m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2018.03.21 04:57
401
“ДҮНЖИНГАРАВ” УРАЛДААН СҮҮЛИЙН 3 ЖИЛ ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ЗӨРЧИЖ БАЙНА

      Хурдан морины хаврын “Дүнжингарав” уралдаан 2008 оноос хойш хаврын тэргүүн сард Засгийн газрын шийдвэрээр уламжлал болгон зохион байгуулж ирсэн ч Монгол Улсын хөдөлмөрийн сайдын 2016 оны 2-р сарын 8-ны өдрийн тушаалаар жил бүрийн 11-р сарын 1-ээс 5-р сарын 1 хүртлэх хугацаанд уралдаан, сунгаа, үсэргээнд насанд хүрээгүй хүүхдээр хурдан морь унуулахыг хориглосон.

       Гэвч тус тушаалыг үл биелүүлэн “Дүнжингарав” хурдан морины уралдаан сүүлийн 3 жил дараалан зохион байгуулагдаж байгаа нь унаач хүүхдийн эрхийг зөрчсөн үйлдэл гэдгийг хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-ууд эсэргүүцэж байна.

2018 оны Дүнжингарав хурдан морины уралдааны үеэр 16 хүүхэд мориноос унаж 3 хүүхэд хүнд хэлбэрийн гэмтэл авсан байна. Мөн 2 хүүхэд үзэгдэх орчны хязгаарлагдмал байдал, уралдааны зохион байгуулалт муу байснаас машин мөргөж ухаан алдсан, 1 хүүхдийн шилбэний яс хугарсан зэргээр 20 гаруй унаач хүүхэд бэртэж гэмтжээ. 

2017 оны байдлаар Дүнжингарав хурдан морины уралдаанаар нийтдээ 50 гаруй унаач хүүхэд мориноос унаж, 16 хүүхэд хүндээр бэртэн, НЭГ хүүхэд амь насаа алдсан байдаг.  

Монгол Улсын засгийн газар 2018 онд хурдан морины хаврын бүсийн уралдааны товыг тогтоогоогүй боловч, хориглоогүй төдийгүй 12-оос дээш насны гэдэг нэрийн дор унаач хүүхдүүдийг эрүүл мэндээрээ хохирох нөхцлийг бүрдүүлж байгаад шүүмжлэлтэй хандаж байна.