m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.05.28 08:20
398
Дархан-Уул аймгийн “Миний Монгол цэцэрлэгт хүрээлэн” хүүхдүүдээ баярлуулахад бэлэн

Дархан хотын нийтийн эзэмшлийн зам, талбайг хариуцаж ажилладаг Нийтийн Аж Ахуй Үйлчилгээний Газрын хамт олон хэдхэн хоногийн дараа болох гэж байгаа эх үрсийн баяр тэмдэглэх “Миний Мингол цэцэрлэгт хүрээлэн”-гийн засвар тохижилтын ажлыг дуусгахаар эрчимтэй ажиллаж байна. Тиймээс энэ удаад бид аймгийн НААҮГ-ын дарга Ж.Дорждэрэмтэй ярилцлаа.

-Хаана хаана чухам ямар төрлийн засвар тохижилтын ажил хийж байна вэ?

-“Манайх хотын иргэдийн ая тухтай аж төрөх нөхцлийг бий болгох, тэдний чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд нь ая тухтай орчин бүрдүүлэхийн төлөө ажилладаг. Хотын гэрэл, гэрэлтүүлэг, ногоон байгууламж, хог цэвэрлэгээг өдөр тутам хариуцан ажиллаж байна. Эх үрсийн баярыг угтаж эхлүүлсэн нийтийн эзэмшлийн талбайн бүтээн байгуулалт, засвар тохижилтын ажил дуусах шатандаа орсон. Энэ ажлыг бид “Морин хуур цогцолбор”, “Миний Монгол цэцэрлэгт хүрээлэн”, “Дархан-50 цогцолбор”, “Жишиг хороолол” зэрэг газруудад хийж байгаа. Үүнтэй давхцуулж ногоон байгууламжийн хувьд Эко ногоон орчин гэж зарлаад хаврын нөхөн тарилтаа хийж байна. Энэ удаагийн нөхөн тарилтыг бид шинэ хуучин хоёр Дарханы уулзвар “Аюулгүйн тойрог”-оос уруудаад авто замын голын зурвас, бүх цогцолборуудад нэмэлт тарилт хийж байгаа.

-Танайх жил бүр л засвар хийдэг. Энэ жил арай илүү их хүн хүч ажиллуулж байгаа нь засварлах ажил ихтэй гэсэн үг үү?

-Энэ жилийн сэргээн засварлалтын ажлыг чанарын өндөр төвшинд хийж гүйцэтгэх зорилт тавьсан. Урьд жилүүдэд бид өмнөх хөршийн чанар муутай будгаар буддаг байсан чинь нэг жилээ ч даахгүй дорхноо ганддаг байсан. Харин энэ жил нэг мөр сайжруулъя гээд бүгдийг нь мод нь гартал хусч цэвэрлэж арилгаад шинээр чанар сайтай будгаар будаж байгаа. Төсвийн тодотголоор аймаг маань ач холбогдол өгч хүрэлцэхүйц хэмжээний хөрөнгө батлаж өгсөн болохоор чанарын өндөр төвшинд хийх зорилт тавиад ажиллаж байна. Бид ялангуяа хүүхдүүд баяраа тэмдэглэдэг “Миний Монгол цэцэрлэгт хүрээлэн”-гийн бүх тоглоомуудаа засч, будан өнгөлж үзэмжтэй болгоход гол анхаарлаа хандуулж сайхан болголоо.

-Хотын ногоон байгууламжийг хамгаалах нь зөвхөн танай байгууллага төдийгүй бас хотын иргэд юу хийх ёстой вэ?

-Хэн боловч өөрийнхөө амьдарч байгаа орчины эрүүл ахуйд анхаарч бий болсон ногоон байгууламжаа хамгаалах үүрэгтэй. Гэвч манай зарим иргэд энэ үүргээ биелүүлэхгүй ногоон байгууламжаа хайрладаггүй. Тухайлбал малаа хот руу оруулж ногоон байгууламжийг сүйтгэдэг байдлыг болиулахын тулд тэдэнд чиглэсэн сурталчилгааны ажлыг байнга хийж байгаа. Сүүлийн жишээ дурдахад хотын ногоон байгууламж дотор орж ирсэн 60 гаруй үхрийг бид хашсан. Манайд тэдгээрт хариуцлага тооцож торгох эрх байдаггүй болохоор тэдгээр малын эзэдтэй сумын ЗДТГ, хотын Захирагчийн алба, Мэргэжлийн хяналтын газартай хамтарч ажилласнаар ач хоблогдолтой болж байна.

-Хотын хог тээвэрлэх ажлыг танайх хариуцдаг. Хот хогноосоо салж чадсан уу?

-Хог тээвэрлэлтийн хувьд өнгөрсөн дөрөвдүгээр сард гарсан аймгийн Засаг даргын 01 тоот албан даалгаврын дагуу хот доторх цэвэрлэгээг гайгуу сайн хийж авсан. Үүнд манай төрийн байгууллагууд, арван жилийн сургуулиуд ихээхэн ач холбогдол өгч идэвхтэй оролцлоо. Ингэснээр Дархан хотоо ямар ч байсан нэг сайн цэвэрлэж авсан. Одоо бид Дархан сум болон хотын Захирагчийн албатай хамтарч хотын гадна орчны хог хаягдлыг цэвэрлэх ажлыг хийж эхлэсэн. Эдгээр хогийг манай байгууллага татаж тээвэрлэсэн ч орон нутагт ажиллаж байгаа аж ахуйн нэгжүүд туслаж машин тэрэг гаргаж өгсөнд талархаж байна. Саяны их цэвэрлэгээгээр нийт 183 удаагийн тээвэрлэлт хийсэн байсан. Бид энэ завсар бас хотын доторх хог хаягдлаа тээвэрлэж л байсан хэрэг.

-Нийтийн эзэмшлийн засварын чинь ажил хэзээ дуусах вэ?

-Манай байгууллагын бүх ажиллагсад үндсэн дөрвөн хэсэгт хуваагдаж сүүлийн гурван долоо хоног бямба, ням гариг гэж амралгүй уртасгасан цагаар ажмилласны хүчинд их, урсгал, сэргээн завсарлах ажил шувтарч байна. Засварын ажлаас гадна ногоон байгууламжийн шинээр болон нөхөн тарилт, цэцгийн мандал бий болгох зэрэг бүх ажил эх үрсийн баярын өмнө дуусч хүүхдүүд сайхан орчинд баярлах боломжийг бүрдүүлж байгаадаа баяртай байна гэв.

Эх сурвалж:www.e-darkhan.mn