m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.05.28 08:46
836
Бяцхан "оддын" тайлан тоглолт боллоо

Нийслэлийн Баянгол дүүргийн 180-р цэцэрлэгийн хүүхэд багачууд 2013-2014 оны хичээлийн төгсгөлд юу сурч мэдсэнээ дүгнэн, тоглолт хийлээ. Хүүхдийн байгууллагын харъяа тус цэцэрлэгийн  “Эрхэс” ахлах бүлгийн 53 хүүхэд энэхүү тоглолтод оролцож, сурч мэдсэн зүйлээ багш болон эцэг эхчүүддээ тайлагнасан юм.

“Цэцэрлэг минь баяртай” нэртэй энэхүү тоглолтын нээлтийг бяцхан хүүхдүүдийн дуулсан З.Хангалын ая “Зургийн хичээл” дуугаар эхлүүлсэн бөгөөд бага бүлгээ төлөөлөн М.Маргад “Тогоруу янзын хүүхэлдэй” дуугаар мэндчилгээ дэвшүүллээ.

“Найрамдал” цэцэрлэг нь улсын болон нийслэлийн хэмжээнд зохиогдож буй уралдаан тэмцээнд өргөн хүрээгээр хамрагддаг бөгөөд хамгийн сүүлд Төмөр замын хэмжээнд зохиогдсон Хүүхдийн уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээнд тэргүүн байр, улсад нйамдугаар байранд орсон амжилттайгаар энэ жилийн төгсөлтийн баяраа тэмдэглэж байна. Ингээд тус цэцэрлэгийн багш Ц.Энхцэцэгтэй хийсэн ярианаас хүргэе.

-“Найрамдал” цэцэрлэгийн онцлог, давуу тал нь юу вэ?

-Манай цэцэрлэг засгийн газраас хэрэгжүүлж буй “Зөв монгол” хөтөлбөрийн хүрээнд ардын өв уламжлалыг хүүхдүүддээ өвлүүлэн сургах тал дээр голлон ажилладаг. Мөн хүүхэд бүрийн авъяасыг нээн хөгжүүлж, сэтгэн бодох чадварыг сайжруулах тал дээр түлхүү анхааран ажиллаж байгаа.

-Сургуульд орох хүүхдүүд маань ямар мэдлэг чадварыг эзэмшиж төгсөх вэ?

-Сургуулийн өмнөх насны боловсрол нь оюун ухаан, бие бялдар, нийгэмшихүй гэсэн гурван төрлийн чадварыг эзэмшүүлэх ёстой гэсэн стандарт тогтоосон байдаг. Үүний дагуу сургалтын хөтөлбөрөө хэрэгжүүлэн, хүүхдүүддээ боловсрол олгодог.

“Эрхэс” бүлгийн хүүхэд багачууд тайлан тоглолтынхоо үеэр өөрсдийн сурч мэдсэн дуу, шүлгээ эцэг эхчүүддээ толилуулахдаа “Баяд” болон “Зөгийн” бүжиг бүжиглэж, уран жиргээ шүлгийн уралдаанд амжилттай оролцсон хүүхдүүд “Би монгол хүн”, ”Байшин” зэрэг шүлэг уншиж сонирхуулсан юм. Ингээд “Эрхэс” бүлгийн бяцхан хүүхдүүдээс сэтгэгдлийг нь сонслоо.

“Найрамдал” цэцэрлэгийн “Эрхэс” бүлгийн сурагч С.Тэмүүжин  \Таван настай\

-Цэцэрлэгт явахын хамгийн гоё зүйл нь юу вэ?

-Зөндөө найзуудтай болно бас дуу, шүлэг сурна.

-Цэцэрлэгт яваад дуу шүлэгнээс гадна өөр юу сурсан бэ?

-Дуртай үлгэрийн номнуудаа уншиж сурсан.

-Том болоод ямар хүн болох вэ?

-Цагдаа болоод хүмүүсийг хамгаалдаг болно.

“Найрамдал” цэцэрлэгийн “Эрхэс” бүлгийн сурагч Б.Агиймаа \Таван настай\

-Өнөөдрийн тайлан тоглолтонд ямар авъяасаа үзүүлж оролцсон бэ?

-“Баяд” бүжиг бүжиглэсэн бас дуу дуулсан

-Хамгийн дуртай хүүхэлдэйн киноноосоо нэрлээч?

-“Барби” бас Буратинод дуртай.

-Том болоод ямар хүн болох вэ?

-Шүдний эмч болно. Тэгээд чихэр их идээд шүд нь өвддөг хүүхдүүдийн шүдийг эмчилнэ.

Бяцхан хүүхдүүдээсээ Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр хэрхэн баярлах талаар сонирхоход аав ээжийнхээ хамт Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу бидний нэрлэж заншсанаар “Парк” орно хэмээн дуу нэгтэй хариулж байсан юм. Нийт хүүхэд багачууддаа тун удахгүй болох Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэнд хүргэе!

Э.Номин