
Сайн байна уу, ааваа
Атаархаад болдоггүй ээ охин нь. Нар сар эрхлэлдэн хөөцөлдсөөр хэдхэн хоноход Монгол цэргийн баяр болно. Эр цэргүүд, эрэлхэг дайчид, аав нар, ах нар баярлана гээд бодохоор сүрлэг, нөмөртэй санагддаг юм. “Танай аав 1000 цэрэг жагсааж явсан гэсэн тэ” гэж 6 жилийн өмнө үеийн минь хөвгүүн хачирхан асууж билээ. Сонгины цэргийн ангид босоо явсан овгор \ахлах түрүүч\, 1000 мянган цэрэг жагсааж, бас чичрээж явсан залуу нас, ааг омгийн тань тухай домог шиг яриаг би сонссоор өссөн. “Дорнодын голио ногоон” гэвэл үеийн залуу чичирдэг байсныг, хүч сулхан нэгнийг харинчиг өмөөрч хамгаалдаг байсан талаар үнэн худлыг мэдэхгүй ч олонтоо сонссон болохоор цэргийн баяр болноо гэхээр догдлоод болдоггүй юм. Тиймдээ ч таны хувьд мөнхөд долоон настай байх эрх шар охин чинь захиа бичиж байна. 
Гэрийн багана шиг хос заяа сондгойрч, хайраас тань сүнсэлсэн үрс өнчирч хоцорсон 14 жилийн тухай би ярьмааргүй байна аа ааваа. Тэгэхэд би долоон настай байсан. “Намрын өнгө”-д дуртай та минь хавраар явсан. Өвөлжин баясгасан цас ярьшиг болтлоо хайлсан хаврын тэр өдрөөс эхлээд цаг цагаар алсарсаар байгаа таны дүр, аль хэдийн мартчихсан дуу хоолой, киноны хэдэн кадр шиг цөөн дурсамжууд бодолд өндөлзөөд... яасан дориун, яасан ч түрэмгий юм бэ дээ. 
Планеть 5-ийн банкин дээр сууж салхи татуулан давхих миний үзсэн хамгийн сайхан зүйл бололтой. Дүүтэй болчихоод “Яах гэж дүү гаргасан юм. Би тэгээд одооноос хаана сууж явах юм” гээд хошуугаа цорвойлгон, хамгийн тухтай суудал болох өнөөх планетийнхаа банкийг өмчирхөн хөчүүрхэж явсан охин тань одоо том болсоон ааваа. Нээрээ шүү. Би арван жилийн сургуулиа алтан медальтай төгсөж, одоо МУБИС-ийн сэтгүүлзүйн ангид суралцаж байна. Та намайг өвөр дээрээ суулгаад \би ер нь дандаа л өвөр дээр суудаг байж шүү\ МҮОНР-оор тослог, намбалаг хоолойтой эгчийг ярихыг сонсонгоо “миний охин мундаг сэтгүүлч болно оо” гээд духыг минь үнэрлэдэг байсан даа. Таны хүсэл хувь заяанд минь нөлөөлсөн үү, би нийгмийн ухааны шалгалтын материалаа хүүхэдтэй сэлгээд, бөөн уйлаан болсоны эцэст залруулж чадалгүй, сэтгүүлчийн ангид элссэн. Үлгэр нэг сонсоод цээжилдэг, сурсан үлгэрээ арав, хорин янз болгон хувирган ярьж, малчны хотны инээдэнд умбуулдаг байсан охин тань одоо өдөр тутмын сонины даруухан редакцид, толгойгоо гашилтал юм бодож, бичиж, зав чөлөөгүй гүйж, ажлаа тараад дулаахан гэрлүүгээ, ханьруугаа, үрлүүгээ яарах даруухан мөрөөдөлтэй болсон. 
