m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.05.29 07:21
228
Богд уулын арын замын ажлын гүйцэтгэл 80 хувьтай байна

Нийслэлийн Авто замын газрын захиалгаар нийслэл хотод хэрэгжүүлж байгаа Богд уулын арын 17.6 км, Дүнжингаравын 6 км, Бээжингийн гудамжны зам, гүүр зэрэг томоохон ажлуудтай бид газар дээр нь очиж, танилцууллаа.

Нийслэлийн Авто замын газрын ажилтан Б.Жаргалдүүрэн

Богд уулын арын зам болох 17.6 км авто замыг шинээр барих ажил он дамжин хэрэгжиж байгаа юм. Энэ зам барилгын ажлыг "ЭСТО" ХХК  гүйцэтгэж байна. Зайсан толгойн зүүн талаас Их тэнгэрийн амны зүүн тал хүртэлх 2.2 км авто замыг энэ сарын 30-ны өдрөөс эхлэн ирэх  сарын арав хүртэл арав хоногийн турш хааж, хуучин асфальтбетон хучилтыг дахин боловсруулах болоод  тус замын суурь асфальтбетон хучилтыг дэвсэх ажлуудыг гүйцэтгэж байна.  Энэ зам нь найман метрийн өргөнтэй болох бөгөөд зорчих хэсэг зам нь долоон метр байхаар хийгдэж байгаа юм байна. Түүнчлэн стандартын дагуу гуравдугаар ангиллаар тавигдаж байна. Замын ажил одоогийн байдлаар 80 хувьтайгаар хийгдэж байна. Зам хаасан байгаа учир бид ажлын шахуу цагийн хуваарьтай ажиллаж байна. Энэ зам 24,7 сая төгрөгийн өртөгтэйгээр хийгдэж байгаа.

Салбарын мэргэжилтэн М.Ганбаатар

Дүнжингарав худалдааны төвийн урд талаас Улиастайн гүүр хүртэлх зургаан км замыг “Хан Суун” ХХК гүйцэтгэж байна.  Энэ зам Нарны замд ачаалал өгөхгүй, хэвтээ тэнхлэгийн зам юм. Гэрээг бид анх өнгөрсөн оны зургаан сард хийгдсэн бөгөөд энэ оны аравдугаар сарын 30 нд дуусгахаар төлөвлөгөө гарган ажиллаж байна. Түүнчлэн замын зорчих хэсэг нь 14 метр бөгөөд унадаг дугуйн тусгай замтайгаар хийгдэнэ. Мөн дөрвөн эгнээ замтайгаар хийж байна. Одоогийн байдлаар замын ажил 30 хувьтай явж байна. Үнэ өртгийн хувьд арав гаруй сая төгрөгөөр хийгдэх төлөвлөгөөтэй байна. Энэ зам ашиглалтад орсоноор Энхтайваны өргөн чөлөө болон зүүн, баруун замын ачаалал эрс буурах болно. Замын төсөл дээр 90 гаруй ажилтан ажиллаж байна.

Бээжингийн гудамжны замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын хүрээнд Орчлон сургуулийн урд зам буюу залуу жанжин Ж.Лхагвасүрэнгийн хөшөөний орчмын 200 метр замын зорчих хэсгийн хоёрдугаар эгнээнүүдийг энэ сарын 23-ны 23:00 цагаас эхлэн нэг сарын хугацаатай хааж, шинээр баригдаж буй гүүрийн далангийн тулц ханын ажлыг гүйцэтгэж байна. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нэгдүгээр эгнээгээр хэвийн зорчуулж байгаа юм байна.

Энэхүү замыг БНХУ-ын буцалтгүй тусламжаар 60 сая юань буюу 18 тэрбум төгрөг бүхий өртөгтэй хийгдэж байгаа гэнэ. Замын урт нь 0,9 км, өргөн нь 21 метр бөгөөд зургаан эгнээ, нуман хэлбэртэйгээр хийгдэх аж. Одоогийн байдлаар замын ажил таван хувьтай явж байна. Тус замтай зэрэгцээ Арслантай гүүрнээс Бээжингийн гүүр хүртлэх замыг ажил мөн адил хийгдэж байлаа. Энд шинчлэлийн ажил хийгдэж байлаа. Эдгээр зам ашиглалтад орсоноор замын ачаалал 50 хувь буурна хэмээн албаны хүмүүс хэлж байв.