m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.10 08:28
72
ШУТИС-ийг найман бүрэлдэхүүн сургуультай болгох санал гаргажээ

ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн ээлжит хуралдаан өнгөрсөн даваа гаригт болж цаг үеийн шаардлагатай олон асуудлыг хэлэлцжээ. Тус хуралдааны хамгийн чухал асуудал нь ШУТИС-ийн бүтцийн өөрчлөлт, шинэчлэлтийн хөтөлбөр байжээ. Өнгөрсөн оны сүүлчээр тус сургуулийн Удирдах зөвлөлийн шийдвэрээр байгуулагдсан ажлын хэсэг холбогдох судалгаа, хамт олны саналыг үндэслэн боловсруулсан шинэ бүтцийн хувилбарыг Эрдмийн зөвлөлийн хуралд оруулан хэлэлцүүлсэн байна.

Тус ажлын хэсэг сүүлийн дөрвөн сарын хугацаанд гадаад орнуудын тэргүүлэх их сургуулиудын бүтэц, зохион байгуулалтыг судлан мэргэжлийн хөтөлбөрүүдийг олон улсын жишигт ойртуулах боломж, ШУТИС-ийн одоогийн  бүтэц зохион байгуулалтын давуу болон сул тал, гадаад, дотоод орчиндоо хэрхэн зохицож буй байдлыг Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн хандлага, дээд боловсролын салбарын өөрчлөлт, бодлогын шинэчлэл зэрэгтэй уялдуулан олон тооны судалгаа явуулж, хамт олны дунд хэлэлцүүлэг өрнүүлж, их сургуулийн Ректорын зөвлөл, Эрдмийн зөвлөлөөр удаа дараа хэлэлцүүлсэн байна.

ШУТИС-ийн Ректор Б.Очирбатаар ахлуулсан ажлын хэсэг тус сургуулийн мэргэжлийн хөтөлбөрүүдийг олон улсын стандарт ангилалд нийцүүлэн өөрчлөн шинэчлэх саналыг боловсруулж 137 мэргэжлийн хөтөлбөрийг 61 болгожээ. Энэ өөрчлөлтэй уялдуулан ШУТИС-ийн одоогийн 15 бүрэлдэхүүн сургуультай бүтцийг 8 сургуультай болгон өөрчлөх саналыг Эрдмийн зөвлөлд оруулж хэлэлцүүлжээ. Эрдмийн зөвлөл ШУТИС-ийн бүтцийн өөрчлөлт, шинэчлэлтийг дэмжин Удирдах зөвлөлийн хуралд оруулж хэлэлцүүлэх тогтоол гаргасан байна. Удирдах зөвлөл дээрх хөтөлбөрийг дэмжиж баталбал ШУТИС шинэчилсэн бүтцээр ажиллах аж.