Хань гэснээс охин чинь хүнд дурласан. \ичмээр юм бэ\ Тэр минь яг тань шиг. Хүдэр чийрэг бие, өргөн цээж, бадриун том гар, эр баргил хоолой гээд өөлөх юмгүй сайхан залуу. Тэр хүн миний мөрөөдөлд, муухай аашинд, хэлбэргүй хумстай бүдүүн хуруунуудад минь хүртэл хайртай. Түүнд анх тэврүүлэхдээ олон жил хайсан эрдэнээ олсон мэт баярлаж билээ. Яг л таниас минь үнэртдэг үнэр... Харин охин чинь хурим хийхийг хүсдэггүй. Эвлэж уулзсан таван хана эр дуугаар дутаж, эрхэлж өссөн охины тань гэр аавын зайгаар эзгүйрнэ ээ гэж бодохоор нулимс асгараад болдоггүй юм. Хадам минь хэнд хадаг барин гуйж, хань минь хэнээс захиас сонсох юм гэж бодохдоо хурим хийхгүй гээд тас гүрийчихдэг. 
Цэдэнхай гэж орж гарах хүний хөлд дарагдаж, ээжийн гарын хоолыг хүлээнгээ тантай шатар нүүж, морь ярьж, миний хэлж чадахгүй шоолуулдаг социал демократ намын тухай хөөрөлдөж явсан хүмүүсийг би бүгдийг нь санадаг. Манайд “Би жинхэнэ монгол, Билэг танхай хөдөөний хүн”-ээ дуулаад ирэх архичин байхад, ажил яриад ирэх дарга ч олон байж. Хоол гуйгаад ирэх нь ч мундаагүй. Хов зөөгөөд явах нь ч дутаагүй. Алинд нь ч та барьц алдалгүй, дөлгөөхөн инээж, намуухан ярьсаар угтдагсан. Хэдхэн үгс холбохын төдийд анисга чийгтээд ирэх нь та одоо ч гэсэн “амьд” байгаагийн шинж шүү дээ. Туулах амьдралаа нар гэвэл үд хэвийх 42 насанд тань заяасан ууган охины тань зүрх сэтгэл, оюун ухаанд орших дурсамж дурдатгалаа би дүү нартаа, хүүхдүүддээ ярьж, бичиж өгнө. Тэд минь таны ач зээ нар, ач зээ нар тань гуч дөчид... гээд л хөврөөд л, яриад л, дурсаад л байна. Та энд амьдарсаар л байх болно. 
Гандсан хөх даалимбан тэрлэгтэй, жолооч малгайтай, морьны нуруун дээр хэтэрхий том инээдтэй харагддаг аав минь. Ээжийн исгэсэн брашкийг нууцаар уугаад, хацар нь улайчихсан “ханиа” гээд л гэрийнхээ хоймор дүүргэж, зальжин инээмсэглэж суудагсан. Хоёулаа чингэлэгэнд хадгалсан помидорноос улааныг нь хулгайлж идэж байгаад газар дээрээ баригдсан даа. Би одоо ч хаяахан ээжийн нуусан чихэр, хадгалсан амттаныг нууцаар иддэг хэвээрээ. Гэхдээ хүний юмыг зөвшөөрөлгүй авч болохгүй гэж захьдаг та хоёрынхоо сургаалиар гэрээсээ өөр газарт ингэж дүрсгүйтдэггүй ээ. 
Хүн дурсамжаар амьдардаг байх. Дурсамжиндаа хоргодож, ухарч, хүлэгдэхийг хэлээгүй шүү, тэжээгдэж тэмүүлж урагшилдаг байх. Тээр жилийн намраар та бид хоёр хөвчөөр тэнээд харьж явтал бороо орж билээ. Та хувцасыг минь тайлж, өөрийнхөө хувцастай хамт эрэг доор нуугаад, голруу орж билээ. Хүйтэн борооноор голын усанд даарнаа нэг байхгүй. Аадрын хар үүл асгарах борооноор анх удаа тэгтлээ хүхиж билээ. Улз минь намайг урсгалдаа тээж, таны энгэрт үлдээгээд цааш урсаж байсан. Түүнээс хойш Улз минь тийм их устай байхыг хараагүй. Бороо зогсонгуут эрэг доороос хуурай хувцасаа авч өмсөөд гараас тань хөтлөн, аажуухан ч гэсэн том том алхааг тань гүйцэх гэж хажууд шогшин, нутаг усныхаа тухай, анчин баавай нарын тухай, өмнө орой МҮОНР-аар явсан үлгэрийн тухай завдал өгөхгүй асууж явсан. Би одоо ч ууланд алхах дуртай. Ууланд буудалласан танихгүй хүмүүст хоол цай бэлдээд очдог байсан шигээ одоо ч хүмүүст туслах дуртай. 
