
Монгол улсын хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Дагвын Лувсаншарав 87 насандаа таалал төгч, Монголын ард түмэнд хүнд гарз тохиолоо. Монголын ард түмний хайртай, эрхэм дээд хүнээ бид өнөөдөр сүүлчийн замд нь үдэж байна.

"Манай эхнэрийг мэдэх билүү" хэмээсээр угтаж билээ. Тэр нэгэн жил ярилцлага хийхээр очиход төгөлдөр хуурынхаа өмнө суучихсан сэтгэлд нэг л дотно аялгуу тоглож суунгаа ингэж асууж билээ. Бурхны оронд үүрд одсон ханийгаа дурсан дурсан суугаа Д.Лувсаншарав гуайн сэтгэлд ямар гээчийн олон бодол хөвөрч, юун тухай дурсан төгөлдөр хуурынхаа товчлуураа даран суугаа нь харцнаас нь илт. Биднйи сайн мэдэх "Нандин эрдэнэ" киноны гол дүр Дулмаагийн ээжид тоглосон сайхан буурай С.Долгорсүрэн гуай түүний гэргий байсан юм. Урлагийн их замд олон жил тууштай явж, олны талархал хүлээсэн олон сайхан бүтээл туурвихад нь хамгийн гол нөлөө үзүүлсэн хүн нь ханийгаа хэмээн ярьж суусан буурай маань өнөөдөр бурхны оронд одлоо. Урлагт сэтгэл зүрх нь татагдаж, байн байн клуб руу гүйдэлтэй болсон хүү гал тогооны ажилд нь тусалж, байснаа хөшиг нээгч, хаагч болон "тушаал" дэвшин улмаар урлагийн их далайд өөрийн гэсэн хөлөг онгоцтой болж чадсан түүхтэй. Д.Лувсаншарав гуайд найз нөхөд олон. Түүнтэй халуун дулаан сэтгэлийн үгээ хуваалцдаггүй, итгэж чин сэтгэлээ нээдэггүй хүн гэж бараг үгүй гэдгийг олон хүн хэлдэг юм. Тэрбээр нэрт уран бүтээлчээс гадна урлагийнхны эрхэм хүгндтэй зөвлөгч, монголчуудын үлгэр дууриал болох сайхан аав, өвөө байсан юм. Аав нь эх барьсан тэр өдөр 1927 оны зургадугаар сарын 1 байсан гэдэг. Хүүхдийн баярын өдөр төрсөн нь өдгөө зуун зуун дамжин монголчууудын сэтгэлд үлдсэн "Маамаа нааш ир"дуу төрсөнтэй холбоотой мэт. Сонин шүү. Олон жилийн настай уран бүтээл гэж байдаг ч зуун дамжсан тэгээд ард түсэн нь бүгд мэддэг бүтээл Монголд байтугай дэлхийд ховор.

Таныхаа өмнө мэхийж гүн хүндэтгэл илэрхийлье. Зуун зуунд дурсагдах их ноён оргил Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Д.Лувсаншарав та амар амгалангийн оронд үүрд тайван нойрсдоо.Ум сайн амгалан болтугай.
"Масс" агентлагийн хамт олон
