m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.05.29 05:46
2644
Айдас хэрхэн бий болдог вэ?

Ямар нэг төрлийн аюул, эсвэл тодорхой бус, таагүй зүйлүүд нь дарамттай байдлыг бий болгон улмаар айдаст автуулдаг. Айдсын үед биед адреналин даавар ялгардаг. Энэхүү даавар нь хүний биеийг тэмцэх эсвэл зугтахад бэлэн байдалд оруулдаг байна. Тиймээс хамгийн гол нь сэтгэл зүйн хувьд тайван байх нь чухал.

Айдсын үед илрэх сөрөг талууд – Зүрх дэлсэх, амьсгал түргэсгэх, цусны даралт ихсэх, ходоод эвгүйрэх, гүйлгэх, ойр ойрхон шээх, чичрэх, толгой эргэх, дотор муухай оргих, хөлрөх, улайх, цонхийх, хоолойгоор юм орохгүй байх.

Айдсын үед илрэх эерэг талууд – Айдсаар дамжуулан бид аливаа аюулыг хурдан, илүү сайн илрүүлдэг. Биднийг сонор соргог, хурдан хөдөлгөөнтэй, болгоомжтой байлган, илүү бодолтой хөдлөхөд хүргэдэг. Мөн аюулаас зугтах буюу гарах эрч хүч, тэвчээрийг өгдөг. Иймд айдас амьдралыг харанхуй болгосон сөрөг үзэгдэл төдий зүйл бус маш нарийн утга учиртай гэж ойлгох хэрэгтэй.

Айдсын хэлбэр – Жинхэнэ айдас бол хүнд төрөлхөөс заяасан, өөрийгөө хамгаалах мэдрэмж юм. Хуурамч буюу зохиомол айдас нь бидний оюун бодлоос үүдэлтэй хов хоосон ухагдахуун юм. Өөрөөрхэлбэл, бид өөрсдийнхөө бодол сэтгэлгээнээс болоод айж байна гэсэн үг. Хуурамч айдас баттай юм шиг болон хуримтлагдсаар тухайн хүний аж амьдралд ихээхэн саад бэрхшээл учруулдаг. Томчууд, эцэг  эхчүүд, багш нар, нийгмийн орчин хүүхдэд сөргөөр нөлөөлснөөр төөрөгдмөл айдастай болгож, сэтгэл зүйн гажуудал үүсгэдэг, хоосон айдас нь ямар ч удирдлага, хяналтгүй сэтгэлгээний гайгаар боловсордог хуурамч төсөөлөл юм. “Миний айдас надад бүхнийг авчирдаг” гэж нэгэн мэргэн хүн хэлсэн байдаг. Үүний адил хичээл дээрээ үнэхээр сайн дүн авч болохоор байтал муу авах нь гэж айснаас байдал эсрэгээр эргэж сөрөг зүйлсийг дагуулдаг.

Айдсыг хэрхэн даван туулах вэ? – Аливаа айдсыг эхлээд сэтгэхүйгээсээ холдуулах хэрэгтэй. Далд ухамсартаа бага багаар эерэг зарчмыг хэвшүүлснээр айдас ор сураггүй алга болдог аж. Бага насанд тохиолдсон эвгүй явдал болон гэнэтийн таагүй зүйлсээс болж хүн сэтгэлдээ гэмтэл, шарх авдаг. Мөн онгоцонд суух, ууланд гарах, усанд сэлэх, харанхуйгаас айх зэрэг эмгэгтэй болдог байна. Энэ асуудалтайгаа нүүр тулан, түүнийг ялах сэтгэл зүйн бэлтгэл, дасгалыг өөртөө хэвшил болтол нь хийвэл, чи оюун ухаанаа эзэмдэн, айдсаа ялна гэсэн үг. Айдсаасаа салах шийдвэр гарган, зоригтой байгаарай.