Итали, Швецари, Германы эрдэмтэд хамтран хуруунууд нь аливаа зүйлийг энгийн гар шиг мэдэрдэг хиймэл “гар” зохион бүтээжээ. Бичил цахилгаан электродуудыг хүний тохой болон төв мэдрэлийн судалд байрлуулснаар хиймэл гарнаас ирэх дохио хүнд барьж буй зүйлсийн мэдээллийг дамжуулах боломжтой болжээ. Өөрөөр хэлбэл, хиймэл гартай хүмүүс бусдын адил барьж буй юмныхаа хэлбэр дүрс, зөөлөн хатуу, хурц, мохоо зэргийг мэдрэх боломжтой болсон гэнэ.
Уг төхөөрөмжийг арваад жилийн өмнө ослын улмаас зүүн гараа алдсан Дани улсын иргэн Деннис Аабо дээр туршиж үзсэн бөгөөд туршилт амжилттай болжээ. Эрдэмтэд түүний гаранд хагалгаа хийн шинэ төхөөрөмжөө суулгаж туршилт хийсэн байна. Тэд Деннис Аабогийн нүдийг боогоод эд зүйл бариулахад барьсан зүйлүүдийнхээ хэлбэр, хатуу зөөлөн эсэхийг зөв хэлж байжээ. Деннис Аабо “Би харахгүйгээр энэ бүгдийг хэлж чадаж байгаа юм чинь гараа харанхуйд ч ашиглаж болох юм байна. Энэ яг энгийн гар шиг бүхнийг мэдрэхэд ойрхон иржээ. Гайхалтай мэдрэмж төрж байна” хэмээсэн аж.