Монгол оронд нүүдлийн шувууд олноор үүрлэн зусдаг үзэсгэлэнтэй газар олон бий. Эдгээр газрын нэг бол Улаанбаатар хотын иргэд биднээс хэдхэн километрийн зайд орших хотын баруун хэсэг буюу Сонгинохайрхан уулын зүүн бэлд шувуу ажиглагч, сонирхогч залуусын нэрлэсэн “Хун нуур”гэж бий. Энэ нууранд 2009 оноос хойш хос Гангар хун ирж үүрлэж байгаа учраас энэ нуурыг “Хун нуур” хэмээн нэрийджээ. Чухамдаа яагаад заавал хосоороо бас ганцхан хос нь л ирдэг талаар та гайхаж байгаа байх. Тэгвэл үүний учир нь түүний үнэнч зантай холбоотой ажээ.
Манай дэлхийн хамгийн үнэнч амьтан бол хун бөгөөд амьдралынхаа турш ганцхан хань ижилтэйгээ байдаг ба хэрвээ хос нь үхвэл үхэн үхтэлээ ганцаараа амьдардаг ажээ. Нөгөөтэйгүүр усны бусад шувуудаас хавьгүй урт буюу хоёр метр гаруй урт дэлгэгддэг далавчтай тэрбээр усны мандал дээгүүр урт зам туулан байж нисдэг тул түүнд талбай маш чухал хэрэгтэй байдаг нь ганцхан хос хун үүрлэдгийн гол шалтгаан юм.
Ийнхүү үнэнч хайрын бэлгэдэл болсон хос хун “Хун” нуурандаа үүрээ засаж өөр хун тэдэн дээр ирдэггүй нь яг л тэдний өмч гэмээр. Тэрбээр үүр засаж зусах газраа сонгохдоо хүртэл хамгийн цэнгэг, үржил шимтэйг нь сонгодог бөгөөд тус нуурын өвөрмөц тогтоц буюу нуурын голд байрлах арал нь үүрлэх гол шалтгаан нь юм. Тэр л нуурын голд байрлах арал дээр хос хун бухал өвсөн дээр шавраар шаван үүрээ засаж өндөглөдөг аж.
Энэ нууранд ганц хос хун үүрлэхээс гадна Отгот шунгуур, Улаан хөлт хөгчүү, Эгэл хараалай, Бор нугас, Хондон ангир, Энхэт бялзуухай, Монгол цахлай зэрэг олон зүйлийн усны шувууд үүрлэдэг ба жил бүр 300 орчим галуу тус нууранд өвөлждөг байна. Эдгээр усны шувуу нь мөсөн дээр ажралгүй явах ба жижигхэн савхан хөл нь хөлдчихвий гэмээр санагдаж байсан юм. Гэтэл түүний бие өд сөдөөр хамгаалагдахаас гадна биеийн дулаан нь 40 хэм байдаг учраас хүйтэнд хүнээс илүү дасан зохицох чадвартай байдаг аж. Монгол улсад 500 орчим төрлийн шувууд бүртгэгдсэн байдаг ба Улаанбаатарын хэмжээнд 250 орчим нүүдлийн болон суурин шувууд бүртгэгдсэн байна. Эдгээрээс 20 орчим төрлийн шувууг бид дэргэдээсээ үзэх боломж бий. Хотын стресстэй, хөл хөдөлгөөн ихтэй газраас залхаж байгаа хэн бүхэн “Хун” нуурыг зоривоос хэзээ ч харамсахгүй гэдэгт итгэлтэй байна. Учир нь шувуу гэдэг хүн байгаль хоёрыг холбох хэлхээ гэдгийг өнөөдөр би ухаарсан. Тэнгэрт нисэх шувуудыг харан амар амгалан баяр баясгаланг мэдрэхийг хүсвэл та ч бас яагаад зориод үзэж болохгүй гэж?
Байгаль орчны залуу сурвалжлагч 49-р сургууль 12Б ангийн сурагч Б.Энхцацрал