m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2017.09.11 10:11
387
Н.Ганболд: Эсгий дээр ширсэн “МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО”-г дэлхийд дансална

Монголын нэрийг дэлхийд дансалж, Гиннесийн номонд бүртгүүлэх нэгэн бүтээл удахгүй олны хүртээл болох гэж байна. Энэ талаар Монголын баялаг бүтээгчдийг дэмжих холбооны УЗ-ийн гишүүн Н.Ганболдтой ярилцлаа.

 

-Монголын нууц товчоог анх удаа 108 метр урт эсгий дээр дүрсэлж оёсон бүтээл бэлэн болсон  гэж сонслоо. Энэ талаар мэдээлэл өгөөч ?

            Хэнтий аймаг дахь Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны тэргүүлэгч гишүүн Д.Нэргүй, Ж.Нарантуяяа нарын санаачлага, ББДХ-ны дэмжлэгээр Монголын Нууц Товчоо, Чингис хааны амьдралын гол гол үйл явдлуудыг 108 метр эсгий дээр  зээгт ширмэл оёдолоор урласан нэгэн хосгүй бүтээл бүрэн дууслаа. Удахгүй олон нийтэд дэлгэн харуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Үндсэндээ энэ бүтээл 2 жилийн хугацаанд монголын баялаг бүтээгчдийн нөр их хөдөлмөр зүтгэлээр бүтэж дууслаа. Энэхүү бүтээлийг Хэнтий аймгийн баялаг бүтээгчдийн дэмжих холбооны тэргүүлэгч гишүүд  Д.Нэргүй, Ж.Нарантуяа нар анх санаачилан эхлүүлсэн.

 

-Бүтээлийг  санаачилсан Д. Нэргүй, Ж. Нарантуяа нартай Монголын баялаг бүтээгчдийг дэмжих холбоо анх яаж холбогдсон бэ ?

Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны  хамт олон 21 аймгийн салбар хороодтойгоо хамтран орон нутагт баялаг бүтээгчдийн уулзалт зөвлөгөөнийг бүх аймагт зохион байгуулсан. 2015 оны 10 дугаар сард Хэнтий аймгийн уулзалт зөвлөгөөний үеэр уг бүтээлийг санаачлагчид нь холбооны ерөнхийлөгч Ч.Даваабаярт хандаж бүтээлээ танилцуулж дэмжлэг хүссэн.

Тухайн үед дээрх ажлын  цар хүрээ нь өргөн, хүний хөдөлмөр, цаг хугацаа төсөв хөрөнгө маш их шаардлагатай нь харагдаж байсан. Тиймээс төслийг  ажил хэрэг болгож нийтэд сурталчлан таниулах, бүтээлийг амжилттай дуусгахад Монголын баялаг бүтээгчдийг татах оролцуулах ажлыг ББДХ санаачилан бүтээлд олны хүчийг дайчлах ажлыг  эхлүүлсэн. Учир нь энэ бүтээл бол Монголын  түүх уламжлал, ёс заншлыг харуулах, хойч үед өвлүүлэн үлдээх цаашлаад дэлхий нийтэд сурталчилахад ихээхэн хувь нэмэр болох бүтээл гэж бид үзсэн.

Монголын нууц товчоог 108 метр урт эсгий дээр зээгт ширмэл оёдолоор дүрсэлсэн бүтээлийг Монголынхоо соёлын биет бус  өвд бүртгүүлж, цаашлаад Гиннесийн дээд амжилтад бүртгүүлэх ажлыг зохион байгуулахаар  Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны УЗ-ийн шийдвэр гарч, үүнийг дэмжин ажиллахыг нийслэл, орон нутгийн салбар хорооддоо хандаж уриалсан.

 

 

Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны УЗ-ийн шийдвэрээр тус бүтээлийг орон даяар таниулан Монгол улсын 21 аймгаар бүтээлийг аялуулж, үйлчид гар урчууд бүтээлд  учиг шингээх, мөн материаллаг зардлыг санхүүжүүлэх хандивын арга хэмжээ зохион байгуулах ажлын хэсгийг гаргаж,  тус ажлын хэсгийг ББДХ-ны удирдах зөвлөлийн гишүүн Т.Ганзул ахлан ажлуулсан юм.

