу найрагч гэгэлзэн байж дуулахуудаа

Хүний хайрыг анхан амссан 
Хөвгүүн зүрхний товшолт гэмээр
Хүслэн хосолж болзоонд урисан
Хөөрхий нэгний тогшилт гэмээр
Яаруухан бөгөөд эрчимтэй чимээ хэцийн цаанаас тодорч
Яруухан бөгөөд өргөлттэй айзам хээрийн пянзанд бичигдэж байнам

Тэнгэр газрын савсалга нийлэх
Тэртээ цэнхэр гүвээний цаанаас
Тэнгис далайн долгион хавах
Тийм л гүн харанхуй гэмээр
Нэргүй усгүй толгодыг даваад
Нэг морьтон тодроод ирлээ
Өнгийн цэцэгтэй ногоон хөндийг
Омоглон морьтон тоосоор шугамдлаа
Багваахай цэцгийн өдөн малгайг
Багц багцаар үргээн хийсгэж
Харж зогссон миний нүдийг
Халиун салхиар алгадан өнгөрлөө
Хээрийн тоос мориний хөлс 
Хээнцэр хувцасны үнэртэн ус
Хэсэгхэн зуур хан хийгээд 
Хэдэн гүвээ даваад одвоо

Навчин чихтэй суман хүлэгийн
Нарийн суран жолоог түшэн
Насан залуу монгол бүсгүй
Надад гайхуулаж ийнхүү өнгөрлөө

Хэмнэл нарийн давхиат мориний
Хэрлэнгийн хар ус шиг сайхан нүд
Духны хөхөл нарийн халз
Дунгийн ам шиг хамрын нүх
Зангиран товойх овгор булчин
Загасны хайрс шиг гялтганах зүс
Сэрвээнд зуралдах гурван хавирга
Сүүлнийнэ хийсэлт тодороод өнгөрвөө

Сайхан хүлэгийг санаагаараа захирч
Саран даруулгыг гэзгэндээ шигтгэж 
Саарал эсгий малгай духтуулаж
Салхин дарцаг шиг бүсгүйн
Холцоруутанхан бор нүүр
Холбирон бултах хар нүд
Хотгор нуруу гүдгэр цээж 
Хоромхон зуур харагдаад өнгөрлөө

Сайн мориний ширүүн давхилтаас
Сайрийн чулуу зүлгэн дээр шидэгдэн
Сайхан бүсгүйн ширүүн харцнаас
Шүлэгийн тоос зүрхэн дээр шингэнэ
Хүний сайханыг олж төрөөд
Хүслийн сайханыг дээжэлж өсөөд 
Мориний сайнийг унах заяатай
Монгол бүсгүй гэдэг
Тив дэлхийн жаргал хуваалцаад
Тэгш таван хүсэлэн хэмээх 
Талын дунд ингээд учирхад
Талх таван тэнгэр гэмээр
Хүний газар нутагаа санахад
Хүсэлийн таван судас гэмээр 
Хүүгээн тэврээд бүүвэйлж суух нь
Хөгжимийн таван утас гэмээр
Эмээлийн дөрөө дархалж өссөн
Эрийн сэтгэлийг уяруулдаг байнам
Өсөхийн цагт чихэр шиг үгийг
Өтөлхийн цагт таяг шиг үгийг
Өлсөхийн цагт хоол шиг үгийг
Өвдөхийн цагт эм шиг үгийг
Алс явхад унаа шиг үгийг
Айхийн цагт зэвсэг шиг үгийг
Ядархын цагт янчаан шиг үгийг
Ямбалахын цагт тэрэг шиг үгийг
Дээл олдоход хөнжил болох үгийг 
Энэ ганц насанд минь ээж аав хэлдэг юм байна
Эр ганц биенд минь эхнэр хүн хэлдэг юм байна

Хүндтэй чадалтай монгол бүсгүйн
Хүчтэй атлаа уяхан цогцос
Хүлэг мориний онгон зоон дээр
Хүнийг хайрлаж тэрнийг төрүүлнэм

Шулуун бус адармаатай түүхийн
Чулуун хуудасууд эргэж байхад
Халуун тэмцэлийн тоосон дунд 
Бүлээн цус асгарч байхад
Морин цэргийн сэтэрсэн эгнээг
Монгол бүсгүй нөхөж явсан юм
Хайртийгаа тэвэрдэг уяхан гараараа
Хаттай сэлэм атгаж явсан юм
Хар хилин гэзгээ шууж
Хаж мөнгөн дуулгаар даруулж
Найр наадамын гоёлын дурданд
Нарийн гялтан хуяг тааруулж
Саалийн хувин баридаг гартаа
Саран дугуй бамбай атгаж
Эсгэрээд ирэх гэлбэрт сумыг
Эрмэгч үгүй сөрж явсан юм
Ахуй энэ монгол орныхоо
Ариун тэмцэлийг хүүгээрээ хэмжсэн
Аугаа их маргаашын төлөө
Амгалан тайванийг сүүгээрээ дэмжсэн
Манай сайхан монгол бүсгүйд 
Хүний сайхан цөм бүрдэсэн юм
Даруу сайхан зан чанарт нь
Яруу сайхан увьдас шингэсэн
Дээдийн зэрэгтэй сайн явая гэвэл
Дэлхий дахиний эрдэмийг сур
Элгэн хайртай монгол эрчүүдээ
Энхрийлэн хайрлан хүндэлж яваарай

Р.ЧОЙНОМ