Монгол оронд Тул загас ховордоод удаж байна. Тодруулбал, Онон голд 1990 оны үед нэг км урт тутамд 20 тул байсан бол одоо 1-2 тул загас байна. Онон голын тул 20 дахин багассан байна. Харин 45 кг, 2 метр -ээс илүү урттай Тул нь бүр ч ховордсон аж. Монгол загасны хаан загас нь Тул загас юм. Түүнчлэн Хулд овгийн загасны хамгийн том нь тул. Тул загасыг цэнгэг усны орчныг тодорхойлогч хэмжүүр загас гэж хэлж болно. Усны орчинд байгаа сул дорой өвчтэй амьтдаар хооллохоос гадна тул эрүүл байвал түүний амьдрах орчин болох ус нь цэнгэг, усны амьтад нь эрүүл, эко орчин тэнцвэртэй байгааг мэдэж болдгоороо ач холбогдолтой юм. Тул загас анх үржилд ортлоо 6-7 жил болдог, бас гучаас дээш насалдаг.
Тул биеийн хэмжээ нь ихсэх тусам гүн ус хайж нүүдэллэдэг. Тулбага нь усны элдэв сээр нуруугүй амьтнаар хооллож байгаад, 4 наснаас махан идшинд шилжин улаан нүдэн, сугас, сахалт жараахай, хадран, зантаахай зэрэг жижиг загас, хөхтөн амьтад барьж иднэ. Хавар тавдугаар сарын сүүлч зуравдугаар сарын эхээр голын цөн түрэх үед үржих газраа хуран цугларч, эмэгчин нь 14 мянган түрс шахдаг хэдий ч зөвхөн нэгээс хоёр нь байгалийн шалгарлыг давж амьдрах магадлалтай байдаг гэнэ. Сэлэнгэ мөрний бүх цутгалан, Дархадын хотгорын нуурууд, Буйр нуурын сав газрын тул загас 65-130 сантиметр, жин нь 30-49 килограмм байдаг байна. Ерөөгийн сав газрын тул загас 100-170 сантиметр урт, 30-48 килограмм байдаг. Тул голын тогтуун хэсэгт хайргаар үүр засаж түрсээ шахчихаад орхиод явдаг. Тэдгээр түрс нь өөрийн өндгөн дэх уургаар тэжээгдэн загас болдог. Сүүлийн жилүүдэд тул нилээд ховордож байгаа. Загасны аяллаар ирсэн хүмүүс тул загас бариад авч явна гэвэл 1 метрээс илүү урттай бол 200 доллар, нэг метрийн дотор урттай бол 90 доллар төлөх тухай захирамж гарсан ажээ.
Сонирхуулахад, Дэлхий дээр байдаг таван зүйл тулнаас манай Сибирь тултай хамгийн адилхан нь Дунайн тул. Гэхдээ гарал үүслийн хувьд Сибирь туль, Солонгос тул, Сахалин тулнаас арай эрт бие даасан дэд зүйл болон салбарласан гэж үздэг. Европын зарим орнууд Дунайн тулыг хамгаалах талаар ихэд идэвх чармайлт гаргадаг байна. Учир нь Европд аж үйлдвэржилт, хэт ашиглалтаас үүдэн энэ загасны тархац, амьдрах орчин хумигдсаар байна. Дунайн тулыг авран хамгаалах талаар Польш улс нилээд идэвхтэй үүрэгтэй байдаг гэнэ. Польш улсын Пиенины Үндэсний Паркад байдаг тул загасны хөшөө ч байдаг байна. Тэд хөшөө дурсгал босгохыг өнгөрсөн хойно нь дурсан санах биш байгаа үед нь ч гэсэн хайрлан, хамгаалж байгаагийн нэг илрэл хэмээн гэж үздэг юм байна.