m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.05.29 06:15
416
Улсын начин Д.Пүрэвсүрэн: Одоо бөхчүүд наадам дуусгаад дараагийн наадмын бэлтгэлдээ ордог болсон

Монгол Улсын уран барилдаант начин, гавьяат тамирчин Д.Пүрэвсүрэнтэй уулзаж, бөхийн сэдэв тойрсон яриа өрнүүллээ. Тэрбээр 1998 оны баяр наадамд дархан аварга Д.Цэрэнтогтохыг орхиж, улсын начин цол хүртсэн билээ. Мөн самбо бөхийн дэлхийн аварга болсон амжилтаараа гавьяат тамирчин цол хүртсэн юм.

-Та одоо бэлтгэл хийж, хөлсөө гаргаж байна уу?

-Бэлтгэлийг байнга хийнэ шүү дээ. “Хилчин” спорт хорооныхоо бөхчүүдтэй жүдогийн бэлтгэл хийгээд л явж байна.

-“Хилчин”-д хэр олон бөх харьяалагдаж байна вэ? Улсын цолтой бөх хэр олон байгаа бол?

-“Хилчин”-ээр овоглосон бөх зөндөө байна аа. Аварга, арслан ч байна, залуу бөхчүүд ч байна.

-Та дасгалжуулагчийн албанд шилжээд хэр удаж байна вэ?

-Барилдахаа болиод л дасгалжуулагч болсон доо. Одоо залуу хүүхдүүдтэй ажиллаж байгаа. Ер нь үндэсний бөхөөсөө илүү жүдогийн тамирчидтай түлхүү ажилладаг юм. Манайд жүдогийн сайн тамирчид нэлээн байгаа шүү. Өнгөрсөн жилийн ДАШТ-ээс 30 гаруй жилийн дараа мөнгөн медаль авсан Д.Амартүвшин манай “Хилчин”-ий тамирчин. Эмэгтэйчүүдээс Д.Сумъяа гээд сайн тамирчид байна. Манай Өвөрхангайгаас ч гэсэн Д.Төмөрхүлэг, М.Бундмаа гээд жүдогоор сайн барилдаж байгаа тамирчид бий.

-Наадам хаяанд иржээ. Өвөрхангай, “Хилчин”-ий бөхчүүд наадмын бэлтгэлдээ анхаараад эхэлчихсэн үү?

-Ер нь бөхчүүд наадам дуусаад л дараагийн бэлтгэлдээ гарч байгаа шүү дээ. Харин наадмын өмнө бол барилдааны алдаагаа засч, сэргэлт авах гэж л галын бэлтгэлд гардаг юм. Одоо цагт наадмын өмнө ганц сар бэлтгэл хийгээд амжилт гаргахгүй шүү дээ.

-Таныг ид барилдаж байх үед наадмын бэлтгэл ийм л байв уу? Эсвэл сүүлийн үед өөрчлөгдөөд байна уу?

-Бидний үед бөхийн өөр төрлөөр заавал хичээллэдэг байлаа. Харин одоогийн бөхчүүд үндэсний бөхөөрөө дагнаж барилддаг болж. Тэр тал нь дутагдалтай санагддаг. Нөгөө талаас нь харвал үндэсний бөх сайхан хөгжиж байна. Одоо барилдаанд хэн түрүүлэхийг таах аргагүй болж.

-Их спортоор давхар хичээллэхгүй, бүгд үндэсний бөхөөрөө дагнаад байхаар бусдаасаа хол тасарсан бөх төрөхгүй байгаа юм болов уу?

-Тийм тал байгаа шүү. Одоо үндэсний бөх мэргэжлийн тал руугаа орчихлоо. Жингээ нэмээд, барьцны барилдаан их хийдэг болж. Жин ихтэй улсууд 15 минут тулж зогсож байгаад барьц сонгохыг хүлээдэг болсон. Тэр тал дээр шүүмжлэлтэй ханддаг юм.

-Та ид барилдаж, улсын цол авах үедээ хэдэн кг жинтэй байв?

-Би 88 кг байхдаа л улсын цол авсан хүн. Тухайн үедээ гайгүй д тооцогддог байлаа. Мөөеө аварга гэхэд ная гаруй кг байхдаа улсад түрүүлсэн гэдэг. Дээр үед 100 кг хүрсэн бөх бараг байхгүй, “Том” Ц.Санжаа зааныг “Хүн 105 кг хүрдэг сонин юм аа” гэж ярьж байсан гэсэн. Харин одоо амны бөх л 100 гаруй кг жинтэй байна.

-Улсын наадамд анх барилдсан түүхээ сонирхуулаач?