Гэхдээ 20 насанд дурсамж бичих муухай тиймээ ааваа. 
Тандаа ярих зүйл дэндүү олон юм. Мянган төгрөг олсон ч гэртээ л юм авна гэдэг гэр амь, харамгүй сэтгэл минь одоо хэвээрээ ч би таниас нэг л зүйл харамлана. Ижийг минь битгий аваарай. Ганцаардаж болно...Ганган залуу насаа хамтдаа өнгөрүүлсэн ханиа санаж болно. Үс нь буууралтаж, хөл нь дугуйраад танд бүүр хайрламаар харагдаж болно. Үнсмээр байж ч болно. Өөдөсхөн хэдэн үрийнхээ тухай ярьж суухыг хүсэж болно. Байгаа газраа үзүүлмээр санагдаж.... ер нь яаж ч болно. Ижийг минь битгий аваарай ааваа. 
Таныг ЗИЛ 130 машины тэвшин дээр гоёмсог хайрцаганд амгаланаар хэвтүүлээд явсан тэр өглөө ижий минь цурхиртлаа уйлж билээ. Түүнээс хойш уйлж суухыг нь нэг ч хараагүй. Торойтол ширтэх гурван нялх үрээ өлсгөхгүй, өвтгөхгүй, хүнээс дутаахгүй гэж ганган хуруугаа моонойтол зүтгэж, тольгор арьсаа үрчлээ суутал шаналсан. Өөрөө өмсөөгүй хувцасаа үрдээ өмсгөж, өөрөө идэж үзээгүй хоолоо хүүхдээ л ид гэж өгнө. Өөрөө даарсан ч хүүхдийнхээ хувцасыг зузаална, өөрөө цангасан ч сүүлчийн дусал усыг үрдээ өгч чадна. Айдсаа нууц биднийгээ аргадаад, нулимсаа залгиж, хайрлаж өсгөсөн атлаа “БИ ЯАХАВ ЭЭ... МИНИЙ ХҮҮ Л” гээд дуусаж барагдашгүй өглөгч сэтгэл, дундаршгүй хайраа биднийхээ төлөө зориулсан ижийтэйгээ л удаан хамт байж, өөрөөсөө ургуулсан их хайрынх нь хэлтэрхийг ч болов хариулахсан гэж хүсэж байна таны эрх шар охин.
Гарын тань шүүс амталж, зүрхэнд нь айдас хурж явсан аавын хөвгүүдийн өмнөөс, сайн ганц өмөөрүүлж магнайгаа тэнийтэл баярлаж явсан хүч доройхон танихгүй залуугийн өмнөөс, шартаж явахад нь зуун граммаар “аминд нь орсныг” согтох болгондоо ярьдаг архичины өмнөөс, өлсөж явахад нь хоол өгсөнд талархаж охинд чинь дандаа чихэр өгдөг тэр хүний өмнөөс, “өө голио Цэдэний басган уу” гэж элгэмсэж үнсдэг хүн бүхний өмнөөс..., хайртай гэргий, голомт залгах ганц хүү, ижил хоёр охиноос нь тандаа эр цэргийн баярын мэнд хүргэе. Нөхөгддөггүй орон зай, мартагддаггүй хайр гэж бий. 
2017.03.16 
Ц.Анужин