 Хөрөнгө мөнгө, хүч хөдөлмөр шаардсан үйлсийг бүтээхэд олон саад бэрхшээл байсан байх аа. Монголын баялаг бүтээгчид  энэ үйлсэд хэрхэн гар бие оролцсон бэ ?

Бүтээлийг дуусгахад монголын баялаг бүтээгчид идэвхи зүтгэл гарган оролцож найман настнаас эхлээд наян настай буурал хүртэл учгаа шингээж байсан. 1000 гаруй км-ийн алсаас бүтээлд хувь нэмрээ оруулж учгаа шингээх гэсэн юм аа гээд зорин ирж байсан өндөр настай буурлууд их байсан.  Орон нутагт зохион байгуулсан анхны арга хэмжээний нээлтийг  Монголын баялаг бүтээгчдийг дэмжих холбоо 2016  оны 9-р сарын 7-ний өдөр  Өвөрхангай аймгийн төв Арвайхээр хотод “Эсгий амилах цагаар” гэсэн нэртэй зохион байгуулснаас үргэлжлэн 19 аймагт нийтдээ 5000 шахам баялаг бүтээгч нар өөрсдийн гараар бүтээлийн бүхий л хэсэгт учиг шингээн гар бие оролцсоноос гадна төсөлд шаардлагатай цагаан эсгий, тэмээний  ноосон утас, мөнгөн болоод материаллаг хандив өргөж байсан.

100,000 гаруй баялаг бүтээгч нар өөрсдийн гараар бүтээлийн бүхий л хэсэгт учиг шингээн гар бие оролцсоноос гадна төсөлд шаардлагатай цагаан эсгий, тэмээний  ноосон утас, мөнгөн болоод материаллаг хандив өргөж байсан. 

Энэ ажил богино хугацаанд  олны дэмжлэгийг хүлээж,  21 аймаг 330 суманд салбартай Монголын баялаг бүтээгчдийг дэмжих холбооны гишүүд дэмжигчидийн дунд хүлээлт бий болж, “Манай аймагт хэзээ ирэх вэ” гэдэг асуудлыг салбар хороодоор дамжуулан олон удаа гаргаж сум сумаараа, байгууллага хамт олноороо, ах дүүсээрээ нэгдэн бүтээлд гар бие оролцож байсан. Тэр дундаа хамгийн идэвхитэй хэсэг нь хуучин нийгмийн үеийн “ахуйн үйлчилгээ”-ний оёдлын салбарын хамт олон, ахмадууд байсан гэдгийг зориуд онцолж байна.

Нэг аймагт болсон арга хэмжээнд урьдчилан зохиомж, зургийг нь гаргасан 2-3 бүтэн эсгий буюу дунджаар 10-15 метр бүтээлийн ажлын голыг баялаг бүтээгчид маань нугалж байсан.  Энэ бүх дэмжлэгийн хүчинд бүтээл маань дууссан нь нийт Монголчуудын соёлын биет бус өв гэж хүлээн зөвшөөрөгдөхүйц далайцтай ажил болсныг хэлэх нь зүйтэй. Бүтээлийг дуусгахад санхүүгийн хувьд ихээхэн дэмжлэг хэрэгтэй байсан учраас 2016 онд Монголын баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос санаачилан МУГЖ С.Батсүхийн тоглолтыг Өвөрхангай аймагт зохион байгуулж, гавьяат маань тоглолтынхоо бүх орлогыг энэ бүтээлд зориулсан. Энэ мэтичлэн  уг бүтээл нь монголын ард иргэд  тэр дундаа баялаг бүтээгчдийн сэтгэл зүтгэлээр бүтсэн гэж ойлгож болно.

 

-Монголын нууц товчоог цаас, модон дээр урласан бүтээл олон байдаг. Энэ бүтээл тэдгээрээс  юугаараа ялгарах вэ ?

