

Хүүхдийн хүчирхийллийн эсрэг "Дахин тэвчихгүй" тайван жагсаалын талаар өчигдөр зохион байгуулагчдын зүгээс мэдээлэл хийлээ.
Тэд хэлэхдээ "Хүүхдийн хүчирхийллийн эсрэг тайван жагсаал 03 дугаар сарын 31-ний өдөр болно. Жагсаалыг дэмжиж группэд 415 мянган гишүүн элсээд байна. Бид хүүхэд хүчирхийлсэн этгээдэд торгууль биш ял оноож, энэ төрлийн гэмт хэргийг өршөөлийн хуульд хамруулахгүй байхыг хүсэж байгаа. Хүүхдэдээ тавих хараа хяналтыг эцэг эхчүүд хүүхдэдээ тавих халамж гэж ойлгоод байна. Хүүхэд хүчирхийлсэн хүмүүсийн дийлэнх нь ээж аавыг нь таньдаг хүмүүс байдаг юм байна.
Энэ жагсаал ямар ч улстөрийн өнгө аястай байх ёсгүй
Ээж аав гэдэг үүднээс иргэд энэхүү жагсаалд оролцоосой. Хүүхдийн хүчирхийллийн эсрэг жагсаалыг зарим аймаг мөн зохион байгуулна гэсэн. Эрүүгийн хуулиар хүүхдийн хүчирхийлэл үйлдсэн хүнд оногдуулах ялын бодлогыг чангатгах, гэмт этгээдийн ял завших боломжийг хязгаарлах эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, зочид буудлын тоог хязгаарлаж, зөвшөөрөлтэй зочид буудлуудад тавих хяналт, дүрэм журмуудыг сайжруулах зэрэг шаардлагыг Төрийн гурван өндөрлөгт бид хүргүүлнэ. Шаардлагын хариуг 7 хоногийн дотор авах хүсэлтээ мөн илэрхийлнэ" гэж мэдээллээ.