-1992 онд анх барилдсан юм аа. Улсын начин Л.Эрхбаярт ойчсон. Тэгээд хоёр жил завсарлаад 1995 оноос барилдаж эхэлсэн юм байна. Би үндэсний бөх гэхээсээ илүү самбо, жүдогоор л явдаг байлаа.

-Начин цол авсан 1998 оны наадмын талаар дурсана уу?

-Нутгийнхаа Д.Цэрэнтогтох аваргаар улсын начин болсон. Тэр жил “Их Монголын хүчтэн” дэвжээ анх байгуулагдаж, манай Өвөрхангайн бөхчүүд анх удаа гал болон гарч байлаа. Манай нутгийн аварга, арслангууд бүгд хамт гарч билээ. Дэвжээ байгуулагдсан анхны жил цол авсандаа бэлгэшээдэг юм. Тухайн үед би заавал цол авах юм шүү гэж айхтар боддоггүй байсан. Зүгээр бэлтгэлээ хийгээд л явдаг байв.

-Таны бөхийн багш хэн бэ?

-Өвөрхангайд байхдаа аймгийн арслан Ө.Насанжаргал багшийн удирдлагад бэлтгэлээ хийдэг байв. Хотод ирсний дараа Ш.Чанарав багш  М.Жамъяанпүрэв бид хэдийг самбын шигшээд авч байлаа. Харин 1994 онд “Хилчин” спорт хороонд орсноос хойш Д.Дашжамц багшийн удирдлагад явж байна даа. Дунд нь Д.Цэрэнтогтох аварга, Б.Ганбаатар арслан гээд олон сайн бөхчүүдээр бөхийн эрдэм заалгаж байлаа.

-Чанарав багш бөх тайлбарлах тал дээр үнэхээр мундаг байсан. Харин багш, дасгалжуулагчийн хувьд ямар байсан бол?

-Чанарав багш бүх юмыг жинхэнэ мэдэрдэг хүн байсан даа. Тэмцээний үеэр “За наадах чинь тэгэх гээд байна. Чи тийм юм хийчих” гэхээр яг л болно.

-Та ид үедээ ямар мэх голчлон хийдэг байв?

-Жүдогийн мэхнүүдээ л голчлон хийдэг байсан байх. Ер нь тухайн үеийн байдлаасаа л болж мэхээ хийнэ дээ.

-Хэдэн кг-д барилддаг байв? Гаргасан амжилтаасаа сонирхуулбал?

-Самбоор 78 кг-д барилдаж эхэлсэн. Жүдод бол 78 кг-аас эхлээд -100 хүртэл барилдсан. Жүдогоор бол УАШТ-д гурав, дөрөв түрүүлсэн. Ц.Очирбаттай л их барилддаг байв.

-Наадмаар цолоо батлах, ахиулах боломж хэр байсан бэ?

-Би начин болсноосоо хойш гурван удаа дөрөв давсан. Гэвч дахин шөвгөрч чадаагүй. Одоо нэгэнт чадаагүй юмыг тэгэх байсан гэж яриад яахав.

-Санаанаас гардаггүй сайхан барилдаанаа дурсвал?

-Би арван жилээ төгсөж хотод орж ирээд 19-тэйдөө самбын улсын аварга болчихсон юм. Тухайн үед 74 кг-д олон мундаг бөх байлаа. Би аваргын төлөө талийгаач Ч.Даваадорж ахтай барилдаж байв. Түрүүлнэ гэж бодоогүй байсан болохоор их баярлаж билээ. Тухайн үед хэцүү байдлаас л ялчихаад байсан.

-Самбо, жүдо барилдаан хоорондоо хэр ялгаатай вэ?

-Одоо жүдогийн дүрэм өөрчлөгдөөд, ялгаа ихтэй болсон байна лээ. Хонгодож, хөл авч болохгүй, өмсч болохгүй гээд ихэнх юмыг хорьчихоод байна.

-Шинэ дүрэм манай бөхчүүдэд хэрхэн нөлөөлөх бол?

-Манайхан дүрмийн өөрчлөлтийг дорхноо сурчихдаг юм. Эхлээд ганц нэг тэмцээнд жаахан эвгүй байх. Тэгээд яваандаа гайгүй болно. Ер нь монгол хүүхдүүд барилдах төрөлхийн авьяастай болохоор ямар ч байдалд дасан зохицож чадна. Гурав, дөрөвтэй жаахан хүүхдүүд хоорондоо хөөрхөн барилддаг биз дээ. Цусанд нь байдаг байх аа.

-Ярилцсанд баярлалаа.