Зоонозын халдвараас сэргийлэх, тэмцэх салбар дундын хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор “Нэг эрүүл мэнд” сургалтыг Булган аймгийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн газар, Онцгой байдлын газар, Үйлдвэр хөдөө аж ахуйн газар, Нэгдсэн эмнэлгийн халдвартын тасаг, Сэлэнгэ аймгийн ЗӨСТ-үүд хамтран зохион байгууллаа. Тус сургалтад сум, багийн бага эмч, хувийн мал эмнэлгийн 70 гаруй эмч, мэргэжилтнүүд хамрагджээ. Сургалтаар Зоонозын халдварт өвчнөөс сэргийлэх, тэмцэхэд хүн, мал эмнэлгийн хамтын ажиллагаа, мэдээлэл солилцох үйл ажиллагаа чухал ач холбогдолтойг Сэлэнгэ аймгийн ЗӨСТ-ийн дарга Д.Эрдэнэбат, Булган аймгийн ОБГ-ын улсын ахлах байцаагч А.Үүрийнтуяа нар онцлон танилцуулж, Нэгдсэн эмнэлгийн халдвартын тасгийн эрхлэгч эмч М.Мягмар боом, бруцеллёз өвчний үед илрэх шинж тэмдэг, түүнээс хэрхэн сэргийлэх талаар сонирхолтой мэдээлэл хийжээ. Аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С.Нарантуяа сургалтад оролцогч нарт “Эрүүл мэндэд-Иргэн таны оролцоо” сэдвээр мэдээлэл хийн, тус сургалтаар мэдэж авсан зүйлээ сум, багийн иргэдэд, өрх гэрээс өрх гэрт түүчээлэн хүргэхийг оролцогчдод уриаллаа. Түүнчлэн “Нэг эрүүл мэнд” үзэл баримтлалыг аймгийн хэмжээнд өргөжүүлж, хамтран ажиллах талаар аймгийн ҮХААГ, ЭМГ-ын мэргэжилнүүд санал солилцож, ЭМГ-ын бэлэн байдлын нөөцийн хадгалалт, хамгаалалтыг үзэж танилцууллаа.