            Энэ бүтээл Нэгдүгээрт,  Монголчуудын  бахархал,  түүхийн сор бүтээл Нууц Товчоонд тодорхой туссан Эзэн Чингис хааны үйл амьдралын гол хэсгүүдийг  Монгол зургийн аргаар дүрсэлсэн нь  онцгой чухал гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл,  Чингис хааны амьдрал, байлдан дагууллыг зурган хэлбэрээр эсгий дээр буулган  үлдээж байгаа нь Монголын Нууц Товчооны нэгэн содон хувилбар юм. Энэ бүтээлийг хараад хэнд ч Нууц Товчооны өгүүлэмж ойлгомтой тусна.

Чингис хааны амьдрал, байлдан дагууллыг зурган хэлбэрээр эсгий дээр буулган  үлдээж байгаа нь Монголын Нууц Товчооны нэгэн содон хувилбар юм

 Хоёрдугаарт,  мартагдах шахсан зээгт ширмэл оёдолыг энэхүү бүтээлээр сэргээж байгаагаараа онцгой юм. Археологийн салбарын  мэргэжилтнүүдийн Монгол нутгаас олж тогтоосон 1200 жилийн настай эсгий ширмэл дурсгалд “зээгт ширмэл оёдол” ашигласан тухай баримт байдаг юм билээ. Одоо нийтэд үзүүлэх гэж байгаа бүтээлийн үндсэн гүйцэтгэл нь энэхүү уламжлалт зээгт ширмэл оёдлоор бүтээгдсэн нь түүх, соёлын хувьд ихээхэн ач холбогдолтой гэж бид үздэг. Учир нь энэ төрлийн оёдол одоо бидний  өдөр тутмын амьдрал, ахуйд хэрэглэгдэх тохиолдол маш бага болсон бөгөөд бүтээлийг урлах  явцад зээгт  оёдлыг мэддэг хүмүүс нь бусаддаа зааж сургаж, нэг үгээр хойч үед соёлын өв тээгдэн уламжлагдаж байгаа нь энэ бүтээлийн гол ач холбогдол үнэ цэнэ гэж харж байна.

Мөн  Хэнтий аймаг орон нутгийн удирдлагуудаас дээрх бүтээлтэй холбоотой дараагийн төслийг нь аялал жуулчлалын салбартай уялдуулан дэмжиж байгаад бид талархалтай байгаа. Эдийн засгийн чухал салбар гадаад дотоодын аялал жуулчлалын бас нэгэн шинэ брэнд бий болж байна гэдгээр бас ач холбогдлыг нь үнэлж энэхүү бүтээлийг Монголчуудын “соёлын биет бус өв”-д албан ёсоор бүртгэж авна  гэдэгт эргэлзэхгүй байна.  Түүнчлэн бидний бас нэг зорилго бол энэхүү бүтээлийг Гиннесийн дээд амжилтанд бүртгүүлэх юм. 

Бүтээлийг одоо монголын ард түмэнд хэрхэн танилцуулах вэ ?

            Бүтээл маань нэгэнт дуусан учраас түүнийгээ олон нийтэд харуулж, та бүхний бие сэтгэл, хөрөнгө дэмжлэгээр бүтсэн бүтээл маань энэ шүү гэдгийг дэлгэн харуулах гэж байгаа нь сайхан хэрэг. Бүтээлийг олон нийтэд дэлгэн үзүүлэх  арга хэмжээг Хэнтий аймгийн нутгийн зөвлөл, ЗДТГ нь зохион байгуулж байгуулж, Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо , Нийслэлийн соёл урлагын газар, Соёлын өвийн төв, БСШУЯ-ны дэмжлэгтэйгээр энэ сарын 13-ны өдөр буюу ирэх Лхагва гарагт Сүхбаатарын талбайд 12:00 цагаас болох гэж байна.  Зөвхөн Монголчууд гэлтгүй хөрш орнуудаас соёл, гарал нэгтэй Монгол үндэстэн Буриад, Өвөр Монголчуудын төлөөлөл энэ арга хэмжээнд ирж оролцох болно. Түүнчлэн бүтээлд  гар бие оролцосон 21 аймгийн төлөөлөл болсон баялаг бүтээгчид маань өргөн бүрэлдэхүүнтэй оролцоно гэдэгт найдаж байна. Нийслэлчүүд та бүхнийг энэ арга хэмжээнд ирж, түүх соёлын томоохон ажлын үр дүнг харж, танилцаарай гэж уриалах байна.